
“Хүчит шонхор” хүнсний захын түрээслэгчид ирэх арванхоёрдугаар сарын 3 буюу даваа гаригт Эрх чөлөөний талбайд өлсгөлөн зарлах болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тэмцлийн ийм хэлбэрийг сонгоод байгаа нь захын удирдлагуудаас үзүүлэх дарамт хэрээс хэтэрсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй юм. Учир нь тус захын наймаачдын тайлбарлаж буйгаар удирдлагууд нь жижиг сажиг зүйлээр шалтаг эрж торгодог, Үйлдвэрчний эвлэлийн хороогоо татан буулгах ёстой гэсэн зүй бус шаардлага тавьсан. Түүгээр ч зогсохгүй Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын талаар цагдаа, шүүхийхэнд гомдол гаргаж, дарамт учруулаад зогсоогүй наймаачдын лангууг хүртэл лацадсан тухай түрээслэгчид өнөөдөр мэдээлэл хийв. Наймаачид ажил, орлогоо алдахгүйн тулд захынхаа удирдлагуудтай дээрх асуудлаар зөвшилцөж, шийдэлд хүрэхийг оролдсон ч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс өлсгөлөн зарлахаас аргагүй байна гэж наймаачид мэдэгдлээ.
Г.ДАРЬ