
Орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад МАН-ыг байнга сонгож ирсэн уламжлалтай аймгууд АН-д саналаа өгч, харин АН-ыг дэмжиж байсан газрууд сонголтоо эсрэгээр өөрчилжээ. Тухайлбал, хэзээ ч “цэнхэр” сонголт хийж, ардчиллыг дэмжиж үзээгүй Увс аймгийн сонгогчид энэ удаа АН-д түлхүү санал өгөв. Аймгийн ИТХ-ын 41 суудлын 25-ыг АН эзэлжээ. МАН, АН хоёр өгөө аваатай явж ирсэн Баян-Өлгийд АН 32 мандатын 20-ыг эзэлж дийлэнх олонх боллоо. Уг нь ардчиллыг анх эхлүүлэгсдийн эгнээнд явсан ч яагаад ч юм “улаан” сонголтын эзэн болсон Ховд аймагт 41 суудлын 26 нь ардчиллынх болжээ. Сүхбаатар аймаг эрс ардчилагчид болж 33 суудлын 25-ыг АН-д өгч “цэнхэртэв”. Бас дандаа МАН байсан Төв аймгийнхан 41 мандатын 20-ыг АН-д өгч МАН-ыг 18 суудалтай үлдээж МАХН-д үлдсэн гурван мандатыг оноожээ. Орхон аймгийн 31 мандатын 19-ийг АН-д өгч үнэмлэхүй олонх болгов.
УИХ-ын сонгуульд ерөнхийдөө МАН-ыг дэмжиж ирсэн Булганыхан АН-д 17, МАН-д 14 суудал өгч МАХН-д хоёр суудал ногдуулж үндсэндээ баланс бариулав. Уул уурхайн орон болж байгаа Өмнөговь аймгийнхан 33 мандатын 21-ийг ардчилалд оноожээ. Ингэж улаан сонголттой явж ирсэн аймгуудад шинэчлэлийн хамтарсан Засгийн газраа байгуулсан АН-ынхан хөлтэй боллоо.
Тэгвэл ардчилагчдыг дэмжиж ирсэн аймгуудаас сонголтоо сольсон нь ч байна. Орон нутгаас ардчиллын бэлгэдэл болж ирсэн, ардчилсан хувьсгалын эхний өдрүүдэд өлсгөлөн, тэмцэл өрнүүлж, парламентад ардчилагчид суудалгүй шахам үлдэж байхад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан гээд ардчиллын лидерүүдэд саналаа өгч өдийг хүрсэн Хөвсгөл аймгийнхан энэ удаа “улаан” сонголт хийж имижээ эрс өөрчлөв. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 41 суудлын 23 нь МАН-ынх болж, 18-ыг АН-д өгчээ.
Ардчилалд элэгтэй Дорнод аймгийнхан 35 суудлынхаа 18-ыг МАН-д өгөв. УИХ-ын 2008 оны сонгуулиар ардчилалд битүү санал өгч байсан өвөрхангайчууд 41 суудлынхаа 24-ийг МАН-д харьяалуулав. Өнгөрсөн зун Нийслэлийн ИТХ-д АН-ыг давуу болгосон нийслэлийнхэн алсын гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайхад МАН-ыг ялуулжээ.
Ингэж АН-ынхан тулгуур болж байсан зарим аймагтаа засаг баримагцаа “хөл алдав”.
Хэзээнээсээ “улаан” Говь-Алтай “үерхэлдээ үнэнч” үлдэж, 35 суудлын 21-ийг МАН-д өгчээ. Завханыхан ч ялгаагүй МАН-аа дэмжиж, 41 суудлын 28-ыг улаан өнгөөр будав. Говьсүмбэр 17 мандатынхаа есийг МАН-д өгчээ. МАН-д талтай дундговьчууд 35 суудлын 19-ийг ууган намын төлөөлөлд оноожээ. МАН талд саналаа өгдөг Дархан-Уул аймгийнхан энэ удаа ч өмнөх сонголтоо давтав.
Архангайнхан ардчиллыг дэмждэг сонголтоосоо няцсангүй, 37 мандатын 20 нь ардчилалд очлоо. Баянхонгор аймгийнхан энэ удаа ч ардчилсан сонголт хийж 41 суудлынхаа 25-ыг АН-д өгчээ.
Ийнхүү хамтарсан Засгийн газрыг тэргүүлж байгаа АН-ынхан 12 аймагт хөлтэй болж, есөн аймгийг МАН-д алджээ. Бас нийслэлийн есөн дүүргийн гуравт нь МАН илүү суудал авлаа. Залхуу сонгогчидтой төвийн зургаан дүүрэгт аль нам ялах, Э.Бат-Үүл баатрын баг дүүрэг, хороондоо “хөлтэй” болох эсэхийг дахин сонгуулиар тодруулна.