ёо. Миний зүүн гар, хөл хөдлөхгүй байна. Туслаач, эмч ээ” гэж тасгийн
хонгилд дээр үеийн хөвөн хөнжлөөр хучуулж, хоёр, гурван давхар гудас
дэвсэн хэвтсэн нэгэн өвчтөн орилж байв. Хажуугаар өнгөрч явсан эмчээс юу
болсоныг лавлаж асуутал “Өө эмэгтэй гудамжинд осгоод ухаангүй ирсэн.
Бүх өрөө дүүрчихсэн болохоор арга ядаад энд хэвтүүлж байна” гэлээ.
Гэмтэл
согог, судлалын үндэсний төвийн нэг давхарт Түлэнхийн тасаг хуучин
байрнаасаа нүүн очжээ. Энд өмнө нь тархи, нуруу, нугасны тасаг байв.
Хонгилоор нь цааш явтал мөн л өрөө хүрэлцээгүй бололтой хоёр өвчтөн
төмөр орон дээр хэвтэх аж. Энэ хүмүүсийн ихэнх нь осгож ирсэн гэнэ.
Харамсалтай нь бүх өрөөг 1-3 насны хүүхдүүд сахиурын хамт дүүргэжээ. Бас
баруун хойд хэсгийн нэг том өрөөг настнууд бүчсэн байх аж. Өвчтөнүүдийн
өрөөгөөр ороход бүгчим дээр нь эвгүй үнэр зарим өрөөнөөс ханхалж байв.
Олны нэрлэж заншсанаар Шинэ гэмтэл гэх уг эмнэлгийн Түлэнхийн тасгаар
сурвалжилж явах үед ийм л дүр зураг харагдсан юм.
"Эл түлэнхийн
тасагт л гэхэд нэг эмч 2-5 хүнийг нэг өдөрт үзэх байтал нэг их эмчид
доод тал нь 20 өвчтөн ноогдож байна. Дашрамд дурьдахад ОХУ-д ийм төрлийн
осолд өртсөн өвчтөнүүдэд 15 ээлжийн цагаан хэрэглэл байдаг гэнэ"
Өвчин
хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Тэр тусмаа түлэнхий, осголт, гэнэтийн
осол эндэл баян, ядуу, хөгшин, залуу хэнийг ч үл өршөөнө. Хэзээ ч, хэнд
ч тохиолдож болох аюул. Нэрт яруу найрагч Р.Чойном гуай “Баян явахын
цагт хүн байтугай нохой хүртэл инээнэ. Харин ноорхой явахын цагт нохой
байтугай хүн хүртэл урна” гэж хэлсэн байдаг. Үнэндээ өнөөдөр Монголын
эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлгийн орчин, нөхцөл түлэгдсэн хүний
арьснаас ч долоон дор болохдоо хүрээд байна. Даанч сэтгэл эмзэглүүштэй
нь үүнийг анхааралдаа олигтой авах түшээд ч үгүй нь харамсалтай.
Түшээдээс гадна Эрүүл мэндийн сайд, яамны удирдлагууд нь хүртэл
ойшоохгүй байгааг эмгэнэл гэлтэй.
ӨРӨВДӨЖ БАЙНА
Түлэнхийн
төв эмнэлэг хэмээх дайнд бөмбөгдүүлсэн юм шиг байдалтай хуучин гэмтлийн
байранд эл тасаг байхдаа нэг дор 160 өвчтөн хүлээн авах чадвартай байв.
Харин энд ирснээр орны тоо нь хоёр дахин багасч 80 болжээ. Гэтэл
эдгэрсэн өвчтөнүүдээ сольж, боолт хийдэг хамгийн бага өвчтөнтэй үе гэх
өдрийн 14:00 цагийн үед очиход тус газар 90 гаруй үйлчлүүлэгтэй байлаа.
Тэдний дийлэнх нь бага насны хүүхдүүд.
Харин эмчлүүлж байгаа
орчин нь ямар байна вэ. Дунд сургуулийн анги шиг бас хананых нь дээд
хэсгээр энд тэнд мөөгөнцөртсөн том өрөөн дотор эгнүүлэн тавьсан модон
орон дээр хөл, гар, нүүрээ марлиар битүүлэн боолгосон хүүхдүүд байв.
Харин зовиургүй байгаа нэг нь ээжийнхээ өмнөөс инээмсэглэн суух аж.
Нөгөөтэйгүүр нэг хэцүү нь ямар ч агааржуулагчгүй, цонх онгойлгохоор
хүйтэн салхи орж ирээд тэр хэдийг дахиад өвчинд нэрвэгдүүлчих гээд
байгааг сахиж буй ээж нар нь хэлж байв.
Энэ үеэр нэг ойтой
хүүхдийнх нь хөл түлэгдэж ирсэн М.Мөнхчимэгээс эмчилгээ, орчны талаар
асуухад “Эмчилгээ нь их сайн юм. Даанч бүгчим болохоор хүүхэд
амьсгалахад их хэцүү байна. Манай хүүхэд ус буцалгагч татаж унагаад
хөлөө түлчихсэн. Энд ирээд хоёр хонож байна. Арьс нь төлжөөд гайгүй
болчихлоо. Уг нь орчин нөхцөлөөс биш эмч нарын ур чадварт яриад байх юм
алга. Тэд нэлээд завгүй байдаг юм шиг байна лээ” гэв. Бусад өвчин,
шархыг бодвол түлэгдэлт, осголтоос хамгийн их идээ, бээр гарах нь
ойлгомжтой. Тэр хэмжээгээр эмнэлгийн ажилтнууд цагаан хэрэглэлийг нь
өдөрт хэд хэд солино, угааж, цэвэрлэнэ. Ер нь жирийн хүний сэжиглээд
ойртохооргүй ажлыг хийдэг нь бишрэм санагдах аж. Гэвч тэднийг хөөрхий
гэх хүн байдаггүй нь гомдоор юм. Эмнэлгийн эмч, сувилагчдын албан ёсны
нормоосоо хэд дахин олон хүнд үйлчилж байгаа цагаан халаадтаныг
муулахаас биш магтах, урам хайрладаг нь тун ховор. Эл түлэнхийн тасагт л
гэхэд нэг эмч 2-5 хүнийг нэг өдөрт үзэх байтал нэг их эмчид доод тал нь
20 өвчтөн ноогдож байна. Дашрамд дурьдахад ОХУ-д ийм төрлийн осолд
өртсөн өвчтөнүүдэд 15 ээлжийн цагаан хэрэглэл байдаг гэнэ. Тэгтэл манай
улсад энэ талаар ямар ч өвчтөн хэдэн хоног эмчлүүлэхэд, бүр хоногт хэдэн
хөнжил, даавуу солихыг нь хүртэл гаргасан тодорхой тоо ч үгүй.
ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Л.Тулгатай цөөн хором ярилцлаа.
-Түлэнхий гэвэл хүн бүр мэднэ. Харин түлэнхийн эмчилгээ болоод ажиллаж байгаа эмч, сувилагчид ямар онцлогтой юм бэ?
-Өнөөдөр
манай эмнэлэгт ачаалал дааж ажиллах хүн гэж бараг алга байна. Үнэхээр
их ажилладаг. Өглөө, өдөр, орой гээд байнга түлэгдэж, осгосон, арьсны
зарим онц аюултай өвчтэй хүмүүс ирдэг. Тэдэнд арьс, судас, яс гэх мэтийг
шилжүүлэн суулгах мэс заслыг өндөр түвшинд хийдэг цорын ганц тасаг бол
манайх. Бид нарын ажлын зовлонг дотор нь орж байж мэдэрнэ гэхээс биш,
дээр зургаадугаар давхрын эмч хүртэл сайн мэдэхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр
өвчтөн гоё, сайхан орчинд эмчлүүлж байж хурдан эдгэрнэ. Бид өмнөх
байрны тэр хэцүү орчинд ч гэсэн хүмүүсээ эмчилж л байсан. Тэгэхээр бид
нарт өнөөх шинэ эмнэлэг бариад өгчихвөл ядаж орчин, нөхцөл, түлэгдэлтээ
хүртэл төрлөөр нь ангилах хэрэгтэй байна. Гэвч манай хамт олон аль болох
бүтэх талаас нь ажиллаж ирсэн.
-Ер нь хүүхдийн түлэгдэлтийн тасаг гэж тусгай байдаггүй юм уу. Энд бүх насныхан байна шүү дээ?
-Тийм
ээ. Түлэгдэж, хөлдсөн болгон нь нэг дор эмчлүүлж байгаа. Уг нь шинэ
эмнэлэг баривал хүүхдийн түлэнхийн тасгийг заавал тусад нь гаргах
хэрэгтэй гэж боддог. Миний хувьд энэ эмнэлэгт 40-өөд жил ажиллалаа. Энэ
хугацаанд хүүхдийг зөвхөн түлэгдсэн гэлтгүй бусад өвчнийг нь хүртэл
эмчилж ирсэн. Энэ төрлийн осол, эндэгдлийн аль хүндийг нь манай тасагт
шилжүүлдэг. Тэглээ гээд бид бусад эмнэлгийн ажилчид шиг л цалин хөлс
аваад явж байна. Цаашдаа төр засгаас гэнэтийн аюул ослын энэ эмнэлгээ
анхааралдаа авч хөгжүүлэх талаас юм хийвэл дээр байх гэж энэ салбарт 40
жил ажилласан хүний хувьд бодож явдаг.
-Түлэгдэлттэй хүмүүс ойролцоогоор хэр хурдан эдгэрдэг вэ?
-Бага
зэргийн шархтай нь 14 хоногийн дотор эмнэлгээс гарах боломжтой. Хүний
арьс энэ хугацаанд нөхөн төлжинө. Гэхдээ бүр хүнд шархтай нь 70-85 хонож
эмчлүүлэх тохиолдол бий.
-Тэгэхээр олон хоног эмчлүүлсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг эрүүл мэнд-ийн даатгалаар нь төлдөг үү?
-Уг
нь улсаас өгдөг мөнгө нь 50 мянга байсан. Одоо нэмэгдсэн байна билээ.
Гэхдээ гүн түлэгдэлттэй гээд хүнд өвчтэй хүмүүс 70 хоног эмчлүүлэхэд
эмчилгээний зардал нь 1.5 сая төгрөг болдог. Гэтэл 100-хан мянган төгрөг
даатгалаас нь орж ирэх жишээтэй.
-Танай Түлэнхий эмнэлэгийн шинэ барилгыг хэзээ барьж өгнө гэж байна. Мөнгө нь шийдэгдсэн юм уу?
-Манай
дарга нар хөөцөлдөөд л байгаа. Ямартай ч бидний зүгээс хийж өгөх
материалаа бүгдийг нь бүрдүүлчихсэн. Одоохондоо сураггүй л байна. Эцсийн
дүндээ хэн нэгний улс төр, намчирхаж талцах нь хэрэггүй. Хамгийн гол нь
уг эмнэлгийн цаана ард түмэн, тэдний эрүүл мэнд байгаа гэдгийг
улстөрчид ой тойндоо эргээд нэг саначихаасай гэж энэ дашрамд хэлмээр
байна.
Тэрбээр ийн ярив. Ямартай ч Түлэнхийн тасгийн эмгэнэл үргэлжилсээр байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин