Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ ба Монгол Улс

Монгол Улс энэ арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орноор элслээ. Тэр өдөр Вена хотноо болсон ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хурлаар Монгол Улсыг гишүүнээр элсүүлж, төв байрандаа Монголын төрийн далбааг залах ёслол хийсэн юм. ЕАБХАБ-ын гишүүнээр элсэх хүсэлтээ Монгол Улс 2011 оны намар албан ёсоор гаргажээ. Үүнтэй холбогдуулж ЕАБХАБ-ыг энэ жил даргалж буй Ирланд улсын Байнгын төлөөлөгч О.О"Лири, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нарын тэргүүлсэн ЕАБХАБ-ын удирдлага, Нарийн бичгийн дарга нарын газар, тус байгууллагын харъяа байгууллагын төлөөлөгчид өнгөрсөн зургадугаар сарын 3-6-ны өдрүүдэд Монголд ажлын айлчлал хийсэн юм.

Яагаад  Монгол Улс Европын гэсэн тодотголтой байгууллагад элссэн бэ гэдэг анхаарал татна. Тэгвэл ЕАБХАБ-д Европ, Хойд Европын бүс нутгаас гадна Төв Азийн зарим орон багтдаг. Нийт 56 улс тус байгууллагын эгнээнд нэгдэж байсан бөгөөд дэлхийн бүс нутгийн хамгийн том  энэхүү байгууллагад Монгол Улс саяхан 57 дахь бүрэн эрхт гишүүн нь боллоо. Байгууллагыг бүрдүүлдэг 57 орны хүн амын нийт тоо нэг тэрбумыг давна. Бас Канадын Ванкуверээс ОХУ-ын Владивосток хотыг хүртэлх  өргөн уудам газар нутагтай. Цаашдаа ч тус байгууллага үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж Евроатлант, Евразийн аюулгүй байдлын орон зайг хамарсан байгууллага болж өргөжих төлөвлөгөө гаргажээ. Түүх сөхвөл анх 1975 онд Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт Европын 33 орон, АНУ, Канад хамтран гарын үсэг зурснаар хүйтэн дайн үндсэндээ шувтарч байжээ.  Улмаар 1990-ээд оны эхээр ЗХУ, Холбооны бүгд найрамдах социалист Югослав улс задарч, Европ, Азийн газрын зурагт томоохон өөрчлөлт гарсан нь ЕАБХАБ-ын хүрээг тэлж, 2006 онд Монтенегро тусгаар улс болж элссэнээр 56 гигшүүнтэй болоод байв.

Тэгвэл энэ байгууллага ямар чиглэл, зорилготой ажилладаг вэ. Энэ талаас нь харвал ЕАБХАБ аюулгүй байдлын чиглэлийг дагнадаг байгууллага юм. Цэрэг, улс төр, Эдийн засаг, байгаль орчин, Хүний аюулгүй байдал гэсэн гурван чиглэлээр улс орнуудын аюулгүй байдлыг авч үздэг. Хэрэв гишүүн орнуудын аюулгүй байдлын эрх ашиг дээрх чиглэлүүдээр хөндөгдвөл түүнийг хэлэлцэж зөвшилцөлд хүрэх боломжийг ЕАБХАБ олгодгоороо давуу талтай. ЕАБХАБ дангаараа ажилладаг төдийгүй Европын холбоо, Европын комисс, НАТО зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа явуулдаг байгууллага юм. ЕАБХАБ нь бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс өгсүүлээд  хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, зэвсэгт мөргөлдөөн, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөлддөг, нийтийн зөвшилцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг байгууллага болохыг тус байгууллагын журамд тусгажээ.

Мөнхийн хоёр том хөрш гүрний дунд оршдог Монгол Улс газар зүйн байршлаасаа хамаарч бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр үйлчилдэг олон улсын механизмд шууд оролцох бололцоо нь зарим нэг талаас хязгарлагдмал явж иржээ. Бас Ази, Зүүн хойд Азийн бүс нутагт аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцдэг механизм бий болж амжаагүй байна. Гэтэл даяаршиж буй ертөнцөд аюулгүй байдлыг хамгаалахдаа зөвхөн дайн самуунаар төсөөлөх бус эдийн засаг, хүнс, хүний эрх, эрх чөлөө, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах шаардлагууд бий болж байна. Наад зах нь Монгол Улс хүний наймаа, хар тамхины сүлжээнд орооцолдож мэдэх эвгүй төлөв гарч ирээд буй.

Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Тэр бодлогоо бэхжүүлэх, шууд хил залгадаг хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөршүүд, Европын холбооны гишүүдтэй ч Монгол Улс илүү дотно харилцах бололцоог ЕАБХАБ бүрдүүлэх юм. Аюулгүй байдал, хамтын ажиллагааны нэр хүнд бүхий олон улсын энэ байгууллагад нэгдсэнээр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод дэвшил гарч гео-стратегийн хувьд ихээхэн ач холбогдол дагуулна гэж судлаачид үздэг байна. Монгол Улс ЕАБХАБ-д элссэнээр ийнхүү аюулгүй байдлаа бас нэг чиглэлээр баталгаажуулж авлаа гэсэн үг.

Монгол Улс тус байгууллагын хувьд шинэ тутам орон бас биш. Учир нь бүр 2004 оны арванхоёрдугаар сард Болгарын Софи хотод ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 12 дугаар бага хурлаар Ази тивээс тав дахь түнш орон болон нэгдэж байв. Тэгээд яг найман жилийн ой дээрээ бүрэн эрхт гишүүн нь боллоо гэсэн үг. Одоо Ази тивээс Япон, БНСУ, Тайланд, Афганистан, Австрали улсууд ЕАБХАБ-тай түншийн харилцаатай юм. Бас Газрын дундад тэнгисээс Алжир, Египет, Израйль, Йордан, Марокко, Тунис улсууд түнш.

Түнш байхдаа монголчууд зүгээр ажиглагч маягаар яваагүй, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн уламжлалтай. Улаанбаатарт 2009, 2010, 2011 онд дараалан ЕАБХАБ-тай хамтарсан олон улсын бага хурлуудыг хийж байв. ЕАБХАБ-ын Хилийн менежментийн коллежийн сургалтад Монголын  20 орчим хилчин, гаальчид хамрагдаж байжээ.

ЕАБХАБ-д элссэнээр ардчиллаа бэхжүүлж хөгжүүлэх, хил хамгаалалтыг сайжруулах, цагдаагийн чадавхийг сайжруулах, иргэний нийгмийг хөгжүүлэхэд илүү дөхөм болох сайн талтай. Бас гадаад орнуудад хорих ял эдэлж байгаа иргэдээ ялтан солилцох зарчмаар солилцох бололцоо ч нээгдэх төлөвтэй.

Ирэх арванхоёрдугаар сарын 6-7-нд Ирландын Дублин хотод ЕАБХАБ-ын гишүүн орнудын Сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хурал болно. Түүнд Гадаад харилцааны сайд Л.Болд Монголоо төлөөлөн бүрэн эрхт гишүүний хувьд анх удаа оролцохоор болоод байна.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж