“Чингис” бондыг хэн авсан бэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

“Чингис” бондыг хэн авсан бэ?

Олон жил мөрөөдсөн нэгэн гоё эхлэл…Энэ бол Монголын Засгийн газрын бондын үнэ цэн. Монголын Засгийн газ­рын баталгаатай 1.5 тэр­бум ам.долларын бондыг уржиг­дар Нью-Йоркийн цагаар 15 цагт арилжаалсан байна. Сингапурын хөрөнгийн бир­жийн жагсаалтаар “Чингис” гэх албан бус нууц нэрээр танилцуулсан уг бондыг авах саналаа Ази, Европ, АНУ-ын нэр хүндтэй томоохон хөрөнгө оруулагчид бүгд ирүүл­сэн нь анхаарал татаж бай­сан аж. Уг нь  Нью-Йор-кийн хөрөнгийн биржээс холбогдох хууль, дүрмийн дагуу тав хоногийн дотор хэв­лэл мэдээллийн хэрэгслээр тодорхой  мэдээлэл гаргахыг хориглодог ч “Wall Street Journal” энэ тухай хэдийнэ мэдээлсэн. Гэхдээ “Wall Street Journal” –д дурьдагдсан “Institutional investors”-аас гад­на үнэт цаасны зах зээлийг тодорхойлдог олон хөрөнгө оруулагчид ху-ваарилагдсан аж. Мөн хуу­лийн зөвлөх, хол­богдох баримт бичгүүд дээр ч дэлхийд нэр хүндтэйд тоо­цогдох гур­ван том компани хамтарч ажилласан гэх мэдээлэл бий.

Монголчууд болсон хойно өн­гөрсөн гуравдугаар сард Хөгжлийн банкны бондыг 5,75 хувьтай арилжаалахад баярлаж байснаа хэдийнэ мартчихаж. Тиймээс ч  таван жилийн хугацаатай 500 сая ам.долларыг 4,125 хувийн хүүтэй, мөн арван жилийн хугацаатай нэг тэрбум ам,долларыг 5,125 хувийн хүүтэй арилжаалсныг харьцангуй өндөр хүү төлөх нь хэмээн шүүмжилж эхэллээ. Харин дэлхийн хэвлэл мэдээллүүд Монголын Засгийн газрын баталгаат бонд өндөр эрэлттэй хэрнээ “overpriced” буюу бага хүүтэй арилжлаагдсаныг түүхэнд байгаагүй олон амжилтыг эвдсэн хэмээн онцолжээ. Харин уг бондыг хэн авсан бол. Энэ талаар мөн л арилжаа дууссанаас хойшхи тав хоногийн дотор олон нийтэд мэдээлж болдоггүй аж. Ямартай ч Хөгжлийн банкны бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид байх өндөр магадлалтай. Энэ бол дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол тоглогч болох JP Morgan, Dеutsche, Bank of America, Hongkong &Shanghai хөрөнгө оруулалтын банкууд юм. Ямартай ч Засгийн газрын бондыг амжилттай худалдаалсан Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар өчигдөр эх нутагтаа ирсэн. Харин өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны болон холбогдох бусад албаныхан ирэх бөгөөд үүний дараа илүү тодорхой мэдээлэл өгөх биз ээ.

"Ямартай ч Засгийн газрын бондыг амжилттай худалдаалсан Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар өчигдөр эх нутагтаа ирсэн"

Дашрамд дурьдахад, өнгөрсөн гуравдугаар сарын 10-15-нд Монголын Ерөнхий сайд С.Батболд Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэр Японы талд тус улсын Засгийн газрын  “Самурай” бондыг ашиглах хүсэлт тавьсан. Ингэснээр Монголын Засгийн газрын бондыг Японд зарж, тэндээс “босгосон” мөнгөөрөө “Ши­нэ төмөр зам”, “100 мянган айлын орон сууц”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөг­жүүлэх” төсөл хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлэх хөрөнгийн эх үүсвэр бий болгохоор зорьж байгаагаа илэрхийлж байв. Энэхүү саналыг  Японы тал нааштай хүлээн авч, хоёр тал санал солилцож судалж үзэхээр болсон. Гэвч уг санал ажил хэрэг болж амжилгүй УИХ-ын сонгуультай золгосон. Үүнд хоёр улсын хооронд гол “гүүр” байсаар ирсэн их аварга Асашёорюү Д.Дагвадорж харамсаж явдгаа нуудаггүй юм билээ. Яг тэр үед Хөгжлийн банкны бондыг 5,75 хүүтэй худалдаж байсан гээд бодохоор өнгөрсөн есөн сарын хугацаанд Монгол Улсын дэлхийн зах зээл дэх үнэ цэн хэрхэн өссөнийг харж болох юм.

Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанк яагаад энэ цаг үед, ямар зорилгоор таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болов гэдэгт гол учир байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр энэхүү бон­дын ач холбогдлыг тайлбарлахдаа “Засгийн газрын баталгаатай таван тэрбум ам.долларын бонд нь дэлхийн эдийн засгийн хямрал болон улс орны ирээдүйд төлөвлөгдөж буй хөгжлийн гарцын тэнцвэрийг зөв хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн мэдэгдсэн. Мөн уг хурал­даанаар дунд хугацааны таван тэр­бум ам.долларын бондын эхний үе шат буюу 1.5 тэрбум ам.долларын бондыг Засгийн газраас гаргаж их бүтээн байгуулалтын ажилд зориулахаар шийдвэрлэсэн билээ. Сангийн яам, Монголбанкныхан энэхүү шийдвэрийнхээ талаар “Өмнө нь гаргаж байсан Засгийн газрын баталгаатай бондуудыг халамж, төс­вийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж байсан бол энэ удаад хувийн хэвшлийн секторт байгаа бэлэн төслүүдийг дэмжих, экспортыг дэмжих, арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад чиглэж бай­гаагаараа илүү алсын хараатай том зорилго дэвшүүлжээ. Мөн бон­дын зарцуулалтад хяналт тавих, хариуцлага тооцох механизмын хувьд ч томоохон ахиц дэвшил гар­гана”  хэмээн амлаж байгаа.

Дэлхий нийтийн чиг хандлагаас харахад ч инфляциас айж эдийн засгийн өсөлтөө сааруулахын оронд тогтвортой өсөлтийг ашиглан хөг­жих боломжтой, үүний тулд өөрийн орны онцлогт тохирсон заг­варыг сонгох нь чухал гэдгийг нэгэнт тунхаглаад байна. Тиймээс ч шинэчлэлийн Засгийн газар “Эдийн засгийн хувьсгал”-аа уриа бус бодит ажил хэрэг болгохын тулд “Зоригтой, зорилготой бодлогоор эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг онилох” гарцаа нэгэнт тодорхойлчихлоо. Мөн улс төрийн эр зоригоо нарийвчилсан судалгаатай хослуулан бодлого бо-ловсруулах, хэрэгжүүлэх, эцэст нь хариуцлага хүлээх чадвартай, ажил хэрэгч, мэдлэг боловсролтой, туршлагатай кандидатуудаа зөв цэгт нь байршуулсан нь харагдаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал боломжийн, санхүүжилтийн эх үүсвэр нь цэвэр, зөв тооцоололтой байгаа болохоор Монгол Улсын ирээдүйн төлөө таван тэрбум ам.долларын бонд гаргах энэ арга замыг сайшаах бүрэн үндэслэлтэй. Гагцхүү үүнийг улстөржүүлж, буруу сурталчлах нь улс орны нийтлэг эрх ашигт харшлахуйц сөрөг үр дагавартай гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

 Макро эдийн засаг гэхээр л мах, гурил, бензин шатахуун ярихаас татгалзаж арай том зургаар улс орны эдийн засгийг тольдон харах цаг нэгэнт болжээ. Үүнийг л Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Ган-Очир “Монгол Улсын эмзэг байдлын үнэлгээ” гэж хэлээд байгаа юм шүү дээ. Хамгийн зөөлнөөр хэлсэн нь тэр. Эмзэг эдийн засгийн эмгэгийг арилгахад улс төрийн зориг хэрэгтэй. Дээр нь инфляцитай тэмцэх шинэ загвар, түүнийг хэрэгжүүлэх “шинэлэг тархи” л эдийн засгийг аврах болоод байна. Тэгэхээр эмзэг бус эзэрхэг эдийн засгийн талаар юу хийхээ зөв тодорхойлцгооё. Гол нэрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтийн шалтгааныг зөв тодорхойлж, бүрмөсөн арилгах,  “Роснефть”-ийн дарамтаас түргэн ангижирах, Хятадаас импортлогчдыг бус дотоодын экспортлогчдоо дэмжих, Замын-Үүдийн төмөр замыг саадгүй болгох, Эрээний барааг инфляцитай нь хамт импортолдгоо болихын тулд эн тэргүүнд дэд бүтцээ хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийн цогцолбортоо хөрөнгө “хаях” хэрэгтэй. Ийм л аргаар бид инфляцийн хувь онилоод суух бус түүнд хориг арга хэмжээ тавиад эдийн засгийн тогтвортой өсөлтийг онилж үсрэнгүй хөгжиж чадна.

У.ОРГИЛМАА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж