-“Алтан Дорнод Монгол” компани гадны хөрөнгө оруулалттай, ОХУ-ын иргэн С.Паушок эзэмшдэг байсныг бид мэднэ. Татварын маргаантай, өр ширтэй, эзэн нь хил давж зугтсан зэрэг хэл аманд өртөөд байсан энэ компани хэдийнээс монголчуудын мэдэлд ирсэн юм бэ? Ихэнх нь энэ компани эзэнтэй хамт хил даваад явчихсан гэж ойлгодог.
-“Алтан Дорнод Монгол” компанийг бид өнгөрсөн 2011 оны есдүгээр сарын дундуур С.Паушокоос худалдан авч, үйл ажиллагааг нь энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос дахин эхлүүлсэн юм. Үйл ажиллагаагаа эхлүүлээд есөн сар болж байна. Энэ хугацаанд бидний анхаарч ажилласан хамгийн гол зүйл нь “Алтан Дорнод Монгол” компанид өмнө нь үүсээд байсан нөхцөл байдал, хуримтлагдсан асуудлыг шийдэх явдал байлаа. Та бүхэн мэдэж байгаа асуудал учраас нуух юу байх вэ. Татвар төлөхөөс зайлсхийсэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, бизнесийн нэр хүндийн хувьд сайнгүй болсон компани байлаа. Гэхдээ бид “Алтан Дорнод Монгол” хэмээх нэрийг солиогүй. Зарим хүмүүс ийм зөвлөгөө өгч байсан ч хэрэв нэрээ соливол хариуцлагаас зугтаасан хэрэг болно гэж Ганболд захирал үзсэн. Нөгөө талаар гэвэл хүмүүс тэг цэгээс ажлаа эхэлдэг бол бид хасахаас эхэлж яваа. Хасахаас эхэлж байгаад энэ ачаагаа үнэ цэнэтэй зүйл, үндэсний шилдэг компани болгох юм бол дараа нь эргээд харахад бидний туулсан зам маань өөрсдөд нь бахархалтай гэж бодсон.
-Асуудал ихтэй, нөхцөл байдал сайнгүй гэдгийг нь худалдаж авахаасаа өмнө мэдсэн байж таарна. Яагаад ийм алхам хийх болсон юм бэ?
-Энэ компанийн түүхийг харвал 1996-1997 оны үед үйл ажиллагаагаа эхлүүлж, 2008 оны 12 дугаар сарын 12-нд бүтэн битүүмжлэлд орсон юм билээ. Банкин дахь бүх данс, эд хөрөнгө нь битүүмжлэгдэж, ерөнхий захирлаар ажиллаж байсан С.Паушок оргон зайлсан байдалтай хил давсан байдаг юм. Үүнээс хойш 2012 оны дөрөвдүгээр сарын 20 хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу болон дампуурлын хэрэг үүсгэсэнтэй холбоотойгоор бүх эд хөрөнгө нь битүүмжлэлтэй, банкны дансууд нь хаалттай байсан. 2011 оны есдүгээр сард тус компанийг худалдан авснаасаа хойш бид Засгийн газартай урт хугацааны турш олон дахин хэлэлцээрт орж, ойлголцох, янз бүрийн хардлага, сэрдлэгийг үгүй болгох зорилготой ажиллаж, энэ бүх хичээл зүтгэлийн үрээр компанийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг олж авсан. Энэ компанийн ард С.Паушок байгаа эсэх, хууль эрх зүйн талаасаа хариуцлага хүлээх субъект нь хэн болох зэргийг тогтоох зорилготой зохих байгууллагуудын олон удаагийн шалтгалтыг давж, үнэнийг тогтоолгосон. Үүний эцэст компанийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө, тоног төхөөрөмж рүүгээ нэвтэрсэн. Эзэн нь гадаадад гараад явчихсан, эд хөрөнгө нь битүүмжлэгдсэн энэ хугацаанд техник хэрэгслүүд маань тоногдож сүйдсэн байсан. Тэгэхээр үйл ажиллагаа явуулахын өмнө техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөө засах сэлбэх ажлыг юуны өмнө хийх шаардлагатай болсон л доо. Энэ мэт бэрхшээл бүрээ тоочно гэвэл хэтэрхий их цаг орно. Бид энэ бүхнийг мэдсээр байж зориглосны учир гэвэл Монголын баялгийг монголчууд бид өөрсдөө эзэмшье, цаашлаад үндэсний уул уурхайд шинэ жишиг, хэм хэмжээг бий болгоё, сайн сайхан ажил хийе гэдэг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөнийх юм.
-Та сая яриандаа “Бид худалдаж авсан” гэж хэллээ. Бид гэдгийг тодруулахгүй юу?
– Шинэ “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ганболд бид хоёр багын найзууд. Нэг нэгнээ мэддэг, нэг нэгдээ итгэдэг хүмүүс. Тийм учраас энэ төсөлд хамтарч хөрөнгө оруулж, энэ том хариуцлагыг хамтдаа үүрээд явж байна. Компани маань ашигтай ажиллаж, үнэ цэнэд хүрвэл үүнийхээ үр шимийг хамтдаа хүртэнэ. Нөгөө талаас нэг бодол бий. Өнөөдөр уул уурхайн салбарт үндэсний компаниуд маань цөөхөн байна уу даа гэж би хардаг. Тийм учраас алтны салбартаа тэргүүлэх үндэсний компанийг бий болгоё гэж бодсон. Үйл ажиллагаа нь хариуцлагатай, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд төвшинд хангасан, байгаль орчны нөхөн сэргээлтийг үлгэр жишээ гүйцэтгэдэг үндэсний компанийг босгож ирнэ гэсэн зорилтыг бид өмнөө тавьсан. Бас надад нэг мөрөөдөл бий. Юу гэхээр “Алтан Дорнод Монгол” компанийг монгол залуус босгоод ирсэн юм шүү гэж хэлэх, үнэлэх зүйлийг бид хийх ёстой. Монголчууд байгаль орчинтойгоо харьцдаг өвөрмөц зан заншил, уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн. Энэ нь бараг шашин шүтлэг болчихсон гүн гүнзгий итгэл үнэмшил юм. Энэ уламжлалт сэтгэлгээнд нийцэх үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлье гэсэн зорилгыг бид дээдэлж ажиллана. “Алтан Дорнод Монгол” бол үндэсний шилдэг компани, тэгэхдээ үйл ажиллагаагаа гаднын компаниудын нэг адилаар дэлхийн төвшинд удирдаад аваад явах чадвартай гэж үнэлүүлэхийн тулд ажиллаж байна. Үүнийхээ үр шимийг удахгүй харах болов уу гэж найддаг.
-“Алтан Дорнод Монгол” улсад маш их хэмжээний татварын өртэй. Энэ өрийг хамтад нь худалдаж авсан уу?
– Энэ компанийг анх хүлээж авахад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 20 орчим тогтоол байснаас ихэнхийг нь барагдуулж, одоо 4-5 нь л үлдсэн. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 24 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Хэрэв “Алтан Дорнод Монгол” компанийг дампууруулсан бол ийм хэмжээний орлого төсөвт төвлөрөхгүй байх байсан. Ер нь аль ч талаас нь аваад үзсэн тус компанийг бид гаднын хөрөнгө оруулагчаас худалдан авч, үйл ажиллагааг нь зориглон эхлүүлсэн нь хаа хаанаа хэрэгтэй, зөв алхам байжээ гэдгийг л ойлгож байна. Төр, засгийн зүгээс ч өнөөдөр үүнийг ойлгож, хамтран ажиллаж байна.
-Энэ компанийг яаж авсан бэ гэдгийг хууль, цагдаагийн байгууллага шалгаж, шүүсэн гэж та түрүүн хэлсэн. Тэгэхээр эхэндээ бол ойлголцоогүй гэсэн үг юм биш үү?
-Янз бүрийн хардлага байсан л даа. Тэр бүхнийг арай өөр өнцгөөс тайлбарлахад энэ компанийг дампууруулаад явуулсан бол улсын төсөвт нэг ч төгрөг орохгүй байсан. Бүх зүйл нь банк санхүүгийн байгууллагын барьцаанд орчихсон. Зарим лицензүүд нь урт нэртэй хуульд орчихсон компани. Бид татварын өр болон бусад төлбөрүүдийг барагдуулж байна гэдэг бол улсад ашигтай. Өнөөдрийн байдлаар 24 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ гэдэг бага тоо биш. Улс зөв шийдвэр гаргасан учраас энэ орлогыг олсон. Компанийг дампууруулаад хаясан бол энэ орлого байхгүй шүү дээ. Төрийн албан хаагчид улсад энэ нь ашигтай юу, үгүй юу гэдгийг бодсон байх. Тэгээд бидэнтэй хамтарч ажиллахыг дэмжсэн байх. Бид маш удаан хугацаанд хянуулж шалгуулж, олон талаас нь нягтлуулж байж, ажил хийх боломжоо олж авсан. Бүхнийг эхнээс нь хуулийнх нь дагуу хийж байгаа. Энэ компанийг худалдан авахаас эхлээд гэсэн үг шүү дээ. Яаж энэ компанийг худалдаж авсан бэ гэдгийг та сонирхоод байх шиг байна?
-“Алтан Дорнод Монгол” компанийг С.Паушокоос худалдан авах сонирхолтой талууд цөөнгүй байсан байх л даа…
-Тухайн үед С.Паушок маш олон хүмүүстэй яриа хэлэлцээр хийж байсан байх. Монголын талаас ч хүмүүс төлөөлж явж байсан байх. Бидний хувьд бусдаас ялгараад байх зүйл юу л бол. Мэдээж бизнес юм чинь тодорхой хэмжээгээр таалагдах саналыг нь тавьсан байх. Компани худалдах, худалдан авах олон улсын жишиг байдаг. Толгой компанийг нь хууль ёсны хүрээнд худалдаж авсан гэсэн үг. Энэ бүхэн хуулийн дагуу хийгдсэн. Яагаад ийм хэл амтай зүйл рүү оров гэхээр эдийн засгийн тооцоог үндэслэн ашигтай гэж үзсэн юм.
-Энэ компани хэдий хэмжээний нөөцийг эзэмшдэг, эдийн засгийн үр ашиг нь хэр өндөр вэ гэдгийг хэлж болох уу. Энэ богино хугацаанд нэлээд хэмжээний өр барагдуулсан байгааг бодоход бүх зүйл муу гэж хэлж болохгүй байх?
-Өр төлбөр барагдуулсны хувьд гэвэл өөрсдийн үйл ажиллагаанаас болон бусад эх үүсвэрээс санхүүжих замаар өр төлөөд явж байна. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт эхний 20-д орохоор хэмжээний татварыг төвлөрүүллээ. Байгалиас хүртсэн орлогоороо татварын өр барагдуулж, энэ нь төсвөөр дамжуулагдаад нийгэмд зарцуулагдаж байгаа.
2012 онд “Алтан Дорнод Монгол” компани Монгол банкинд тушаасан алтны хэмжээгээрээ улсын хэмжээнд тэргүүлэх эгнээнд яваа. Энэ орлогоо бүгдийг нь татварын өр барагдуулалт, тоног төхөөрөмжийн болон үйл ажиллагааны зардалдаа зарцуулсан. Тиймээс одоогийн байдлаар манай компани ашиггүй ажиллаж байгаа боловч ирээдүйд үйл ажиллагаагаа тэлэхийн зэрэгцээ хайгуулын ажлаа эрчимжүүлж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхийн төлөө өөдрөг ирээдүйг харж ажиллаж байна. Хуучин С. Паушокийн үед геологийн мэргэжилтнүүд хайгуул шинжилгээ хийж, нөөцөө тодорхойлсон. Тухайн үед оросууд ажиллаж байх үед 1700-аад ажилтантай байсан. Маш олон өрмийн ажил хийсэн байдаг юм. Энэ бүхний үр дүн геологийн мэдээллийн санд орсон байгаа болов уу.
-“Алтан Дорнод Монгол” компанийн шинэ зорилго, зорилтын талаар та ярилаа. Энэ бүх зорилгыг бодитой болгох хүчин зүйл нь хүн байдаг шүү дээ. Хүний нөөцөө шинээр бүрдүүлсэн үү?
-Өнөөдрийн байдлаар “Алтан Дорнод Монгол” компани 700 гаруй ажилтантай, гол уурхайн үйл ажиллагаа Төв аймгийн Заамар суманд явагдаж байна. Манай нийт ажилтнуудын 5-6 нь л орос, бусад нь монгол боловсон хүчин, монгол залуучуудын баг. Хүний нөөцийн хувьд олон улсад өрсөлдөхүйц хэмжээний чадварлаг баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Эдгээр хүмүүс Монголын уул уурхайг олон улсын стандартад хүргэж ажиллах тийм хэмжээний өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин юм. Ажиллагсдадаа уул уурхайн салбарт өрсөлдөх хэмжээний цалин хөлс олгоод явж байна. Манай багийн гол анхаарлаа хандуулж буй асуудал нь байгаль орчны нөхөн сэргээлт. Сүүлийн үед хэвлэлд бичигдсэнээр бол “Алтан Дорнод Монгол” компани байгаль орчны дайсан, зөвхөн сүйтгэдэг компани болж хувираад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг яаралтай засч, цэгцлэх үүднээс 150 га талбайд бид нөхөн сэргээлт хийгээд байна. Энэ бол Монгол Улсдаа нэлээн томд орох тоо. Шинэ Алтан Дорнод Монгол компани үйл ажиллагаагаа эхлээд жил ч болоогүй байна. Тэгэхээр ажлаа эхлээд жил хүрэхгүй, ердөө 4-5 сарын хугацаанд 150 га талбайг нөхөн сэргээсэн гэдэг бол чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ үүнд ханаж болохгүй. Цаашид бид техникийн нөхөн сэргээлтээ улам чанаржуулж, биологийн нөхөн сэргээлт хийнэ. Төрийн бус байгууллагуудын хяналтан дор хар хөрсийг дэвсэх ажлыг хийхээр төлөвлөөд байгаа. Эхлээд ямар ч байсан амьсгаагаа авчихлаа. 2013 оны төлөвлөгөө гарч байна. Бид энэ жилийнхээс илүү том талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн өмнөх удирдлагуудын үед ашиглаад орхисон уурхайн усан санд усны шинжилгээ хийсний үндсэнд загас нутагшуулах зорилгоор “Заамар-Загасны аж ахуй” байгуулахаар ажлаа эхлүүлээд байна. Энэ усан санд одоогийн байдлаар загас жараахайн үржилт байгалийн жамаараа бий болоод эхэлсэн.
-Архангай аймагт 35 компани байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсээд байгаа. Энэ асуудалд танай компанийг буруутгаж байсан ч танайх хохирогч болсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллага өгсөн. Энэ нь ямар учиртай асуудал юм бэ?
-Архангай аймагт манай компани ашиглалтын А лицензүүдтэй урт нэртэй хуульд хамрагдсан учраас тэнд нөхөн сэргээлтээс өөр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэдгийг юуны өмнө хэлмээр байна. Харин манай компанийн лицензтэй талбай дээр 35 компани нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулчихаад олборлолт явуулж байсныг хуулийн, хяналтын байгууллага илрүүлж, хэрэг үүсгэн шалгасан нь одоо прокурорын хяналтад байгаа. Тийм учраас энэ гэмт хэрэгт манай компани хохирогчоор оролцоод явж байгаа. Ганц энэ хэрэгт биш бидний итгэл үнэмшлээр бол манай эд хөрөнгө алга болсон, бид хохирсон асуудал их байгаа. Энэ компанийг С.Паушок гэдэг хүн эзгүй хойгуур тал талаас нь зулгааж идэх гэсэн, лицензийг нь хэдэн тийшээ зувчуулах гэсэн сонирхол явсан учраас өнөөдрийн байгаа байдлаар нь авч үлдэх, сэргээх гээд чармайж байна. Үндсэндээ хэвтэрт орсон байсан өвчтөнийг амьсгаа оруулаад, дөнгөж сэхээнээс гаргах гэж байна. Одоо цаашаа явах зам маань урт. Үр дүнгээ хэлэлцэх эрт. Ямар ч байсан ажил өрнөөд явж байна. Энэ компанийн асуудал руу гүнзгий яваад орохоор хуучин эзний үед хийж байсан санхүүгийн гүйлгээнүүд, ялангуяа өр төлбөр өгч байсан хүмүүсийн хувьд эргэлзээтэй асуудлууд их гарсан. Илүү нарийн судалж, олон улсын хуульчдын баг гаргуулж нарийн дүн шилжилгээ хийлгэнэ. Өнөөдөр бидний бүх санхүүгийн ажиллагаа нарийн хяналтад байгаа. Т.Ганболд, Болд гэдэг хүмүүс хувьдаа хаус бариулаад, хар далайд очиж амраад байх боломж байхгүй. Татварын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу бол өмчлөгч ч солигдох эрх байхгүй. Бид өөрсдөдөө байгаа бүхнээ барьцаалаад энэ ажил руу яваад орчихсон. Одоо хөл дээр нь босгож, татварын өрийг нь барагдуулж дуусч байж л дараа, дараагийн асуудлууд яригдана даа.
-Уул уурхайн компаниудын хувьд нэг онцлог байдаг нь орон нутгийн иргэдтэй ойр хамтарч ажиллах, нийгмийн хариуцлага хүлээх гэдэг асуудал онцгой чухал байдаг. Энэ талаар юу хийж байна вэ?
-Нийгэмд хандсан ажил маш чухал байр суурьтай. Бид өнөөдрийн байдлаар бичил уурхайн хоёр нөхөрлөлтэй хамтарч ажиллаж байгаа. Манай ашиглалтгүй болсон талбайд үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүн олох юм бол манайд тушааж, ажлын байр бий болгох асуудлыг Засаг даргын санал болгосны дагуу хийгээд явж байна. Мөн манайх сард 75 сая төгрөгийн хоол хүнс хэрэглэдэг. Үүнийгээ орон нутгийн иргэд, малчдаас худалдаж авдаг. Сард энэ хэмжээний эргэлтийг орон нутгийн эдийн засагт бий болгож байна гэсэн үг. Түүнчлэн нийгмийн хариуцлага талаас гэвэл нинжа нарын сүйтгэсэн 20 га-г орон нутгийнхны хүсэлтээр сэргээж, мал орж үхдэг нүхнүүдийг битүүлсэн. Манайд ажиллаж байсан хүмүүс эргэж ажилдаа ороод, амьдрал нь сэргээд явж байна. Орон нутгийн малчидтайгаа эв зүйгээ олж хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн намар орон нутгийн иргэдтэй хамтарч гучаад айлын хадлан бэлтгэсэн. Архангайд хоёр тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийж дууссан. Худаг гаргах, цахилгааны эх үүсвэртэй болгох, зуднаар малаа алдсан айлуудыг малжуулах гээд ажлуудыг хийж, тусалсан. Гэхдээ хүн бүрийн хүссэн хэмжээгээр хийж чадаагүй л байх. Яагаад гэвэл хязгаарлагдмал нөөцтэй учраас. Мөн нэн ядуу өрх, өрх толгойсон эмэгтэйчүүдэд тусалж, нэлээн олон хүүхдийг Улаанбаатарт их, дээд сургуулиудад сургаж байгаа. Байгаль орчны нөхөн сэргээлтийн инженер, эрүүл ахуйч эмч гээд эргээд манай компанид байгаа ажлын байруудад оюутан сургаж байна. Манай талаарх бодитой үнэлгээг нутгийн иргэд л өгнө. Бид өөрсдөө яриад дэмий байх…
-Монголын Байгаль орчны иргэний зөвлөлөөс шалгаруулдаг “Эко элч” арга хэмжээнд танайх нэр дэвшиж “Нөхөн сэргээлт хийсэн Шилдэг Уул уурхайн компани”-иар шалгарчээ. Та бүхний хийсэн ажлыг дүгнэсэн дүгнэлт гэж ойлгож байна?
-Бид өнгөрсөн зун нийт 150 га-д нөхөн сэргээлт хийсний 50 га нь Архангай аймгийн Цэнхэр суманд хийгдсэн нөхөн сэргээлт. Энэ жил ажлаа эхлээд, лац ломбо тавигдангуут нөхөн сэргээлт гүйцэтгэсэн. Бид өөрсдөдөө хангалттай дүн тавих болоогүй байна. Цааш цаашдаа зорилт тавьсан. Чанаржуулах хэрэгтэй. Зөвхөн булаад орхихгүй, ургамалжуулна. Үүнийг л хариуцлагатай уул уурхай гэхээс биш хайргаар булаад явахыг хэлэхгүй байх л даа.
Монголын үндэсний уул уурхайн шилдэг жишиг компани бий болгоно гэсэн зорилготой ажиллаж байгаа ийм нэгэн захиралтай уулзаж ярилцлаа. Тэрээр бизнесийн салбарт нэр хүндтэй нэгэн. АНУ-ын Жи Пи Морган банкны Салбар хариуцсан захирал, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын даргын алба зэргийг хашиж байсан хөрөнгө санхүүгийн чиглэлээр мэргэшсэн түүнийг олон улсын байгууллагууд зөвлөхөөр ажиллуулдаг. Түүний шинэ ажилд амжилт хүсье.
З.БОРГИЛМАА