Үүл баатар аа, шинэ жил тэмдэглэх газар олдохгүй нь, яах вэ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Үүл баатар аа, шинэ жил тэмдэглэх газар олдохгүй нь, яах вэ

Нийс­лэлийн Засаг дарга, Улаан­баатар хотын захирагч Э.Бат-Үүл баатарт аминчлан дуулгах хүсэлт байна. Аминчлан гэхээр “Ганц энэ нөхрийн гуйлт байх нь” гэж  та битгий андуураарай. Энэ бол нийс­лэлчүүдийн өмнө тулгамдаад бай­гаа, яг л одоохон шийдүүштэй асуу­дал юм.

Дараагийн долоо хоно­гоос Улаан­баатар даяар Б.Саран­туяа гавьяат  “Энэ жилийн эхний наадам, Шинэ жилийн шөнө сайхан аа” хэмээн уян­галан дуулаад эх­лэхээр таны  ч сэтгэл  хөө­­рөн дог­долж “ Аа нээрээ шинэ жил болж байгаа” гэж их ажлынхаа завсар чө­лөө­гөөр бодож амжих нь гар­цаагүй.

Бодох нь байтугай  долоо хоногийн сүүлээс эхлээд Улаан­баатарын  аль л тансаг сайхан, мартахын аргагүй  шинэ жилийн баяр ёслолд  эрхэм та  хамгийн хүндтэй зочноор уригдан очиж, улаа бутран сууж л таарна. “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гар­даг шиг та бол  тэнгэрийн  хүн болохоор  хамгийн тан­саг сайхнаар шинэ жилээ тэм­дэг­лэн өнгөрүүлэх нь ч зүйн хэрэг.

Харин “газрын” бидэнд  хэд­хэн хоногийн дараа  жил­дээ ганц тэмдэглэдэг  шинэ жилийн баяраа  хөөр цэнгэл дүүрэн, ядаж л ганц хоёр сар дурсан ярих сонин сайхан ихтэй тэмдэглэн өнгөрүүлэх газар Улаанбаатарт олдохгүй байна.

Өнөөдөр Улаанбаатарт хам­гийн хэцүү, бүтэлгүй ажилд дайчлагдаж, яах учраа олох­гүй үстэй толгойгоо үнгэж суугаа хүмүүс бол албан газруудын шинэ жилийн баярын комиссоор томилогдсон санхүү, мар­ке­тингийн талын хэдэн хүүх­нүүд л болж таараад байна.

Аль ч албан газар жилийн эцсийн тайлан тооцоо, өглөг, авлага гээд мөнгө санхүүгийн байдал нь харилцан адилгүй ч ихэнхдээ л төсөв мөнгөн дээр хатуухан, харамч зан гаргаж байгаа нь ойл­гомж­той. “Өнгөрсөн жил  Сансрын шатахуун түгээх станцын хойно байрлах нэгэн  зоогийн га­зарт албан газраараа шинэ жил тэмдэглэхэд нэг хүний 40 мянган төгрөг байсан чинь энэ жил  “80 мянгаар орвол ор, бушуухан хариугаа хэл. Олон газар хүлээж байгаа” гээд халгаахгүй байна” хэмээн нэг танил маань зовлон тоочиж байна.

Хамгийн ойроор нь Сонины холбооныхоо шинэ жилийн баярт очъё гэтэл ноднин 30 мянга байсан такс нь энэ жил 60 мянга болчихсон байх юм. Энэ яагаад ингэж байгаа юм бол гээд сонирхвол  “ Улаанбаатар хот өргөжин тэлж, өдрөөс өдөрт ресторан, баар сав шинээр нээгдэж байгаа ч шөнийн цэнгээний тусгай зөвшөөрөлтэй газар нь нүдний гэм” юм гэнэ.

Байгаа хэдийг нь нийслэлийн Захирагчийн ажлын алба, дээрээс нь нэмээд цагдаа нь дарамтлаад “00:00 цаг гэхэд бүх юм дуусна шүү нөхөд өө. Өөр яриа байхгүй, гүйцээ” гээд захиргаадчихдаг  ажээ. Саяхан л гэхэд “хугацаа хэтрүүлэн ажилласан” гэсэн зэм сонсож, шөнийн цэнгээний 28 газар “хойтох оо ун­шуул­ж” тусгай зөвшөөрлөө хураалгасан.
 
Ядаж байхад нийс­лэлд тоотойхон байдаг аль  олигтой тохилог, гэрэл, хөгжим сайтай, мэргэжлийн дижитэй, ядаж л нэг зэрэг 50-100 хүн босоод бүжиглэчих зал танхимтай газруудыг нь хясаж байгаа юм шиг хаалгыг нь битүүлээд хад­чих­лаа.

Аль олигтой газруудын хаалгыг барьчихаар “Бур­хан­гүй газрын бумба гал­зуурав” гэдэг нь болж  ресторан, баар нэртэй захын газрууд шинэ жилийг тохиолдуулан үнээ нэмээд ёстой л дураараа дур­гиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.

Монголчууд хэзээнээсээ арван­хоёрдугаар сар гарав уу, үгүй юу шинэ жилийн тухай дуу хөгжим энд, тэндгүй хангинуулж, их багагүй айсуй их баярын зөн совинд автаад,  сэтгэл зүрх нь уянгалаад ирдэг хүмүүс. Ялангуяа бүсгүйчүүд олонтой албан газарт бүтэн сарын турш ёолкны орой хүн бүхний харцыг булаасан, үзэсгэлэнт цасан дагина болох  битүүхэн хөөрхөн өрсөлдөөн  явагдана.
 
Ялангуяа гоёлын даашинздаа багтаж турах гэсэн хүүхнүүдийн арми олноор бий болж,  албан газрууд дуу шуу ороод, өнгө жавхаа нь сэргээд ирдэг. Энэ нь ч эрчүүд бидэнд зугаатай л байдаг. Харин архидан согртуурахтай тэмцэх тухай хуулийн  “00:00 цаг болсон л бол хаалгаа барь. Хөөж гарга. Журамласан цагаас хойш ажиллаж харагдах л юм бол тусгай зөвшөөрлийг  чинь хураана” гэсэн ХХI зуунд байж боломгүй харгис, хатуу шийдвэрээс болж шөнийн цэнгээний газрууд  бүгд хаалгаа тас хаагаад байгаа. “Архидан согтуурах явдалтай тэмцэж байгаа” энэ сүрхий тогтоол шийдвэр  амьдрал дээр хэрхэн бууж байгааг  хэдүүлээ эрүүл ухаанаар жаахан ч гэсэн тунгаагаад үзье л дээ.

Ихэнх албан газрууд  дөрөв, тав дахь өдрөөс шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлдэг. Өдрийн ажлаа яаран дуусгасан хүүхнүүд  аль нэг үсчин, гоо сайхан бараадаж, тэр оройн “дагина” болохоор  үс, зүсээ янзлаад жилдээ ганц удаа ч болтугай хачин их хөөрөн догдолцгоодог. Ядаж байхад сая 300 мянган хүнтэй их хотын бүх л хүүх­нүүд арванхоёрдугаар сарын энэ хэдхэн өдөрт бүг­дээрээ шахуу үсчин, гоо сай­ханд зайлшгүй орох шаард­лагатай. Орох ч ёстой. Бөөн очер, дугаар болж байж хүүхнүүд маань 20 цагийн үед л арайхийж нэг юм  тэр оройн хамгийн хөөрхөн, хамгийн үзэсгэлэнтэй дагина болж амжицгаадаг. Зарим нэг нь амжихгүй ч байх нь бий. Бөөн ажил болж, хөөрч дог­долсон хүмүүс уван цуван цуглартал 21 цаг бол­чихно. Тэгээд яах вэ дээ. Үлдсэн гурван цагтаа бүхнийг амжуулах гэж бөөн юм болно. Байгууллагын шилдгүүдээ тодруулж, оны онцлох эрхмүүд оргилуун дарсаа буудуулаад, ид сайхан улаа бутарч байтал рестораны зохион байгуулагч нь гүйж ирээд “Хотын захиргааны хязгаарласан цаг болсон тул та бүхэн бушуухан заал чөлөөлнө үү “ гээд л гүйцээ.
 
Саяхан оны шилдгээр тодорч, эргэлдэн бүжиж явсан бүсгүйн царай арван жилээр хөгширч, тормогор  харцных нь гэрэл гэгээ хоромхон зуур алга болчихно. Инээд баяслаар цалгиж байсан залуусын толгойд “За байз, одоо хаачих вэ” гэсэн түгшүүрт бодол харван орж ирнэ. Байгууллагын дарга, эрх мэдэлтнүүд нь давын өмнө “Одоо яана аа.
 
Халамцаж хөөрсөн хүмүүс маань энд, тэнд ганц нэгээрээ явж байгаад  унаж, осгож сүйд болохгүй байгаа” гээд дор бүрнээ шинэ жилийн баяр хөөр нь хөөс адил замхарч, хоромхон зуурт бөөн зовлон, асуудал босоод ирнэ. Урьд нь ч ийм эмгэнэлтэй асуудал гарч байсан. Цаг боллоо гээд хөөгөөд гаргачихсан чинь нэгэн сайхан бүсгүй шинэ жилийн даашинзтайгаа осгож эндсэн гашуун түүх бий. Гэтэл Улаан­баатарт ажиллаж байгаа шөнийн цэнгээний газрууд бүгдээрээ 00:00 цагт  үйл ажил­лагаагаа дуусгаж, үйлчлүүлэгчдээ хөөж гаргаад хаалгаа тас хийтэл түгждэг гэж бодвол ёстой “NO” шүү эрхэм хотын дарга аа.
 
Таныг унтаж амарч байхад өглөөний 04:00 цаг хүртэл ажиллачихдаг дархан эрхтэй “үүрийн цэнгээний” газрууд байж л байна. Яагаад ингэж алагчилна вэ. Ядаж энэ шинэ жилээр ч болтугай шөнийн цэнгээний газруудыг  04:00 цаг хүртэл ажиллуулж болохгүй юу, баатар дарга аа. 21:00 цагтай уралдаж гоёж гоодсон хүүхнүүд маань ганц орой ч болтугай  шөнө хагаслан бүжиглэж наргиг л дээ.

Хүүхнүүд ч гэлтгүй эрчүүд бид ч шинэ жилийнхээ баярыг дурсамж дүүрэн, хөгжил цэнгэлтэй тэмдэглэмээр л байна. Захирагчийн ажлын албанд тусгай зөвшөөрлөө хураалгасан  шөнийн клубүүдээ ядаж шинэ жилийг дуустал нээж өгөөч ээ. Даанч ороод тухлах  боломжийн үнэтэй ресторан, баар, сав нь хүрэлцэхгүй байна. Одоо яах вэ, хотын дарга аа. Энэ асуултын хариуг яарал­тайхан өгөх цаг зав танд байх л учиртай.

Д.ТҮВШИН

Зохиогчийн эрх: “ӨГЛӨӨНИЙН СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж