С.Чинзориг: Би ямар саарал ордонд сууж үзээгүй биш

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Би ямар саарал ордонд сууж үзээгүй биш

Өвөрхангайчууд парламентад төлөөлөлгүй өнөөг хүрээд байгаа. Харин тэдний саналаа өгч гаргасан төлөөлөл болох С.Чинзориг өрсөлдөгчөөсөө 6500 саналаар илүүрхсэн ч өнөөдөр шүүх засаглалын буруутай үйл ажиллагаанаас болоод парламентын гадна үлдэхээр болчихоод байгаа билээ. Түүнтэй болж буй хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

ТЭМЦЛИЙН БҮХИЙ Л ХЭЛБЭРИЙГ СОНГОНО


-Өвөрхангайн УИХ-ын сонгуулийн дүн эсрэгээрээ эргэж ялсан нь биш ялагдсан хоёр тангаргаа өргөхөөр болоод байна. Таныг чимээгүйхэн буугаад өгчих гэж байгаа юм болов уу гэж харж байтал өлсгөлөн зарлана гэх мэдээ харлаа?

-Ард түмний сонголт бол хаан сонголт байх ёстой гэж Ерөнхийлөгч хэлдэг. Хэн бэ гуай ч ард түмний сонголтын эсрэг зогсох ёсгүй. Ард түмний сонголт л эцсийн сонголт байдаг. Сонгуулийн дүнг хууль шүүхээр хэн ч засварлах эрхгүй. Шударга үнэний дуу хоолой гэдэг Ерөнхийлөгчөөсөө эхлээд ийм зарчмыг барьж ажиллах ёстой. Гэхдээ эрх баригчдын явуулж байгаа бодлого үйл ажиллагаанаас харахад ам, ажил нь зөрдөг л юм байна. Тийм учраас хуулийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хамгаалахаар эргүүлж, сонгогчдын эрхийг хууль бусаар булааж байна. Сонгогчдын маань Үндсэн хуулиар олгогдсон сонгох онцгой эрхэд бүдүүлгээр халдаж байгаа. Нөгөө талаасаа Үндсэн хуульд нэг гоё үг бий. Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэж. Засгийн эрх ард түмний мэдэлд хэзээ байдаг юм гэхээр УИХ-ын сонгуульд оролцоод өөрийнхөө итгэл үнэмшлийн сонголтоор намайг төлөөлж чадна гэсэн нэр дэвшигчдээ саналаа өгөөд сонгож байгаа тэр үе шүү дээ. Энэ онцгой эрхэд нь бүдүүлгээр халдаж байгааг л би тэвчихгүй байгаа юм. С.Чинзориг гэдэг хувь хүний  нэр хүнд унах, доромжлуулах гүтгүүлэх гэх асуудлаас илүүтэй сонгогчдын Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих онцгой эрхийг нь эрх мэдэлтэй мөнгөтэй улсууд хууль бусаар, хүчээр булаах гээд байгаа болохоор л тэмцэх гэж байна.

Хамгийн гол нь сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж, сонголтыг нь баталгаажуулахын тулд тэмцлийн бүхий л аргыг хэрэглэнэ гэсэн бодолтой байгаа. Гэхдээ хамгийн гол нь эрх баригчид сонгогчдын дуу хоолойг сонсохгүй байгаад их харамсч байна. Шударга үнэний манаач болох ёстой шүүгчид, шүүхийн байгууллагыг ашиглаж байгаад их бухимдаж байна. Хамгийн гол нь шүүх нэг талд үйлчилж, хуулийг уландаа гишгэж байгаа явдал бүр гаараад байна.

-Тухайлбал?

-Н.Төмөрхүү, бид хоёртой холбоотой сонгуулийн маргааныг хуулиа дагавал  иргэний журмаар шийдэх ёсгүй. Гэтэл иргэний журмаар шийдэх ёсгүй асуудлыг иргэний журмаар шийдчихээд байгаа юм. Шийдэхдээ бас хялбаршуулсан журмаар шийдэх ёсгүй. Хялбаршуулсан журмаар вэ ямар нэгэн хууль эрх зүйн маргаангүй асуудлыг шийддэг, өөрөөр хэлбэл, гурав дахь этгээдийн эрх ашгийг хөндөхгүй асуудлыг шийддэг.  Өөрөөр хэлбэл,  нэхэмжилж байгаа хариуцагч тал хоорондоо ойлголцсон, тохиролцсон, зөвшилцөлд хүрснээ бичгээр илэрхийлсэн, гарын үсэг зурсан үед л хялбаршуулсан журмаар шийддэг. Ингээд хоёр тал тохиролцсон учраас дараа нь давж заалдах эрх байдаггүй. Гэтэл манай тохиолдолд Н.Төмөрхүү, С.Чинзориг гэдэг хоёр нөхрийн эрх ашгийг хөндөж байгаа. Тойргийн хороо Г.Батхүү, Д.Зоригт нарын хоорондоо эвлэрээд явдаг асуудал биш. Нөгөө талаасаа тойргийн хороо нь ч Г.Батхүү, Д.Зоригт нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг юм. Ийм асуудлыг хүчээр шийдчихээд байх юм. Нөгөө талаасаа тэгш бус хандаад байгаа нь хэд хэдэн зүйлээр батлагддаг Г.Батхүү, Д.Зоригт хоёр хууль зөрчиж мөнгө тараасан. Төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаандаа ажиллуулсан. Бүр сурталчилгааныхаа нээлтдээ үг хэлүүлснийг тойргийн хороо нь тогтоосон байдаг. Түүнийг нь аймгийн шүүхэд өгөөд иргэний журмаар  шийдээд өг гэхээр энэ иргэний журмаар шийдэх асуудал биш байна гэж буцаагаад байх юм. Энэ бол шүүх хуулийг буруу хэрэглэснийг нотолж байгаа биз. Нөгөө талаасаа хуулийн байгууллага талуудад тэгш бус хандаад байгаа ийм л асуудал. Тийм учраас энэ эрх мэдэлтэй, хуулийг гууль болгож байгаа улсуудтай тэмцлийн бүхий л хэлбэрээр тэмцэх зайлшгүй шаардлагатай байна. Тэмцлийн хамгийн хурц хэлбэр бол өлсгөлөн зарлах. Магадгүй сонгогчдын маань эрх ашиг, хуулийг уландаа гишгээд ард түмний дуу хоолойг сонсохгүй, ард түмний сонголтыг хүндэтгэхгүй асуудлыг хүчээр, илт хууль бус шийдвэрээр түрий бариад нөгөө хоёрыг тангараг өргүүлнэ гэх юм бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож болохгүй гэсэн асуудал байхгүй.

-Одоохондоо орон нутгийн сонгуулийн хийрхэлд автаад парламент гацчихаад байна. Хэрвээ хэвийн яваад эхэлвэл нөгөө хоёр чинь тангараг өргөх нь байна шүү дээ?

-Одоогийн байдлаас харахад эд хууль зөрчөөд тангараг өргүүлэх гэж байх шиг байна. Олонхиороо түрий барьж байгаа юм билээ. ИНгэж ч бүхнийг олонхиороо түрий барьж хуулийг уландаа гишгээд  арай ч болохгүй байх аа. Бас олон түмний санал бодлыг сонсох ёстой, дуу хоолойг нь сонсох ёстой. Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж хэлж байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр нь өөрөө хууль зөрчиж гарч ирээд байна л даа. Шүүгч нар нэг талд үйлчлээд байна. Яахаараа иргэний журмаар шийдэх ёсгүй асуудлыг иргэний журмаар шийдээд байгаа юм бэ. Хялбаршуулсан журмаар шийдэх ёсгүй асуудлыг хялбаршуулсан журмаар шийдээд байгаа юм. Гуравдагч этгээд Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёрын эрх ашгийг хөндөж байгаа атлаа бид хоёрыг яахаараа шүүх хуралд оруулдаггүй юм. Тэгээд давж заалдах гэхээр та хоёр хэргийн хариуцагч биш учраас давж заалдах эрхгүй гэж байгаа. Есдүгээр сарын 27-нд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн Отгонжаргал  гэж шүүгч бид хоёрыг хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Тэр захирамж  гаргахдаа манай өмгөөлөгчийг оролцуулалгүй, тэдэнд дуулгаагүй. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 20-нд шүүх хурал хийгээд манай өмгөөлөгч нарын гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэх үү, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэх шүүх хуралд манай өмгөөлөгч бие муу эмнэлэгт хэвтэж байна гэж магадлагаа бүх баримтаа өгсөн ч шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр хийсэн байдаг. Ингээд өмгөөлөгчгүйгээр шүүх хурал хийсэн мөртлөө гол хэргийн буруутан гээд байгаа, хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрыг оролцуулахгүй шийдсэн. Та хоёр хуралд оролцоогүй учраас давж заалдах эрхгүй гэж хүчээр яваад байгаад ард түмэн бухимдаад байгаа юм. Тийм учраас энэ нөхцөлд дуугүй бууж өгөх арга байхгүй. Ганц хүний асуудал биш Өвөрхангайнхны сонголтын асуудал. Сонгочихоод байхад нь хууль бусаар булааж авч байхад нь би дуугүй өнгөрөх арга байхгүй.

ЗАХИАЛГААР ШҮҮХЭД ТОМИЛГОО ХИЙГЭЭД БАЙНА

-Энэ нөхцөлд “Төрийн эрхийг хүчээр булаан авах” гээд үзэн Үндсэн хууль хийгээд бусад хуулиудад хүнд гэмт хэргийн ангилалд оруулсан байдаг байх аа?

-Ер нь төрийн эрхийг хууль бусаар булаах гэдэг бол хүнд ноцтой гэмт хэрэгт.

-Та Үндсэн хуулийн цэцэд хэр их найдлага тавьж байна?

-Ерөнхийдөө хууль хяналтын байгууллагуудад найдлага тавих итгэл маань тасраагүй байна. Гэхдээ одоогийн энэ анхан шатны шүүхүүдээс гаргаж байгаа шийдвэрүүд хууль бус, хэт нэг талд үйлчилснээс харахад хууль хяналтын байгууллагууд хараат бусаар үйл ажиллагаа явуулах чадамж нь байхгүй болсон нь харагдаад байна  Ялангуяа улстөрчдийн гар хөл болоод байгаа юм биш биз гэсэн болгоомжлол надад байна. Тийм учраас бас жаахан итгэл алдраад л байна. Үнэхээр улстөрчид ялангуяа засаг барьж байгаа хүчнийхний гар хөл маш урт байна. Тэдний дохио зангаагаар хөдлөөд байгаа нь ажиглагдаад байна. Шүүхийг хардаж байгаа хоёрхон жишээ хэлье л дээ. Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн шүүгч Кулдана  есдүгээр сард  АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээж аваад нэг шийдвэр гаргасан байдаг юм. Тэр нь Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг бидний гаргасан нэхэмжлэлийн хэрэгт хариуцагчаар татаж оролцуулж өгөөч ээ гэсэн. Тэгэхээр Куланда Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёрыг хэрэгт хариуцагчаар татан оруулах шаардлагагүй гэсэн захирамж гаргасан байдаг юм. Хоёр дахь захирамж нь Өвөрхангай аймгийн сонгуулийн 10 дугаар тойргийн хороог шүүхийн эцсийн шийдвэр гартал эрхийг нь түтгэлзүүлсэн захирамж гаргасан байдаг. Тэгээд энэ захирамж гаргасан шүүгч хатуухан хэлэхэд түүнийхээ шагналыг хүртэж байгаа юм уу, саяхан Улаанбаатар хотод ирээд Баянгол дүүргийн шүүхэд томилогдсон байна билээ. Энэ бол улстөрчид оролцоод байгаа юм биш биз гэсэн хардлагыг улам бататгаж байгаа хэрэг л дээ. Хоёр дахь хардлага нь Өвөрхангай аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн ерөнхий шүүгчээр аравдугаар сарын дундуур Оюунжаргал гэж эмэгтэй томилогдож очсон байдаг. Тэр эмэгтэй очоод долоо хоноод л манай талаас гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлйг хүлээж авахгүй гээд захирамж гаргасан. Тэгэхээр дандаа томилгоотой ирж очиж байгаа улсууд нь шийдвэр гаргаад байгаа нь үндсэндээ шүүх улстөрчдийн гар хөл болоод, зохион байгуулалттай яваад байгааг харуулж буй хэрэг. Ерөнхий шүүгчийг бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч томилдог шүү дээ. Ерөнхийлөгч үүнд шууд гар бие оролцоод байгаа гэж бодохгүй байна. Гэхдээ энэ олон томилгоон, шүүгч нарын гаргаж байгаа авир, хууль зөрчиж байгаагаас харахад томилдог хүн нь учраас Ерөнхийлөгч үүнд оролцоод байна уу гэдэг хардлагыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас магадгүй ардчилсан хүчин засаг барьж байгаа үед Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог гэдэг далбаан дор Г.Батхүү, Д.Зоригт нар тэдний нэрийг ашиглаад шүүгч нарыг хууль бус үйлдлүүддээ ашиглаад байгаа юм биш биз гэж бодож байна.  Магадгүй Ерөнхийлөгчийн нэрийг ашиглаад шүүхийг өөрсдийнхөө талд ашигтайгаар ажиллуулаад байгаа юм биш гэсэн хардлага сэрдлэг ний нуугүй хэлэхэд байгаа.

