Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина өчигдөр АНУ-ын Жоржия мужийн Альфаретта хотод “Chevrolet Camaro” автомашинтайгаа явж байгаад осолд орсон байна. Авто ослын улмаас Бобби Кристина азаар гэмтэл, бэртэл аваагүй ч гоёмсог машин нь ихээхэн эвдэрч, хэмхэрчээ. Тэрбээр ослын дараа маш их айж, сандарсан байдалтай 911-т дуудлага өгсөн байна. Альфаретта хотын цагдаа нарын мэдээлснээр Бобби Кристина замаар хурдтай давхиж яваад зүүн гар тийшээ эргэхдээ жолоодлогоо алдаж, замын хашлага даван уулын уруу уруудаж, хэд хэдэн жижиг мод мөргөжээ. Хэдийгээр тэрбээр цагдаа нарт ямар нэгэн мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдэгдсэн ч цагдаа нар шалгахаар болсон байна.
Бобби Кристина осолд орсныхоо дараа “Twitter”-тээ “Авто ослын үеэр ээж маань намайг хамгаалсан” гэж бичсэн байна. Тэрээр үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сарын 26-нд найз залуу Ник Гордонтой хамт түүний хар өнгийн “Camaro” автомашинтай явж байгаад зам зуур маргалдсаны улмаас осолд орж байжээ. Азаар энэхүү ослын үеэр хосууд ноцтой гэмтэж, бэртээгүй байна.
Б.АНХТУЯА