Нийслэлийн ирэх оны төсвийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ирэх оны төсвийг баталлаа

НИТХ-ын зургадугаар хуралдаан өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлж, дөнгөж саяхан нийслэлийн 2013 оны төсвийг баталлаа. Энэ жилийн тухайд төсвийн орлого өмнөх жилийнхээс өссөн бөгөөд хөрөнгө оруулалт ч нэмэгджээ. Ирэх оны төсвийн орлогыг 358 сая 300 сая төгрөг, харин зарлагыг 354 тэрбум 665 сая төгрөг байхаар тооцсон байна. Төсвийн орлого нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2,2 дахин өссөн бол зарлага 2010 оны үеийнхээс 3-4 дахин өснө гэж тооцоолоод байгаа аж.

Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд 2-3 эмнэлэг, дөрвөн цэцэрлэг барихаар тусгажээ. Мөн авто замын ажилд хамгийн их буюу 93,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. “Энэ жилийн төсөв өмнөх жилүүдийнхээс их батлагдаж байгаа. Үүнийгээ дагаад орон нутагт ч их хэмжээний мөнгө очно. Харин орлого их байхын хэрээр зарлага их гардаг. Үүнийг харгалзан үзээд бид ирэх жилийн зардлыг 20 хувиар танасан” гэж нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ярьсан юм.

Дашрамд дурьдахад, ирэх жилээс орон нутаг төсвөө захиран зарцуулах эрхтэй болж байгаа билээ.

Б.СҮХ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж