Замын шон ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Замын шон ямар үнэтэй вэ?

Нийтийн тээврийн болон дунд сургуулийн автобус давуу эрхтэй зорчих хотын төвийн замуудыг тусгаарлан танилцуулсан улаан шонгууд замын хажууд жирийлдэх болсныг та лав санаж байгаа байх. Тэгвэл эдгээр шонгууд ямар үнэтэй вэ гэдгийг одоо сонирхоё. 

Уян түмбэ буюу улаан, резинэн тусгаарлагчтай 15 метрийн зайтай энэхүү шоншууд нь нь суурилуулалтын хөлстэйгээ нийлээд 18 мянган төгрөгийн өртөгтэй. Гэвч өнөөдөр хаа сайгүй л шалчийтал мөргүүлж эвдэрч хэмхэрсэн шонгууд сэрийлдэж байгаа учраас ийнхүү эдгээр шонгийн үнэ өртгийг сураглах санаа төрсөн хэрэг л дээ. Уг нь бол энэ шон нь 3000 удаагийн нугарлыг тэсч гарах чадалтай гэж байгаа юм.

Албаны мэдээллээр 2720 ширхэг шонг замд суурилуулахаар бэлтгэсэн ч одоогийн байдлаар 1500 гаруй шонг суулгаж, үлдсэнийг нь нөөцөлсөн ч өдөр бүр сольдог гэнэ.

Багагүй үнэтэй энэхүү шонг мөргөн гэмтээгчид нь мэдээж хэрэг нийтийн тээврийнхэн буюу том оврын автобусныхан. Үүнд автобусны жолооч нарыг хэлмэгдүүлж байна гэх гомдол гарч магадгүй. Гэхдээ л нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийн том оврын автобус зорчиж байгаа учраас бас тэд л ийм алдаа гаргадаг гэсэн локигоор ийн онцолсон хэрэг. Мэдээж бусад нь ч бас ийм алдаа гаргадаг л байх. Жолооч нар энэ шонг мөргөлөө ч “Энийг мөргөлөө гээд яах вэ дээ, резинэн юм чинь миний машин яах ч үгүй” гэж бодвол эндүүрэл. Учир нь нэг ширхэг тусгаарлах шонг мөргөсөн жолоочийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д зааснаар торгуулийн арга хэмжээ авах эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.

ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Энхболд “Тусгаарлах шонг мөргөсөн, гэмтээсэн жолооч нь нэг шонгийн 18 мянган төгрөгийг гурав дахин нугалж буюу 54 мянган төгрөг төлөх ёстой. Энэхүү торгуулийн мөнгөө “Улаанбаатар зам засвар, арчлалт” нийслэлийн өмчит компанид торгуулийн мөнгийг төлүүлээд тэр мөнгөөр буцаан эвдэрсэн шонг нөхөн тавиулж байгаа.” гэлээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж