Манай улс НҮБ-д гишүүнээр элссэнээсээ хойш Ерөнхий Ассамблейд 20 орчим асуудлаар нийт 50 гаруй тогтоол санаачлан батлуулсан байдаг. Сая батлуулсан тогтоол нь 10 жилийн дараа манайх дангаараа санаачилсан тогтмол хэлэлцэх тогтоол юм. Ардчиллын боловсролын асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн байнгын анхаарлын төвд орох бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хоёр жилд нэг удаа хэлэлцэгдэнэ.
Энэхүү тогтоолоор батлуусанаар Ардчиллын боловсролын асуудлыг НҮБ-ын ЕА-н чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулсанаараа ач холбогдолтой юм. Ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын ЕНБД илтгэл гаргах, мөн Боловсролын асуудлаарх Тусгай илтгэгчийг энэ асуудалд анхаарч, тусгай санал зөвлөмж бүхий дүгнэлт гаргахыг уриалсан нь өндөр ач холбогдолтой болсон юм.
Мөн түүнчлэн тогтоол нь Ардчилсан засаглал, энхтайван, хөгжил, хүний эрх болон бусад үндсэн эрх, эрхчөлөөг хамгаалах болон урагшлуулах зэрэг нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой, харилцан шүтэлцээтэй байдгийг нотлон гишүүн орнуудад ардчиллын боловсролын асуудлыг иргэний болон хүний эрхийн боловсролын хамт өөр өөрсдийн боловсролын тогтолцоондоо тусгах, үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулах зэргийг уриалсан болно.
Өмнө нь “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг”, “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах”, “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил”-ийг (2003-2012 он) зарлан тэмдэглэх, “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоох чиглэлээр Засгийн газруудын тавьж буй хүч чармайлтад НҮБ-ын системийн зүгээс үзүүлэх дэмжлэг“, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг хангах тухай зэрэг тогтоол багтаж байсан. Манай улсын санаачилгаар 2012 оныг “Хоршооллын олон улсын жил” болгон зарласан билээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.