
-2013 оны төсвийн тодотголыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж байна. Танай “Шударга ёс” бүлгийн хувьд энэ удаагийн чуулганд ямар байр суурьтай оролцож байгаа вэ. Ирэх оны төсвийн гол онцлог нь юу байна?
-Манай бүлэг уржигдар бүлгийн хуралдаанаа хийж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бүхэлд нь дэмжье гэсэн шийдвэрийг гаргасан. Өмнө гарч байсан мөрийн хөтөлбөрүүдийг бодвол энэ удаагийн мөрийн хөтөлбөр шинэчлэлийн бодлогоороо түлхүү, далайцтай 2 их наяд төгрөгийн төсвийг хэлэлцэж байгаараа онцлог байна. Ирэх оны төсөв иргэддээ хүрсэн нийслэлийн иргэдэд тулгамдаж буй амин чухал олон асуудлыг шийдэж байгаагаараа онцлог учраас бид дэмжих байр суурьт нэгдсэн.
-Танай бүлгээс ирэх оны төсвийн хэлэлцүүлэгт ямар ямар саналуудыг тусгаад байна?
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан арга хэмжээг жил бүрийн хуваарьтайгаар ач холбогдлоор нь эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээг авах, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ажлыг аажмаар хувьчлах, хувийн үйлчилгээ хангамжийн тогтолцоонд шилжүүлэх. Төрийн ажил үйлчилгээний шуурхай ил тод байдлыг хангах, 2013 оноос жил бүрийн төсөв төлөвлөгөөний эдийн засаг-санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд шалгуур үзүүлэлтийг тодорхой тогтоож ажиллах, улмаар жил бүрийн хөгжлийн зорилт, төсвийг онцлох сэдэвтэй өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн ажиллах ёстой гэсэн санал гаргаж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн.