
нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас төв, орон нутгийн нисэх буудлуудын
үйлчилгээ, тулгамдсан асуудлуудын талаар өнөөдөр Мэдээлэл холбооны
сүлжээ ТӨК-ийн видео хурлын танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион
байгууллаа.
Ирэх сард болох иргэний нисэхийн салбарын удирдах
ажилтны зөвлөлгөөний өмнө ИНЕГ-аас салбарынхаа тулгамдсан асуудал,
тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэд хэдэн чиглэлээр хэлэлцүүлэг
зохион байгуулж байгаа. Эхний хоёр удаагийн хэлэлцүүлгээр иргэний
нисэхийн салбарын эрх зүйн орчин, хяналт зохицуулалт, нислэгийн аюулгүй
байдал, аэронавигацийн үйлчилгээний талаар харъяа байгууллагууд, агаарын
тээвэрлэгчдийн төлөөллийг оролцуулан хэлэлцсэн. Энэ удаад төв, орон
нутгийн нисэх буудлуудын үйлчилгээ, тулгамдсан асуудлуудын талаар орон
нутгийн бүх нисэх буудлуудын удирдлага, ажилтнуудтай онлайн хурал хийж,
тэдний санал бодлыг сонссон юм. Орон нутгийн нисэх буудлуудын гүйлтийн
зурваст өргөтгөл хийж, том онгоц хүлээн авах боломжтой болгох, техник,
тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гээд орон нутгийн нисэх буудлуудад үе
шаттайгаар хэрэгжүүлээд эхэлсэн ажлуудыг өргөжүүлэх боломжийн талаар
санал бодлоо илэрхийллээ.
Одоогийн байдлаар манай улсад нэгдүгээр
зэрэглэлийн “Чингис хаан” олон улсын буудал, хоёрдугаар зэрэглэлийн
Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод аймгийн
буудал, гуравдугаар зэрэглэлийн Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий,
Сүхбаатар аймгийн буудал, дөрөвдүгээр зэрэглэлийн Ховдын Булган, Завханы
Тосонцэнгэл, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Хархорин, Дундговийн
Мандалговь, Булган аймгийн буудлууд үйл ажиллагаа явуулж байна. Орон
нутгийн есөн нисэх буудалд дотоодын гурван агаарын тээвэрлэгч тогтмол
нислэг үйлдэж байна. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн нисэхийн
салбарт олноор орж ирж байгаатай зэрэгцээд хувийн нисэх буудлууд ч
баригдахаар төлөвлөгдөж байна. Хөвсгөлийн Цэцэрлэг, Могойн гол, Завханы
Дөрвөлжин, Ховдын Дарви, Хөшөөт, Говь-Алтайн Цээл, Алтайнхүдэр,
Баянхонгорын Шинэжинст, Дорноговийн Сайншанд, Замын-Үүд, Өмнөговьд
Овоот, Тавантолгой, Оюутолгой гэсэн газруудад хувийн хэвшлийнхэн шинээр
нисэх буудалд барихаар төлөвлөжээ.
Манай улсын гадаад, дотоодын
зорчигч тээврийн гол зангилаа болсон “Чингис хаан” олон улсын буудлаар
энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар 930,196 зорчигч үйлчлүүлсэн нь
өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22,8 хувиар өсчээ. Мөн ачаа тээвэрлэлт
5,6, буулт, хөөрөлтийн тоо 25,1 хувиар өссөн байна.