-Та Монголын морин спорт, Уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэгэн, холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар маш олон жил ажилласан. Энэ холбоог бэхжин хөгжихөд таны боловсруулсан бодлого чиглэл, боловсрол туршлага ихэд нөлөөлсөн гэж олон нийт үздэг юм билээ. Одоо энэ холбооны үйл ажиллагааны талаар сэтгэгдэл ямар байдаг вэ?
-За тийм ээ. ММСУХ-г санаачлагч таван хүний нэг нь би юм аа. Г.Баттөмөр, Д.Даваахүү, Г.Пунцагбалжир, Э.Галбат бид нар анх санаачилсан юм. 1995 оны 5-р сарын 25-наас 2008 оны 12-р сарын 6-ыг хүртэл 13 жил зургаан сарын турш ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн. Энэ завсар холбоо маань холбоо шиг холбоо болсон. Үүнд олон түмний дэмжлэг их түлхэц өгснийг зориуд тэмдэглэе. Сүүлийн дөрвөн жил ММСУХ-ны зөвлөхийн ажилтай байлаа. Хамт олон жил зүтгэсэн, гар сэтгэл нийлсэн залуучуудаасаа нэгийг нь санал болгон өөрийнхөө ажлыг өгсөн юм. Зөв хүмүүст найдан хүлээлгэсэн нь энэ дөрвөн жилд харагдлаа. Арав гаруй жилийн туршид санаачлаад, зохион байгуулж, хэвшүүлээд авсан ажлуудыг маань бүр далайцтай улам өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. “Их хурд” бүсийн уралдаанууд цол зэрэг, хууль эрх зүйн асуудлыг төгөлдөржүүлэх гэх мэт. Бидний үед орхигдсон нэг ажил бол холбооны гадаад харилцаа байсан. Сүүлийн дөрвөн жилд энэ талаар маш том ахиц гарсныг дурьдахад таатай байна. Азийн морин уралдааны холбоонд элслээ. Дэлхийн морин уралдааны холбоонд элсэж байна. Энэ чиглэлээр аймгуудын салбар холбоодын дарга нар болон уяачид маань ХБНГУ, Япон, Хонконг, Австрали, Франц, Турк зэрэг орноор явж морин тойруулга үзэж, туршлага судаллаа. Ер нь гадаад харилцаа өргөжсөнөөр монголчууд, монгол уяачид орчин цагийн дэлхийн хурдан морины уралдаантай танилцах тул удалгүй түүнд өөрсдөө оролцох өргөн бололцоо нээгдэж байгаа юм. Одоо бол ганц нэг уяач гадаадад морь уях, уралдуулах эрх аваад тэр хэмжээгээрээ оролцож байна. Удахгүй бүр өргөн эгнээгээр зохион байгуулалттай оролцоно. Монголыг дэлхий нийтээрээ “Морьтон ард түмэн” гэж төсөөлдөг учраас энэ салбарт дэмжлэг бэлхэн байгаа юм. Бид л өөрсдөө ухаалаг соёлтой хандаж чадвал бүтэх ажил. Монголын хурдан морины уралдааныг сурталчлах, монголчуудын адуу эдлэх соёлыг сурталчлах чиглэлээр нилээд ажил төлөвлөж, заримынх нь бэлтгэлийг эхлээд байна. Дэлхийн морин уралдааны холбооны гишүүн 70 гаруй орны төлөөлөгчдийг урьж, морины уралдааны адууны соёлоо үзүүлж танилцуулах дэлхийн дээд амжилтын номонд бүртгүүлэх, Монголын хурдан морины уралдааны тухай ном товхимол хэвлэх, аудио, видео, кино хийж түгээх, эрдэм шинжилгэний хурал, семинар хийх зэрэг ажлыг ойрын үед хийх юм. Ирэх зун дэлхийн адууны баяр гэдэг олон улсад уламжлал болсон арга хэмжээг манайд зохион байгуулна.
-Геннисийн номонд бүртгүүлэх ажлыг өөр нэг холбоо зохион байгуулах юм шиг мэдээлэл байсан?
-Өөр ямар ч холбоо биш Монголын морин спорт уяачдын холбоо л энэ ажлыг хийнэ. Харин үүндээ салбар холбоодоо татан оролцуулна. Тэдний нэг нь “Арвагар хээр” л байхгүй юу!
-Өөр ямар ажлууд байна?
-Уг нь 2012 онд багтаж Монголын уяачдын VI их хурлыг хийх ёстой юм. Гэтэл энэ жил, ялангуяа оны сүүлч рүү гээ орон нутгийн сонгууль гээд өөр ажил бодох ухаантай хүн хөдөөд бараг байхгүй байлаа. Гэхдээ он дуусаагүй л байна даа. 2013 онд дөрвөн аймгийн ой болно. Тэр бүгдэд уралдаан, дээр нь бас “Их хурд-6” уралдаан болно.
-Өнөөдөр Монголын хурдан морины уралдаанд тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Нэг чухал асуудал байна. Энэ бол хурдан морьдыг эрлийз, монголоор нь ялгах асуудал. Бүр 1940-өөд оноос манай улсын наадамд эрлийз, тэр ч байтугай цэвэр цусны адуу бага цөөнөөр уралдаад зарим нэг нь түрүүлж айрагдаад ирсэн юм л даа. Жар, дал, ная, ерээд онд эрлийз хурдан адууны тоо ч өсч, амжилтыг нь ч дээшлээд ирсэн юм. Энэ нь Монголын хурдан морины хөгжилд зөв зүйтэй нөлөө болж ирсэн юм. Үндсэндээ нэгэн хурдан удам угшлийн адуу бүрэлдэн бий болсон юм. Тийм морьдоор өндөр амжилт үзүүлж, улсын өндөр цол, уламжлалыг олон ч хүн хүртсэн. Тэдгээр хурдан морьд нь хуучин ЗХУ-ын Дан Орлов, Буденный үүлдрээр сайжруулсан адууны морьд юм л даа. Тэгтэл тун саяхнаас юм өөр болчих юм. Яасан гэхээр манай шинэ бизнес ч залуучууд цэвэр цусны Араб адууны азарга, гүү авчирч адуугаа сайжруулах ажил хийгээд тэр нь үр дүнд хүрч, сайн хурдан үрээнүүд олноороо төрж, өндөр амжилт үзүүлж байна. Яг тэгэхлээр нь морьдыг эрлийз, монголоор нь ялгаад эхэлж байгаа юм. Арай хурданчуудыг түүж хасаад л уралдах боллоо. Энэ бол буруу. Ялгахдаа маш бүдүүлэг, ямар ч судалгаагүй үндэслэлгүй хандаж байна. Монгол адууны стандартыг баримтлан хэмжиж ялгаж байна. Гэтэл тэр стандарт чинь монгол адууны дундаж шүү дээ. Уяач хүн шилмэл адуугаа уяна, тэр шилмэлүүд чинь дундажаас хамаагүй өндөр байхгүй юу. Ийм л утгагүй ажил болоод байгаа юм. Өнөөдөр уяачдын шилээд уяж байгаа тэр морьдыг хэмжээд жишиг тогтоож болох л юм. Гэтэл ингэж хэмжсэн хүн байхгүй. Аль өнгөрсөн зууны судалгааны үзүүлэлтийг баримжаалж байна, тэр нь дундаж шүү дээ. Ийм болохоор сайхан төрсөн цэвэр монгол адууг ч хасаж л байна. Цэвэр цусны адуу, сайжруулсан монгол адуу хоёрыг ялгаж чадахгүй, тийм ч сонирхол ч байхгүй байна. Танил талтай арга сүйхээтэй нь цэвэр цусны адууг ч уралдуулж, түрүүлүүлээд төв шударгахан үг дуу цөөтэй нь сайжруулсан адуугаа хасуулаад л явж байна. Үүнээс болоод бөөн хэрүүл шуугиан, зодоог цохион болж, нөгөө их баяр баясгалан, цагаан энерги хурсан төрийн наадмын дэвжээг гутааж байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны бүрэлдэхүүнийг, ялангуяа үүлдэрлэг байдлыг ялган тогтоох коммист ихэвчлэн арай орчин цагийн шинжлэх ухааны судалгааны арга зүйг эзэмшсэн шинэлэг сэтгэлгээтэй залуу эрдэмтдийг оруулах хэрэгтэй байна.
-Ердөө энэ хэдэн хүнээс л болоод байгаа юм уу?
-Бас ч тэгэж хэлж болохгүй. Ер нь энэ асуудалд нэртэй том уяачдын амбиц, бохир заваан улс төр нөлөөлөөд байгаа юм.
-Үүнийгээ дэлгэрүүлээд ярьж болох уу?
-Энэ удаад ингэсгээд орхиё. Хэрэв шаардагдвал дараа хэзээ ч маш дэлгэрэнгүй ярьж болно.