“Томхон” хадгаламжтай нь хохироод л үлдэх үү

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

“Томхон” хадгаламжтай нь хохироод л үлдэх үү

Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэллээ. Батлагдвал ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.

Эдийн засгийн хямралын үед төрөөс иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг баталж байсан. Ингэснээр тухайн үедээ нуран унахад ч бэлэн болчихоод байсан банк, санхүүгийн системийг аварсан юм билээ. Хуулийн хэрэгжих хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болж байгаа. Гэхдээ төр иргэдийн хадгаламжийг зөнд нь орхиж болохгүй учраас Хадгаламжийн даатгалын тухай хуулийг санаачлан, өргөн бариад байгаа нь энэ. Уг хуулийг баталснаар нийт хадгаламж эзэмшигчдийн 95 орчим хувийнх нь хөрөнгө ямар нэгэн эрсдэлгүй болж, даатгагдана гэж төсөл санаачлагчид тооцоолжээ.
 
Төрөөс 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг даатгана. Хэрвээ 20 саяас дээш үнийн дүнтэй хадгаламж эзэмшдэг бол тухайн банк дампуурсан тохиолдолд нөхөн олговрын дээд хэмжээ болох 20 сая төгрөгөө” авах юм байна. Нэг ёсондоо томоохон хадга­ламж эзэмшигчид тойргийн гадна үлдэх нь. Уг нь тэдний хуримтлуулсан мөнгө нийт банкны систем дэх хадгаламжийн 90-ээс дээш хувийг бүрдүүлдэг. Харамсалтай нь даатгалд хамрагдахгүй. Хамрагдлаа ч дээд тал нь 20 сая төгрөгөөр даатгагдана.

Томчуулын хөрөнгийг хамгаалах гээд байгаа юм биш. Банк, санхүүгийн системээ үнэхээр хамгаалъя гэж байгаа бол нийт хадгаламжийнхаа 90 гаруй хувийг сул орхиж яагаад ч болохгүй шүү дээ. Шинээр батлагдах гэж буй хуулийн эцсийн зорилго банкны системийг хамгаалах. Өөрөөр хэлбэл, иргэдийг хадгаламжаа татаж, банкны системийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд төрийн зүгээс хамгаалалт хийж буй хэлбэр.

Харин одоо байгаа зохицуулалтаар бол банкны систем гэхээсээ илүү хадгаламж эзэмшигчдийг л хамгаалаад байна. Иргэдийн хадгаламжийн хэмжээ тав орчим их наяд төгрөгт хүрсэн. Үүний 98 хувийг баячуудын хадгаламж эзэлж байгаа гэж тооцвол үлдсэн 200 орчим тэрбум төгрөг л төрийн хамгаалалтад орох нь. Тэгэхээр хадгаламж эзэмшигчид гэхээсээ илүү мөнгөн хөрөнгийг даатгалд хамруулах хэрэгтэй гэж хэлэх эдийн засагчид байгаа юм.

Илүү хадгаламжтай хүмүүсээс даатгалын төлбөрийг илүү аваад, тэр хэрээрээ мөнгөн хөрөнгийг нь хамгаалдаг байхад юу нь болохгүй гэж.
 
Хуулийн дагуу хадгаламжийн даатгалын корпорацийг төрийн өм­чийн байгууллага хэлбэрээр бай­гуулна. Энэ корпораци иргэдийн хадга­ламжаас даатгалын хураамжийг авч, даатгалын санд төвлөрүүлэх, даатгал үүссэн тохиолдолд нөхөн төлбөр хийх гэх мэт үйл ажиллагааг хариуцах юм билээ.

Өнгөрсөн хугацаанд төрийн дэргэд байгуулагдаж байсан сангуудаас хамгийн баян нь байх биз. Тэр хэрээр хамгийн шилдэг менежменттэй, ил тод, нээлттэй байх ёстой. Харин хадгаламжийн даатгалын корпораци болон сангийн хөрөнгийн зарцуулалтыг чухам хэрхэн нээлттэй байлгах вэ гэдэг нь тодорхойгүй. За энэ ч яах вэ, тэгсхийгээд болох биз. Нэгэнт л төрийн дэргэд сан байгуулж байгаа юм бол сангийн хөрөнгийг улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалтад тодорхой хэмжээнд зарцуулах л хэрэгтэй. Энэ санд ахиухан мөнгө төвлөрүүлэхэд том хэмжээний хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө их тус болно доо. Банкинд сул “хэвтэж” буй баячуудын мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, улс орны бүтээн байгуулалт, ажлын байр бий болгоход таарсан зохицуулалт болно.
 
Нөгөөтэйгүүр томхон хадгаламж эзэмшигчид гэхээр зөвхөн хэдэн зуун саяар нь хадгалсан, “олигархи”-уудыг хэлэхгүй. Магадгүй 30, 40, 100 сая төгрөг хадгалуулсан хүн хангалттай олон байгаа. Тэд төрийн ивээлд багтаж, даатгагдах боломжгүй гэж үү. Даатгагдсан ч ердөө 20 сая төгрөгөө аваад, үлдсэн 80 сая төгрөгөө алдах уу. 20 сая төгрөгөөс дээш эрсдэлийг банк өөрөө хариуцах юм билээ. Банк бол эцсийн дүндээ дампуурлаа гэхэд иргэдийн хадгаламж, харилцахын өмнө ямар ч хариуцлага хүлээх чадваргүй л байгууллага шүү дээ.

Л.ЭНХДЭЛГЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж