Европын холбоо чип үйлдвэрлэгчдийг торголоо

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Европын холбоо чип үйлдвэрлэгчдийг торголоо

Зураг:
DRAM чипийг гар утас, принтер, компьютер зэрэг олон төрлийн
бүтээгдэхүүнд хэрэглэдэг

Чип буюу компьютерийн ой
санамжийн бичил хэсгийг үйлдвэрлэгч есөн компанийг хуйвалдааны замаар
зах зээлийн үнэнд нөлөөлсөн гэж Европын холбоо буруутган нийтэд нь 331
сая евро буюу 404.2 сая ам.доллараар торгох шийд гаргасан талаар “BBC”
агентлаг мэдээллээ. Буруутгагдан торгуулж байгаа компаниудад “Samsung”,
“Hynix”, “Infineon”, “NEC”, “Hitachi”, “Mitsubishi”, “Toshiba”,
“Elpida”, “Nanya” нар багтаж байна. Аравдахь компани “Micron” үнэ
тогтоосон картелийн нэг хэсэг байсан хэдий ч хууль бус хуйвалдаан
явагдаж байгаа талаар Европын холбооны эрх баригчдад мэдээлсэн тул
торгуулалгүй өнгөрсөн байна. Эдгээр компаниудын “DRAM” чипийг персональ
компютерүүдэд өргөн хэрэглэдэг.

“Samsung” торгуулийн хамгийн их
хэмжээг хүртсэн бөгөөд 146 сая еврогоор торгууллаа. Хоёрт нь Германы
“Infineon” орж байгаа бөгөөд 57 сая еврогоор торгуулж байна. Компаниуд
үнийн талаар хийсэн шалгалтанд хамтран ажилласан тул торгуулийн хэмжээг
10 хувиар бууруулсан байна. Энэхүү хууль бус картель 1998-2002 оны
хооронд ажиллаж байсан бөгөөд хоорондоо нууц мэдээлэл дамжуулж байсан
байна. Тухайлбал томоохон PC компьютер үйлдвэрлэгч компаниудад хэн нь
ямар үнээр “DRAM” чип нийлүүлэхээ хоорондоо хэлэлцэж тохирдог байсан
байна.

Картелийн хэрэгт холбогдсоноо хүлээсэн тохиолдолд
торгуулийн хэмжээг 10 хувиар бууруулсан анхны томоохон тохиолдол энэ
болж байгаа юм. Ийм картел байна, хууль бус үйл ажиллагаа явуулж байна
гэдэг талаар “Micron” компани Европын холбооны эрх баригчдад хандан
шүгэл үлээсэн 2002 оноос хойш мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдсан юм.

Европын
холбооны Өрсөлдөөнийг зохицуулах комиссын гишүүн Жойкуин Алмуна
/Joaquin Almuna/ энэ талаар “Картельд оролцож ажиллаж байсан гэдгээ
эдгээр компаниуд өөрсдөө хүлээн зөвшөөоснөөр манай комисс урт удаан
хугацаанд үргэлжилсэн мөрдлөг, шалгалтаа зогсоож одоо өөр бусад
сэжиглэгдэж байгаа картелуудыг мөрдөн шалгахад нөөц хүч болон анхаарлаа
хандуулах боломжтой болж байна” гэж ярьжээ.
Торгууль хүлээсэн
компаниудаас Германы “Infineon”-оос бусад нь Европын холбооны бус
компани юм. “Тэдгээр компаниуд шударга бус өрсөлдөөнийг хориглодог
Европын эдийн засгийн орон зайд бараа бүтээгдэхүүнээ зарсан тул Европын
холбооны хуулийн дагуу шийтгэгдэх нь зүйтэй” гэж Европын өрсөлдөөний
зохицуулагчид ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж