Л.Пүрэвдорж их хэмжээний 20 мянгатын дэвсгэрт хэвлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдорж их хэмжээний 20 мянгатын дэвсгэрт хэвлүүлжээ

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж саяхан 20 мянгатын дэвсгэрийг их хэмжээгээр шинээр хэвлүүлсэн байна. Шинэ дэвсгэрт хэвлүүлсний төлөө цаад гэрээт байгууллагаас нь чамлахааргүй хэмжээний мөнгөн урамшуулал өгдөг гэсэн. Түүнд нь болсон юм биш байгаа. Монголбанкны экс дэд ерөнхийлөгч Б.Энххуяг энэ талаар гаршсан, амташсан нэгэн байсан гэж салбарынхан нь ярьдаг юм билээ. Энэ асуудлыг холбогдох байгууллага, АТГ шалгаж үзэх болов уу. Монголбанк шинээр 20 мянгатын дэвсгэрт хэвлүүлэх зайлшгүй шалтгаан байсан эсэх, нөөц нь ямар байгааг үзэхэд гэмгүй.

Дашрамд дурдахад Л.Пүрэвдоржийн ажил тааруу байгаагаас огцруулах шаардлагатай гэсэн байр суурьтай улстөрч хоёр том намын аль алинд нь бий болоод байна. Түүнээс урьтаж хувийн ашиг сонирхол өвөрлөн "идэвх санаачлага" гаргаж ийм ажил хийсэн бол улсад хохиролтой. Хийгээгүй бол ч яахав. Хэдийгээр Засгийн газрын халамжийн халуурал, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмсэн, иргэдэд бэлэн мөнгө тараасан нь нөлөөсөн ч хамгийн гол нь Л.Пүрэвдоржийн мөнгөний бодлогын хүүг бууруулж шоудсаны харгайгаар инфляцийн дарамт нүүрлээд байгаа гэдэгтэй маргах аргагүй.

Л.Пүрэвдорж анх томилогдсон цагаасаа л нэр хүнд олох гарцуудыг хайж байснаас биш цоо шинэ ажил хийж, эдийн засагт шинэчлэл хийх зоригтой алхам хийсэнгүй. Анхнаасаа банкир дутсан юм шиг заавал түүнийг Монголбанкинд "шахсан" нь МАХН-ынхны алдаа байсан. Эдийн засгийн зоригтой өөрчлөлт, шударга ёсыг авчрахаар ажиллаж байсан өмнөх ерөнхийлөгчөө улс төрийн шалтгаанаар хавчсаар зайлуулсан нь ч "Мордохын хазгай" гэгч болж мэргэжлийн, бодлогын хүн Монголбанкинд чухал биш байх нь гэсэн сөрөг ойлголтыг нийгэмд төрүүлсэн билээ.

Улс төрийн томилолт өвөртлөхөөр тас хар үстэй залуу төрийн ордны шатыг элэгдтэл гүйж харайж байсан ч ердөө маргааш нь цал буурал өвгөний дүрд хувилсан. "Хорчин, хорчин, бас дахин хорчин" хочтой түүнээс одоо "сүү ч, ус ч" гарахгүй болохоор ажлын амжилт мянгантаа хүсээд нэмэргүй биз. Одоо энэ алдааг засъя гэвч нэгэнт оройтсон. Учир нь банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг хийлцсэн Монголбанкны удирдлагыг одоо сольчихвол Засгийн газраар батлуулсны дараа хэрэгжүүлэхэд бүр ч хэцүү болно. Түүнчлэн дампуурсан, нийлсэн банкуудын ажил цэгцрээгүй байхад огт хөдөлгөж болохгүй. Учир нь эзэнгүй хэргүүдийн тоо нэмэгдэж, бурууг хуучин хүмүүс рүү бухаж хариуцлагаас бултдаг бохир аргыг ашиглагчид цөөнгүй шүү дээ. Тэгээд ч түүнийг солилоо гээд нэгэнт эрчээ авсан инфляци буурах биш.

УИХ-ын сонгуулийн мөчлөгтэй зөрүүлж зургаан жил хаших ёстой энэ албанд бүрэн эрхээ эдэлсэн нь тун цөөн. Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд очсон бүхэн мөнгөн дэвсгэрт дээр мутраа үлдээхийг хүсдэг.

Тиймдээ ч А.Батсүхээс бусад нь үлдээсэн байдаг юм билээ. Л.Пүрэвдорж ч банкны салбарын ажлыг сайжруупах гэхээсээ илүү СY-гээ зузаалаад, мөнгөн дэвсгэрт дээр гарын үсгээ үлдээгээд л одох бололтой. Уг нь тэр улстөрч, төрийн албанд зүтгэж яваа хүн мөн бол А.Батсүх шиг "Монголбанкны нэр хүнд, бие даасан, хараат бус байдлыг хамгаалахын тулд би огцрохоор шийдлээ" гээд хаалгыг нь хаачихаж болох л байсан. Аль ч улсын Төв банкинд мөнгө олддог, нэр хүнд олддоггүй гэж үг бий. Салбарынхан нь андахгүй биз. Гэтэл өнөөдөр яагаад Монголбанкны ажилтан авлигын хэрэгт холбогдов, хаанаас эх үүсвэртэй вэ гээд хөвөрдөөд үзэхээр манай Монголбанкны нэр хүнд унаж яваа нь харагдаж байна.

Гэхдээ одоохондоо гол аюул нь Л.Пүрэвдоржид бус оны эцэст инфляци 27 хувьд хүрч болзошгүй гэсэн ОУВС-ийн таамаглалд оршиж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн зарлага хэт өсч, үрэлгэн төсөв батлагдсан нь инфляциа чирч буй. Үнэхээр бодлого мэддэг хүнд бол авах арга хэмжээ, өмнөх туршлага зэрэг хангалттай "шпиргалка" байгаа шүү дээ. Саяхан Исландад эдийн засгийн өсөлтөө 10 хувиар бууруулж, улс орноо сүйрүүлсэн "оны хүнээр" Ерөнхий сайд асан, Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дэвид Оддсоныг тодруулсан тухай "Тайм" сэтгүүлд мэдээлжээ. Тэр нөхөр Төв банкийг удирдаж байхдаа гол гурван банкийг хувьчилснаас болж үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унаж, сэргэж байсан эдийн засаг нь мөстлөгийн байдалд орсон аж.

Манайд Л.Пүрэвдорж сайн хүн болж харагдаад л, мөнгөний бодлогын хүүг бууруулаад байсан нь инфляцийн өнөөгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн төдийгүй оны эцэст таагүй мэдээ хэлээд сууж байхад хүрээд байгаа нь нууц биш. Үүний цаана Монгол Улсын эдийн засгийн өсөлт, ард иргэдийн амьжиргаанд аюул нүүрлээд байгаа нь түгшүүр төрүүлж байна.

Тэр үед Л.Пүрэвдоржийг "оны хүн" энэ тэрээр нэрлээд яах ч юм билээ. Гэтэл 100 гаруй банкаа сүйрүүлчихээд байгаа ч зөв бодлого баримталж байсныхаа төлөө тахин шүтэгдээд байгаа АНУ-ын Төв банкны ерөнхийлөгч өнөөдөр хийсэн ажлынхаа үр дүнг ард түмэндээ өргөн барьж байна. Ингэж итгэж найдаж, ажиллуулж үр дүнг нь үзэхийг урьтал болгодгоороо энэ албан тушаалд хандах хандлага улс орон бүрт харилцан адилгүй байдаг ажээ.

У.Оргилмаа.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж