-Транспоем урсгалын талаар танилцуулахгүй юу?
-Хүмүүс энэ урсгалыг транс хөгжимтэй андуурч магадгүй. Гэхдээ транс хөгжмөөс олон талаараа ялгаатай. “Trans” гэдэг үг нь хувирах, хувилах гэсэн химийн хэллэг бөгөөд молекул доторх ижил хэмжээтэй ч, хоёр өөр үүрэг гүйцэтгэдэг атомыг хэлдэг юм билээ. Транспоем гэж нэрлэх болсны шалтгаан нь хөгжим, аялгуугаар яруу найргийг тэтгэж буйд оршино. Хөгжим, яруу найргийн хавсарсан дууны урлагийн эсрэг хөрвөсөн урлаг гэсэн үг л дээ. Дуу бол ая, аялгуунд зориулан үг бичиж байгаа бол транспоемд яруу найрагчийн өөрийн уншилтын хоолойны өнгөнд хөгжим тохируулан хийдэг шинэ урлаг. Монголдоо төдийгүй дэлхийд шинэ. Яг одоогоор дэлхийд ийм урлагийн төрөл байхгүй. Монголчуудын хувьд монгол хүний уураг тархинаас бүтэж байгаа урлагийн шинэ төрөл юм.
-Анхны транспоем клипийн тухайд?
– “Би одоо яана” гэдэг шүлгээ клипжүүлсэн. Хөгжмийг нь Б.Наранзун хийж, “Pro sound” студийн Рагу нар ажилласан. Клипийг сонирхоод үзээрэй. Клипэнд гарч байгаа тэр өндөр сандал 5,5 метр өндөртэй. Тавцан нь газраас дээш 3,2 метрийн өндөрт. Тавцан дээр гараад шүлэг уншина гэдэг үнэхээр гайхалтай, тасархай мэдрэмж байлаа. Ялангуяа Сэлэнгийн Тужийн нарсад очоод тэр сандал дээрээс шүлгээ уншиж байхад шүлэг бичсэний утга учрыг үнэхээр мэдрэх шиг болсон. Жинхэнэ яруу найрагч хүн авч болох таашаалыг тэнд би авсан.
-Дараагийн клип хэдийд үзэгч, сонсогчдод хүрэх бол?
-Дараагийн клипээ тун удахгүй хийхээр төлөвлөөд байгаа. Мэдээж эхний уран бүтээлээ шинэлэг бадлаар хийсэн болохор хүмүүс сайхан хүлээж авч байна. Дараагийн уран бүтээлийг ч гэсэн өвөрмөц шийдэлтэй, хүмүүсийн сэтгэлийг баясгам бүтээл туурвихыг зорьж байна. Уран бүтээлч хүний гол зорилго бол нэг ч гэсэн хүний сэтгэлийн утсыг хөндөж, баярлуулж, сэтгэл хөөрлийг бий болгох. Би энэ бүхнийг ганцаараа хийгээгүй. Монголын чадварлаг олон уран бүтээлчдийн хүч, дэмээр бидний ажил бүтэж байна.
-Та өмнө нь ямар урсгал, чиглэлээр уран бүтээлээ туурвиж байв?
-Миний зорьж байгаа чиглэл бол транспоем гэж энэ урсгалыг өөрийн гэсэн өнгө төрхтэй, төсөлтэй, илэрхийлэмжтэй болгохын төлөө ажиллаж байна. Одоо бол би транспоемыг эхлүүлж байна. Цаашид хөгжүүлэх, дэлгэрүүлэхийн төлөө ажиллана. Үүнээс өмнө би сюрреалист, контемперари чиглэлээр бичиж байсан. Эрэл хайгуулынхаа үр дүнд “Шинэ үнэрт шингэн биет шүлэгс” номоо гаргасан. Үүнд, дээрх хоёр чиглэлийн шүлгүүд багтсан. Тэр ч бүү хэл энэ хоёрын алинд нь ч хамаарахгүй шинэ чиглэлийн шүлгүүд байгаа. Тэр нь транспоем юм.
-Яруу найрагчдын гаргасан цомог, клипүүд байдаг шүү дээ. Түүнд мөн л шүлгийнхээ ард олны танил аяз, аялгууг дэвсэн чимэглэсэн байдаг. Таны хувьд залуусыг илүүтэй татахын тулд дэлхийг байлдан дагуулж байгаа транс хөгжмийг сонгосноороо онцлог гэж ойлгож болох уу?
-Хэдийгээр хоёулаа хөгжимтэй, шүлэгтэй харагдаж байгаа боловч, нэг нь р огт тусдаа бичигдсэн хөгжмийн бүтээлийг тэс өөр яруу найргийн бүтээлтэй нийлүүлж хүргэдэг. Тэр асуудал дээр бүтээл, оюуны өмч талаасаа юу болж байгаа бол. Миний гаргаж байгаа транспоемд бол тухайн яруу найраг, найрагчийн хоолойны өнгөнд тохируулж, өөрийн гэсэн бүтээлийг зориулж хийлгэж байгаагаараа 100 хувь оюуны, урлагийн бүтээл болж чадсан юм. Бас нэг гол онцлог нь шүлгийг хөгжмөөс нь салгачих юм бол хөгжмийн зохиолчийн хэлснээр юу ч биш, зүгээр л нэг аялгуу. Шүлгэн дээрээ тавихаар л хөгжмийн бүтээл нь амилдаг, тэр хөгжмийн үүрэг нь шүлгээ тодруулах, хүнд хүргэх тийм л зорилготой. Б.Наранзун өөрөө үүнд нэлээд цаг хугацаа зарцуулж, ажилласан. Тэрээр маш олон удаа миний шүлгүүдийг уншуулж, диктафон, комьютерт бичиж авч, түүн дээрээ өөрөө сууж ажиллаж байж энэ бүтээл гарсан. Түүнээс биш би нэг газар шүлэг тэрлэн, Б.Наранзун тусдаа хөгжим бичиж нийлүүлсэн зүйл бол биш. Шүлгэнд зориулж бичсэн хөгжим гэдгийг онцолмоор байна.
-Таны анхны шүлгийн ном нэлээд хожуу мэндэлжээ?
-Тийм шүү. 2011 онд би анхны “Шинэ үнэрт шингэн биет шүлэгс” номоо гаргасан. Түүнээс өмнө ном гаргах боломж байсан ч яараагүй. Өөрийгөө чухам юунд зорьж байгааг ойлгох хүртлээ ном гаргахыг хүсээгүй. Одоо миний бичсэн шүлгүүд дотор ч энэ номтой маань дүйцэхүйц хэмжээний элбэг хоёр гурван ном гарчихаар шүлгүүд байна. Би бичсэн болгоноо хэвлэхгүй гэсэн бодолтой байдаг.
-Номын нүүрний зургийг харахад л өөрийн тань яруу найргийг “амтлах” хүсэл төрсөн л дөө?
-Миний номны хавтасны дизайн дээр “Ирмүүн” агентлагийн н.Доржманлай гээд залуу ажилласан. “Ирмүүн”-д мундаг чадалтай залуус ажилладаг юм билээ. Номын дотор дизайныг “Мөнхийн үсэг” хийсэн.
-Та хэдэн жил шүлэг тэрлэж байна вэ?
-Анх багадаа хүүхдийн дотоод сэтгэлийн мэдрэмжийг дуурайгаад хийж байсан тэр үйлдэл бол бас л шүлгийн бүтээл. Бичиг, үсэг сурснаасаа эхлээд шүлэг оролдож эхэлсэн. Дунд сургуульд байхдаа шүлэг, найргийн уншлагын тэмцээнд их оролцдог байсан. Тэр маань ч өнөөдөр өөрийн шүлгийг өөрийн дуу хоолойгоор унших үндэс суурийг тавьсан байх. Ээж маань намайг их дэмжин хичээллүүлдэг байсан. Ер нь яруу найраг, шүлэг их сонирхдог, түүгээр амьсгалдаг. Ээж, аав хоёр маань ч яруу найрагт дуртай. Социалист нийгмийн үед чинь яруу найраг, “Болор цом” наадам маш хүчтэй байлаа шүү дээ. Өнөөдрийн цаг хугацаанд жаахан бүдгэрчихээд байгаа болохоос биш. Аливаа юм чинь өгсөлт, ураадалттай байдаг учраас эргээд яруу найраг хүчээ авч сэргэх ёстой. Шинэ залуу хүмүүс бид нар шинэ өнгө төрхөөр харах ёстой. Дууны урлаг гэхэд л ганцхан дуулахаа болчихсон шүү дээ. Дуучин, жүжигчин, хувцас дизайн, загварын ертөнцийг ашигладаг модель байх шаардлагтай болчихсон. Видео урлаг, орчин үеийн хөгжмийн урлагийн мундаг техник, технологийг ашигладаг. Гэтэл яруу найраг аль хэдэн мянган жилийн өмнө цаасан дээр бичигддэг байсан хэвээрээ байж болохгүй байхгүй юу. Өнөөдөр эргүүлээд орчин үеийн хүчирхэг урлагийн төрлүүдийг ашиглах ёстой. Үүний үндэс суурийг тавих үүднээс транспоем чиглэлийг гаргах хэрэгтэй.
-Та өөрийгаа чөлөөт уран бүтээлч гэсэн шүү дээ. Яруу найргаас өөр ямар ажил эрхэлдэг вэ?
-Би хувийн бизнес эрхэлдэг. Англи хэлний “Moving English” гээд сургалтын төвийг ажиллуулдаг. Өмнө нь телевизийн студи ажиллуулан реклам, сурталчилгаа хийдэг байсан. Ерөнхийдөө хувийн салбарт ажиллаж байна даа.
-Тэгвэл телевизийн студид ажиллаж байсан тань өнөөдөр энэ урсгалаар ажиллахад нөлөөлсөн байх нь ээ?
-Тэгж хэлж болно шүү. Би 2000-2006 он хүртэл телевизийн студи ажиллуулж байсан. Видео, студи, реалити шоу хийж байсан. Тийм болохоор телевизийн урлагтай ойрхон гэж болно шүү.
-Энэ шинэ урсгалаа оюуны өмчөөр баталгаажуулж, эрхийг нь авсан уу?
-Аливаа шинэ бүтээлийг хийсэн тэр хором мөчөөс эхлээд оюуны өмчийн эрх нь үүсч байдаг. Тэрийг баталгаажуулж илүү бодитой болгохоор оюуны өмчийн газраас эрхийг нь авдаг. Түүнийгээ удахгүй хөөцөлдөж авна.
Г.ДАША