
Аймаг, хөдөө орон нутгаас тусламж хүссэн санал, хүсэлт ирээгүй гээд налайж суусаар цагийг нь тулгадаг зуршил Улсын онцгой комисст бий. Ингэж хүлээлгүй, байнгын бэлэн байдалд байж, санаачилгатай ажиллахыг зөвлөөд аймгуудын цэргийн ангийн машинуудыг даваа, зам харгуйн цас арилгахад дайчлахыг үүрэг болголоо.
Мөн Улсын онцгой комиссийг яаралтай хуралдуулж, өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймгуудад хүрч ажиллах төлөвлөгөө гарган өнөөдрийн дотор багтаан танилцуулж маргаашаас ажлаа эхлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад 2012 оны 12 дугаар сар, 2013 оны эхний сард цас олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй орж, агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Одоо цас ихтэй байгаа нутгаар цасны зузаан улам нэмэгдэж иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, малчдын амьдрал ахуй хүндэрч магадгүй байна. Иймд ниргэсэн хойно нь хашхирах биш, урьдчилж бэлтгэл хангадаг зарчмаар Улсын онцгой комисс ажиллах учиртай гэдгийг Ерөнхий сайд комиссийн гишүүдэд анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.