Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Их төсөв, их ажил

Их хотод тооцогдох Улаанбаатар хотын төсөв түнтгэр байсан. Өөрөөр хэлбэл, түүхэндээ анх удаа их төсөв баталж байгаа нь энэ. Тэр ч утгаараа хийх ажил чамгүй их бий. Гэхдээ иргэдийн санаа бодлыг тусгасан гэх энэ төсөв хэрхэн хуваарилагдсаныг ажиглая.

Зам засварт 93 тэрбум, эрүүл мэндэд 10 хүрэхгүй тэрбум

2013 онд нийслэлийн авто замын салбарт улсын төсвөөс 93,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 75,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барихаар болжээ. Өөрөөр хэлбэл жилийн жилд зам хааж, болсон болоогүй засвар хийдэг улиг болсон тогтолцоо энэ жил ч үйлчилнэ. Гэхдээ замын чанар хэр зэрэг байхыг тэр үед нь мэдэх боломжтой билээ. Харин одоо үүнийг түр цаашлуулъя. Эрхэм уншигч та эрүүл мэндийн салбарт чухам хэдэн төгрөг зарцуулж байгаа гэж бодож байна. 20, 30 тэрбум гэж бодож байж болох. Тэгвэл харамсалтай нь үгүй. Арав хүрэхгүй тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон. Бүр тодруулбал, Баянгол дүүрэгт 100 ортой эмнэлгийн барилга, Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг баригдана. 10-20 замыг жилд засч, шинэчилдэг байхад, өнгөрсөн гурван жилийн хугацаанд (ирэх жилийн төсвийг оруулан тооцвол шүү дээ)и хоёрхон эмнэлэг барьж сууна. Хонхор тосгонд 10 ортой жижиг эмнэлгийн барилгын ажлыг ч эхлүүлэх аж. Гэтэл манай хот эмнэлэг, төрөх эмнэлэг тийм их хүрэлцээтэй билүү.

“Ирэх жил хэд, хэдэн эмнэлэг барихаар болсон. Энэ бүх ажлыг иргэдийн санал дээр тулгуурлан хийж байгаа. Цаашдаа жил бүр 2-3 эмнэлгийн барилга эхлүүлж байхаар болсон” гэж нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Батаа ярьсан юм.

Сургууль цэцэрлэгийн тоо нэмэгдэнэ

Нийслэл хотод цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй гэдгийг албаны хүмүүс нь баталдаг. Үүнийг дагасан сөрөг үр дагаврууд ч гарах боломж бүрдсэнийг мэргэжилтнүүд сануулаад буй. Цэцэрлэгийн нэг анги байх ёстой хэмжээнээс тав гаруй хувиар их хүүхдүүдийг элсүүлдэг байна. Тиймээс халдварт өвчин гарах эрсдэл тэр чинээгээрээ өсдөг аж. Мөн насанд хүрсэн таван хүүхэд тутмын хоёр нь сургуулиас завсарддаг гэсэн базаахгүй судалгаа ч бий. Гэхдээ ирэх оны төсөвт бага ч гэсэн сайхан мэдээ байна. Энэ нь сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэх явдал. Тодруулъя. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1075 ор бүхий 11 цэцэрлэгийн барилга, 6300 суудал бүхий 9 сургуулийг барихаар болжээ. Энэ бүхэнд нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна. “Сургуулийн тоог нэмэх асуудлаар бид шат дараалсан арга хэмжээг авна. Ирэх жилийн тухайд сургууль, цэцэрлэгийг тодорхой хэмжээгээр нэмэхээр болсон. Дараа, дараагийн жилүүдэд ч иймэрхүү хэмжээгээр нэмэх болно. Мөн ирэх жилийн хувьд дөрвөн томоохон спортын заал, танхимыг шинээр барихаар төсөвт тусгагдсан байгаа” гэж Н.Батаа ярьлаа.

Төсвөө өөрсдөө мэддэг болно

Ирэх жилээс орон нутаг өөрсдөө төсвөө захиран, зарцуулах эрх мэдэлтэй болно. Тийм учраас дүүргүүдэд өмнөх жилүүдээс их хэмжээний хөрөнгө тусгагдах аж. Өмнө нь ямарваа нэгэн ажил эхлүүлэхэд заавал УИХ, Засгийн газарт бичиг хүргүүлдэг байсан бол шат дамжлаг саарч хот, дүүрэг, аймаг өөрсдөө хөрөнгө мөнгөө ашиглан ажлаа эхлүүлэх бүрэн боломжоор хангагдах юм. Чухамдаа яг энэ талаар өнгөрсөн тав гаруй жилийн турш ярилцлсан ч тийм боломж нөхцөл нь хараахан бүрдээгүй байсан билээ. “Ямарваа нэгэн хот өөрсдөө төсвөө захиран зарцуулдаг, нэг ёсондоо санхүүгийн эрх нь байх ёстой. Тэгж байж хөгжил нь түргэсдэг. Мөн томоохон бодлогын ажлууд ч түргэн хугацаанд шийдэгдэх боломжоор хангагддаг” гэж Солонгос улсын эдийн засагт И Бун Хё ярьсан юм.

Орлого нэмэгдсээр…

Улаанбаатар хотын төсвийн орлого сүүлийн гурван жилд дандаа өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь гадын хөрөнгө оруулалт болоод сүүлийн жилүүдэд өссөн  эдийн засагтай холбон ойлгож болох талтай. Мөн засварын зарим нэг технологи, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалаад зарлага ч өсөх үзүүлэлттэй байгааг мэргэжилтнүүд нуусангүй. “Сүүлийн гурван жилд нийслэлийн төсөв шатлан өссөөр байсан. Тэр чинээгээрээ зарлага нь их байсан дутагдал бий. Тиймээс бид өнгөрч буй жилийнхээс ирэх жилийн төсвийн зарлагыг багасгах бодлого баримталж байгаа. Тэгсэн ч гэсэн өмнөх жилийнхээс төсвийн зарлага 2,2 хувиаар өсөх төлөв ажиглагдаж байна” гэж Н.Батаа ярьсан юм. Тоон дүнгээр илэрхийлбэл ирэх оны төсвийн орлогын хэмжээ өмнөх жилүүдээс их буюу 324 тэрбум төгрөг болж өссөн билээ. Орлого нэмэгдхийн хажуугаар хөрөнгө оруулалтын хэмжээ ч мөн өсөх үзүүлэлт ажиглагдаж байгаа аж. Ирэх жилийн тухайд 437 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ажээ.

Ийнхүү том төсвийг баталж, ирэх онд хийх ажлаа ярилцлаа. Ирэх онд анх удаа орон нутаг төсвөө захиран зарцуулна. Тиймээс орон нутагт их ажил хүлээж байна. Бас нэгэн таатай мэдээ байгаа нь иргэн таны мэдэх эрх. Улирал болгонд төсвийн гүйцэтгэлийг тавьснаар төрийн хүнд сурталд бухимдахгүйгээр, гэрээсээ төсвөө хянах боломжийг иргэн танд олгож байгаа аж. Хэрэгжээ эхэлбэл сайхан л жишиг.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж