
Төсвийн төлөвлөгөөг хэлэлцэж байх үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248 тэрбум төгрөгийн 146 төсөл, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн дөрвөн томоохон ажил хэрэгжүүлнэ гэж ярилцаж байсан ч өнөөдөр НИТХ-ын хуралдаан дээр хотын захирагчийн хэлснээс үзвэл 770 тэрбум төгрөгийг 393 төслийг хэрэгжүүлэх болж өөрчлөгджээ. “Улаанбаатар хот ирэх жил 393 төсөл, арга хэмжээг 770 тэрбумд багтаан хэрэгжүүлнэ. Энэ бүгдийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой ажил. НИТХ-ын төлөөлөгчид үүнийг хэлэлцэн батална гэдэгт итгэж байгаа” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ярьсан юм. Зарцуулах төсөл, хөтөлбөрийг задалж үзвэл хот байгуулалт, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулахад 28,8 хувийг, авто зам, нийтийн тээврийн салбарт 37,6 хувийг, боловсролын салбарт 12,4 хувийг, эрүүл мэндийн салбарт 3,8 хувийг, төрийн үйлчилгээг сайжруулахад 3,5 хувийг, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд 7 хувийг, соёл, спортын салбарт 6,9 хувийг тус тус зарцуулахаар болжээ.
Б.СҮХ