БИ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ГОМДОЛ ГАРГАНА

-Та улстөрчийнхөө хувьд биш ч иргэнийхээ хувьд эрхийг минь ингэж зөрчиж байна гээд Ерөнхийлөгчид хандах ёстой юм биш үү?

-Би хоёр, гурван чиглэлээр ойрын хугацаанд хүсэлт, гомдол гаргана. Зунжин, намаржингаа  С.Чинзориг  сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор эд бараа, архи тараасан тэр нь шалгагдаж байгаа, нотлогдсон ч юм яриад байдаг. Тэгээд түүнд нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан гээд байгаа юм. Үүнийг нь судлаад үзэхээр надад эрүүгийн хэрэг одоо болтол үүсээгүй юм билээ. Яагаад үүсгэдэггүй юм гэхээр таны нэр дээр тийм юм тараасан гэдэг нь нотлогдох баримт нотолгоо бол байхгүй учраас эрүү үүсгэн шалгах боломжгүй гэсэн хариу хэлдэг. Нийслэлийн  прокурор Уртнасан гэж хүн эрүү үүсгэн шалгах боломжгүй гэсэн тогтоол гаргасан байдаг. Аймгийн цагдаад бид хоёрт эрүү үүсгэн шалгаж өгөөч, эд бараа тараасан гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг юм билээ. Түүнийг аймгийн цагдаа шалгасан. Шалгахдаа баримт нотолгоо байхгүй учраас С.Чинзоригт эрүү үүсгэн шалгах боломжгүй байна гэж үзээд Н.Төмөрхүүг шалгах шаардлага байна гэж тухайн үедээ СЕХ бид хоёрын түр үнэмлэхийг хүчингүй болгоогүй байхад СЕХ-нд бичиг явуулсан байдаг.  Н.Төмөрхүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай байна гэдэгт нь СЕХ зөвшөөрсөн бичиг явуулаад тэр датуу шалгаж байгаа юм билээ. Тэгэхээр би прокурорт хандаж  эд бараа, архи тараасан, мөнгө тараасан гэсэн ярианд миний оролцоо байгаа юм уу, би холбогдсон юм уу үгүй юу, надад энэ талаар эрүү үүсгэж шалгагдаж байгаа юм байна уу үүнийг нэг тийш нь хагалж өгөөч ээ. Үнэхээр шалгаж байгаа бол шалгаж байгаа шалгагдаагүй бол шалгагдаагүй гэж бичиг нотолгоо гаргаж өгөөч ээ гэж прокурорт хандана.

 Хоёр дахь асуудал нь шүүхэд гомдол гаргах хэрэгтэй юм байна. Би ямар хууль зөрчсөн юм бэ. Эд бараа тараасан уу, мөнгө тараасан уу үгүй юу, тэр насанд хүрээгүй хоёр хүүхэд ажиллуулахад нь С.Чинзориг оролцсон уу, үгүй юу. Ер нь ямар хууль зөрчсөн болоод би одоо болтол сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа юм. Намайг хууль зөрчсөн, сонгогчдын саналыг хууль бусаар худалдан авах гэсэн, бараг л төрийн эсрэг гэмт хэрэгтэн мэт зунжин, намаржингаа Г.Батхүү, Д.Зоригт хоёр ярьж, өөрсдийнхөө мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр балбалаа. Тийм учраас нэр төрөө сэргээлгэх үүднээс шүүхэд гомдол гаргана гэсэн бодол байна. Өнөө маргаашгүй  хандана.

Д.ЗОРИГТ ӨВӨРХАНГАЙЧУУДЫГ ӨРӨНД ОРУУЛЖ, Г.БАТХҮҮ АРХИНД ЖИВҮҮЛСЭН

-Монголын толгой бизнесүүдтэй сонгуульд өрсөлдөх амаргүй байсан биз. Анхнаасаа хэн ялах нь тодорхой байсан юм биш үү?

-Би анх удаагаа сонгуульд орж байгаа хүн биш. 2008 онд сонгуульд өрсөлдөж л байсан. Бас яг 2012 оныхтой адил санал өвөрхангайчууд өгсөн. Тухайн үед өрсөлдөгчөөсөө 64 хүний саналаар дутсан би сонгогчдын сонголт гээд  чимээгүй орхисон. Тэр үед эргээд заргалдах юм бол заргалдахаар зөндөө л асуудал байсан. Г.Батхүү архи, мөнгө асар их хэмжээгээр тараасан. Автобусаар оюутнуудыг хотоос зөөж авчирч саналыг нь өгүүлсэн. Д.Зоригт гэхэд л “Монгол шуудан” банкны салбаруудыг дөрөв, тавдугаар сард сумдад байгуулаад л буцааж авахгүй юм шиг барьцаа хөрөнгө нэхэхгүйгээр бараг л зүгээр өгч байгаа юм шиг зээл тараагаад сонгогчдын саналыг худалдаж авсан. Сонгогдоод харин өвөрхангайчуудыг үнсэнд хаясан шалз шиг хаячихаад, нөгөө “Монгол шуудан” банкаа зарчихаад мөнгөө өвөртлөөд яваад өгсөн. 2008 оны сонгууль иймэрхүү дүр төрхтэй явсан. Хэдийгээр эд хууль бус үйлдэл маш их хийсэн ч өвөрхангайчууд Г.Батхүү, Д.Зоригт хоёрт надаас илүү санал өгсөн учраас олон түмнийхээ сонголтыг хүндэтгэх ёстой гэсэн үүднээс ганц ч үг ган хийгээгүй. 2012 оны сонгуульд оролцоход хоёр юм ажиглагдсан. Нэгдүгээрт, Өвөрхангайнхан энэ жил С.Чинзоригийг сонгоно. 2008 онд бид буруу сонголт хийсэн гэцгээж байсан. Төрийн албанд олон жил ажилласан нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн хүн бас нутгаа гэдэг  С.Чинзоригийгоо сонгочихлоо гэсэн чинь бидний сонголт буруу гарсан шүү гэж Өвөрхангайнхан 2008 оноос хойш маш их ярьсан. Тийм учраас 2012 оны сонгуульд С.Чинзоригийгоо сонгоно гэсэн тийм уур амьсгал үндсэндээ тогтсон байсан.

Хоёрдугаарт, энэ жил Өвөрхангайнхан сунгалт хийхгүй, сонголт хийнэ. Ер нь бол мөнгөтэй хүн сонгохгүй. Нутаг орныхоо төлөө юм хийдэг төрийн албанд мэргэшсэн хүнийг сонгоно. Нөгөө талаасаа шинэ залуу хүнийг сонгоно гэсэн сэтгэлзүй тогтчихсон байсан. Тийм учраас энэ жил өвөрхангайчууд намайг сонгохгүй юм байна гэж айгаагүй, ер нь итгэл үнэмшилтэй байсан. Ер нь өвөрхангайчууд энэ удаа мөнгө, архинд биш яг өөрсдийнхөө итгэл үнэмшлээрээ сонголтоо хийсэн. Сонгууль болохоос хамаагүй өмнө Өвөрхангайд Д.Зоригт унах нь тодорхой байсан. Өвөрхангайнхан сүүлийн хоёр, гурван жил маш их ядуурлаа. Нэгд байгалийн гамшиг, зудаас болж ядуурлаа. Хоёрдугаар Д.Зоригт гэж хүнээс болж ядуурсан. “Монгол шуудан” банкнаас болж ядуурлаа. 2008 онд сонгуульд орохын өмнө сум болгонд “Монгол шуудан” банкийг байгуулаад баахан зээл хүчээр шахам тараагаад байсан. Дараагаар нь нөгөө банкаа зарчихад “Хадгаламж” банк малчдын өрөнд малыг нь хураагаад авсан.

Өвөрхангай аймгийн малчдын хотыг нь харлуулсан. Тийм учраас энэ удаагийн сонголтод  Д.Зоригт байхгүй гэдийг сонгуулийн өмнө олон түмэн ил тод хэлж байсан. Ний нуугүй хэлэхэд өвөрхангайнхан мөнгөтэй хүн, архинд живүүлж байгаа хүнийг сонгохгүй гэдэг нь харагдсан. Г.Батхүүг унахад АН-ынхан өөрсдөө их ажилласан. Хасбаатар гэж залууг намын даргаараа аваачиж тавиад Г.Батхүүгийн эсрэг бүх үйл ажиллагааг түүгээр дамжуулж явуулсан. Тэгээд сүүлдээ уначихаад тэр шалтаг нь үндсэндээ Хасбаатар биш АН биш Өвөрхангайн сонгогчид буруутай юм шиг байдлаар гаргаад байна. Өмнө нь өөрсдийг нь сонгож байсан сонгогчдынхоо өмнөөс шороо цацаж байгаад харамсч байна. Ард түмэндээ гомдох эрх хэнд ч байхгүй. Ялангуяа ард түмнийхээ итгэл үнэмшил сонголтод гомдох эрх байхгүй. Нөгөө талаас хүн шуналтай байж болно. Мөнгөтэй байж болно. Шуналаа гүйцэлдүүлэхийн тулд мөнгөөр бүгдийг худалдаж авч болдог гэж бодож байгаа бол түүн шиг том эндүүрэл байхгүй. Хэдийгээр мөнгөтэй ч гэсэн худалдаж авч болдоггүй юм бол иргэдийн итгэл үнэмшил, сонголт. Тийм учраас иргэдийнхээ итгэл, үнэмшил сонголтыг мөнгөөр худалдаж авч чадна гэж байгаа бол тэр эндүүрэл байх. Гоньжийнжоо л гэж хэлмээр байна.

-Өвөрхангай УИХ сонгууль болгоны дараа л нэг ийм маргаан дагуулах юм. Тэгээд тэр нь жил дамнаад л үргэлжилдэг жишигтэй болох нь уу?

-Манай Өвөрхангайнхан чинь яг төв халхынхны үндсэн зан чанарыг илэрхийлдэг тийм амгалан тайван, гүндүүгүй сайхан хүмүүс шүү дээ. Сүүлийн хэдэн жилд манай өвөрхангайчууд талцаж, хэрэлдсэн, хоорондоо заргалддаг маргалддаг уур амьсгал бий болчихоод байгаа юм.  2004 оноос  хойш үндсэндээ хэт намчирхсан байдлыг дэврээгээд  ийм нэг байдал руу явуулчихаад байгаа юм. Үүнд их харамсч байна. 2004 онд ч гэсэн АН-аас дэвшсэн нэр дэвшигчээс шалтгаалаад зарга үүссэн.  З.Энхболд тухайн үед юу ярьж байсан гэхээр ард түмний сонголт эцсийн сонголт байдаг. Тойргийн хорооноос олгосон үнэмлэх бол хамгийн эцсийн шийдвэр гээд л байсан. Тэгж явсаар байгаад жилийн дараа  УИХ-ын гишүүн болж л байсан. Тухайн үед шүүхээр  З.Энхболд хууль зөрчсөн нь тогтоогдож байсан.  Санал хураалт 22:00 цагаас дуусах ёстой. Гэтэл 22:00 цаг хойш санал авсан нь тогтоогдсон. Нийт 70 саналаар илүү гарсан юм. Санал хурааж дууссанаас хойш 20 орчим хүний санал авсан нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь саналын нийт дүнд нөлөөлөхгүй байна гээд 70-аас 20-ийг хасахаар 50 гаруй санал үлдээд З.Энхболд тангараг өргөж байсан. Гэхдээ энэ удаагийнх бол саналын зөрүү асар их. 50 биш. 500 биш. 6700 санал шүү дээ. Д.Зоригтоос би ийм санал илүү авсан. Нөгөө талаас би хууль зөрчөөгүй. Эд л хууль зөрчсөн юм шиг зориудаар ийм хэрэг тохож байгаагаараа ялгаатай байгаа.

БИ СОНГОГЧДЫНХОО УТСЫГ АВАХААС ХАЛШРАХ БОЛСОН  

-Өвөрхангайчуудаас танд хандаж байна уу. 6500 саналын зөрүү гэдэг бага тоо биш?

-Өвөрхангайчууд байнга л ярьдаг. Би ч сүүлдээ утсаа авахаас халширч байна  Бидний сонголт юу болж байна. Та яагаад тангаргаа өргөхгүй байгаа юм бэ гээд л. Хамгийн гол нь өвөрхангайчуудын эрх ашиг хохироод байгаа юм. С.Чинзориг гэж хүн ямар саарал ордонд сууж үзээгүй биш. Түмнийхээ буянаар төрийн хариуцлагатай алба хашиж, саарал ордонд сүүлийн дөрвөн жил сууж л байлаа.  Тэнд С.Чинзориг гэх хувь хүн орж суух чухал биш. Хамгийн гол нь өвөрхангайчуудынхаа дуу хоолойг төр засгийн бодлогод хүргэх тухай асуудал байна. Одоо Өвөрхангайн төлөөлөл төрд ороогүйгээс С.Чинзориг биш Өвөрхангайнхан хохирч байна. Өвөрхангай аймаг төр засгийн бодлогын гадна үлдчихээд байна. Та бүхэн санаж л байгаа байх. Сонгуулийн дараа УИХ 2012 оны төсөвт хийсэн тодотголоор аймгийн хөрөнгө оруулалтаас 40 гаруй тэрбумыг хассан. Энэ бол Өвөрхангайн төлөөлөл Их хуралд байхгүйтэй хол­боотойгоор эзэнгүй айлын хоттой хонь руу чоно дайрсан шиг л болсон. Хоёр дахь асуудал нь өмнөх Засгийн газарт Ерөнхий сайдын зөвлөх байхдаа нэлээн сайн хэлж ойлгуулснаар, Засгийн газрын дэмжлэгийг аваад Өвөрхангай аймагт дулааны станц барих асуудлыг шийдүүлж, шийдвэр гаргуулж, зураг төсөв, техник эдийн засгийн үндсийг нь бэлэн болгосон байсан. Энэ асуудлыг одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах замаар жил жилийн төсөв, үндсэн чиглэлд тусган, хэрэгжүүлэх гол ажил байсан. Гэтэл дулааны цахилгаан станц барих асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсангүй, 2013 оны төсөв, үндсэн чиглэлд ч туссангүй.  Ийм учраас л би “Миний эрх ашиг зөрчигдөх нь яах вэ сонгогчдын эрх ашиг зөрчигдөж байна” гээд байгаа юм. Аймагт хийгдэх хөрөнгө оруулалт төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудал орхигдоод байгаа. Энэ бол  иргэдийн эрх ашгийг зөрчөөд байгаа хэрэг.

-Өчигдөр танай намын Удирдах зөвлөл хуралдаж байна гэсэн. Ер нь намын зүгээс ямар чиг баримжаатай, дэмжлэгтэй байгаа вэ?

-Энд бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд.Чинзориг гэж хүн өөрөө ингээд яриад байгаа юм биш. Энэ яасан их суудалд дуртай нөхөр вэ, амбицтай гэж зарим  нь боддог байх л даа. Тэгэхээр энэ бол С.Чинзориг гэдэг хувь хүний асуудал биш ээ. Хамгийн гол нь Өвөрхангай аймгийн иргэдийнхын эрх ашгийг хамгаалах ёстой асуудал. Нөгөө талаасаа МАН намайг нэр дэвшүүлсэн. Тийм учраас нам авсан суудлыг алдаж болохгүй гэсэн хатуу бодолтой байгаа учраас жаахан бухимдаад байгаа юм. Нөгөө талаасаа МАН ч гэсэн энэ хоёр суудлаа алдахгүйн төлөө улс төрийн бүхий л талын арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тийм учраас С.Чинзориг дангаараа тэмцэх биш ерөөсөө МАН өөрийнхөө хоёр нэр дэвшигчийн олон түмнээс авсан мандатыг хамгаалах өөрийнхөө Их хурал дахь суудлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас Өвөрхангай аймгийн иргэдийн сонголтыг хүндэтгэх үүднээс шат дараалсан улс төрийн арга хэмжээ авч байгаа. Цаашдаа ч гэсэн авах байх. Удирдах зөвлөлийн хурал болсон байна билээ. Би хуралд суугаагүй учраас тодорхой нарийн мэдээлэлгүй байна. Ямар ч байсан Өвөрхангай аймгийн сонгогчдын сонголтыг баталгаажуулахын төлөө манай нам бүхий л талаараа улс төрийн арга хэмжээ авч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна билээ. Тиймээс намтайгаа хамтраад, намынхаа дэмжлэгийг аваад Өвөрхангайнхаа иргэдийн сонголтыг баталгаажуулахын төлөө ажиллана гэж бодож байна.

М.МӨНХЧИМЭГ

Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж