Нярайн өлгий, даавуунд стандарт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Нярайн өлгий, даавуунд стандарт тогтоов

Амаржих газруудын нярай хүүхдэд хэрэглэж байгаа даавуу, өлгий нь шаардлага хангахгүй, мөн импортоор орлуулж ирж байгаа бүтээгдэхүүнд тавих хяналт сул байгаагаас нярай хүүхдийн арьсны харшил, хорт хавдараар өвчлөх зэргээр эрүүл мэнд хохирсоор байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр Стандартчилал, хэмжил зүйн газар, Нэхмэлийн хүрээлэн, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эх хүүхдийн II дугаар амаржих газруудтай хамтран судалгаа хийсний үндсэн дээр, Амаржих газарт хэрэглэх нярай хүүхдийн даавуун хэрэглэл мөн хүүхдийн өлгийний стандартуудыг боловсруулан Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар баталсан байна.

Тухайлбал “Амаржих газарт нярай хүүхдэд хэрэглэх даавуун бүтээгдэхүүн. Техникийн шаардлага MNS …. 2012” стандартад зааснаар амаржих газарт төрсөн нярай хүүхдийг эх барьж авч өлгийдөхөд дараах нэр төрлийн нэхмэл бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Үүнд: 1. Ариун даавуу буюу эхийн даавуу (хөвөн нимгэн даавуу), 2. Өлгийн даавуу (хөвөн нимгэн даавуу ба хөвөн илбэрэг даавуу), 3. Өлгий (ноосон хөнжил) зэрэг юм. Нярай хүүхдэд хэрэглэх ариун даавуу нь нимгэн зөөлөн, цайруулалт хийгээгүй, хөвөн нимгэн даавуу юмуу давхарлаж оёсон самбайгаар үйлдвэрлэнэ. Харин нярай хүүхдийн өлгийг хялгасыг нь ялгасан хонины ноосоор, өлгийн даавууг цагаан, цайвар гүехэн өнгөтэй, цулгуй буюу хээтэй хөвөн нимгэн даавуугаар үйлдвэрлэнэ. Нярай хүүхдийн даавууны задгай ирмэгийг нугалахгүйгээр захлах машинаар бүтээгдэхүүний өнгөн талаас хэрж оёсон байх бөгөөд хэрээс оёдлын өргөн 0,5 см-ээс багагүй байх юм.

Мөн “Хүүхдийн өлгий. Техникийн шаардлага MNS 491 : 2012” стандартад зааснаар хүүхдийн өлгийн иж бүрдэлд дараах бүтээгдэхүүн хамаарна. Тухайлбал: Нимгэн даавуун, захгүй цамц 1 ш, Үслэг зузаан даавуун, захтай цамц – 1 ш, Үслэг зузаан даавуун, захгүй цамц – 1 ш, Ноосон хөнжил – 1 ш, Хөнжлийн даавуу – 1 ш, Малгай – 2ш (хөвөн илбэрэг даавуун – 1 ш, хөвөн нимгэн даавуун – 1 ш), Дан даавуу – 6 (хөвөн илбэрэг даавуу – 2 ш, хөвөн нимгэн даавуу – 4 ш), Бээлий – 1 хос, Хулдаас – 1 ш, Бүс – 3 ш байх юм. Хүүхдийн өлгийн иж бүрдлийг цагаан, цайвар өнгийн цулгуй болон хээтэй 100%-ийн хөвөн даавуугаар үйлдвэрлэнэ. Түүнчлэн өлгийн ноосон хөнжлийг хонины ноосоор үйлдвэрлэх бөгөөд хэрэглээний шаардлага хангасан сүлжмэл материалаар ноосон өлгийг орлуулж үйлдвэрлэж болох юм.

Хүүхдийн өлгийн иж бүрдэл болон нярай хүүхдийн даавуун хэрэглэлийг үйлдвэрлэгч байгууллагын баталсан технологийн зааврын дагуу үйлдвэрлэх бөгөөд энэ нь нэхмэлийн бүтээгдэхүүнээр нярай хүүхдийн өлгий, даавуу үйлдвэрлэх, худалдах, худалдан авах явцад хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын нийтлэг шаардлагуудыг тогтоож байгаа заавал мөрдөх стандарт ажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж