Реппер Цэцээ өөрчлөлт хүсч байна

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Реппер Цэцээ өөрчлөлт хүсч байна

“Vanquish” хамтлагийг үүсгэн байгуулагч реппер Намнандоржийн Цэцэнбилэг буюу Цэцээ маргааш “АСА” циркт “Нийслэл хүү” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Реппер Цэцээ анх “Бидний үг”-ээс эхлээд “Excel”, “Star” хүртэл “Vanquish” хамтлагтайгаа түүвээж эхэлсэн. “Энэ бол би” гэж фенүүдтэйгээ танилцсан реппер Цэцээ “Шөнийн охин” байж болохгүй хэмээн охидод анхааруулж, “Байрны ах” нараа магтан дуулж, арлын Японыг эзэгнэж буй “Сумо”-чдоороо бахархсан, мөн “Ирээдүй” чинь зөвхөн чамаас л шалтгаална гэж хүүхэд залуусыг ухааруулсан, “Зун” болгон эх орондоо ирж CD, клип, дуугаа гаргаж “Хотын төв”-өөр “Замын хөдөлгөөн”-д цонхоо доошлуулж суудлаа хойшлуулан, хөгжмөө чангалан оролцдог, өөртэй нь “Дайн” зарлавал “Май”, “Hate on me” гэж “Хэлэх хэрэгтэй”-г сануулдаг, “Мөрөөдөл”-дөө хүрэхийн тулд үргэлж “Урагшаа” тэмүүлж ирсэн түүнд “Гэр” бүл “Найз” нөхөд нь хамгаас эрхэм, “Өнөөдрийн Монгол”-д “Өөрчлөлт” хэрэгтэй хэмээн “Миний Улаанбаатар”-ын “220”-д аж төрдөг “Халзан толгой хоёр соёо” “2012” онд “Нийслэл хүү” тоглолтоо хийх гэж байна.

Нийслэлийн залууст зориулсан монгол хип хоп үдшийг доргиохоор түүний хамт “Vanquish”, реппер Гантулга, дуучин BX, бүжгийн “Бэрд” хамтлаг, DJ Chin, “Punk&Rap” зэрэг хамтлаг дуучид тайзнаа гарах нь. Реппер Цэцээ фенүүддээ зориулан олон  шинэ дуугаар бэлэг барихын зэрэгцээ “Нийслэл хүү”, “Миний пүүз”, “Байрны ах”, “Бөртэ Үжин” зэрэг хит дуугаа хүргэх юм байна. Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Xac Media Agency" ажиллаж байгаа юм. Хип хоп тоглолтын тасалбарын үнэ 15, 25 мянган төгрөг гэсэн хоёр сонголттой ба Цэцээ тоглолтын орлогоос өндөр настан болон хүүхдийн асрамжийн газарт хандивлах юм байна. Мөн уг тоглолтын дараа реппер Цэцээ “I Loft”-д 22.00 цагт 10 мянган төгрөгийн тасалбартай “After party” хийнэ.

Дашрамд сонирхуулахад, тоглолтын дараа дуучин BX, “Oppozit” хамтлагтай хамтран бүтээсэн “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар зэхээд байгаа гэнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж