Төр шатахуун импортлогчдыг давраахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Төр шатахуун импортлогчдыг давраахгүй гэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газраас өнгөрсөн хугацаанд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, энэ сарын 6-7-ны хооронд улс даяар нефтийн бүтээгдэхүүний нөөц багассан гэсэн шалтгаанаар “Петровис” тэргүүтэй зарим нефть импортлогч компани шатахууныг хазгаарлалттайгаар зарсан. Мөн “Петровис” компанийн захирал М.Халиунбат “Манай компани алдагдалтай ажиллаж байгаа учраас  шатахууны үнийг литр тутамд 220-250 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон” хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдэгдэж байв. Тэгвэл ШӨХТГ-аас тус компанид шалгалт хийж шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн  гэдгийг тогтоогоод Манай улсын хэмжээнд А-80 шатахууны 35, А-92-ын нөөц 27, дизелийн түлшний дөрвөн өдрийн нөөц байсан гэв. Тус газрын дарга О.Магнай “Газрын тос, нефтийн салбар бол улс орны стратегийн чухал салбар мөн. Гэтэл хэн дуртай нь давамгай байдлаа ашиглан ингэж дур зоргоор авирлаж болохгүй. Өнөөдөр энэ чухал салбараа сул чөлөөтэй тавьчихсан нэг ч улс орон байхгүй. Дэлхийн аль ч оронд төрийн бодлого зохицуулалтай хөгжиж байдаг. Гэтэл “Петровис” компанийн захирал М.Халиунбат энэ мэт хариуцлагагүй үйлдэл хийж олон нийтийг цочролд орууллаа. 

Иймд “Петровис” компани төр засагтай хэн нь хүчтэйгээ үзэх үү, эсвэл төрийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах уу гэдгээ сонгох хэрэгтэй” гэв. Ингээд зах зээлд давамгай байдлаа ашиглан үнийг зохиомлоор өсгөсөн, зохиомол хомсдол үүсгэсэн гэдэг үндэслэлээр  “Петровис” компанийг дөрвөн тэрбум 962 сая төгрөгөөр торгож байгаагаа мэдэгдэв. Харин энэ үеэр тус компанийн төлөөлөл ирж цаашид шатахууны үнийг дур мэдэн нэмэхгүй гэдгээ хэллээ. Мөн цаашид энэ мэтчлэн улс орны стратегийн чухал салбар дахь монопол байдлаа ашиглан нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх, салбарынхаа хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол буруутай этгээдэд 5-10 жилийн ял ногдуулахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл энэ хүрээнд Эрүүгийн болох захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулсан байна.

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН 10 СУВГИЙГ DDSH-ЭЭР ҮНЭГҮЙ ГАРГАНА

“Жем интернэшнл” ХХК-ийн охин компани DDSH кабелийн телевизээр үйлчлүүлж буй хөдөө орон нутгийн иргэд кабелийн мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиололд тус телевизээр зөвхөн МҮОНТ болон зарим хятад суваг гардаг байна. Иймд хөдөө орон нутгийн иргэдээс уг асуудлаар ШӨХТГ-т хаягласан олон гомдол иржээ. Тэгвэл иргэдийн гомдлын дагуу тус газраас DDSH кабелийн телевизтэй тохиролцож ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг үнэгүй гаргадаг болох гэнэ. Харин чухам аль сувгийг гаргахыг МХТГ, ШӨХТГ-аас сонгох аж.

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН ДАВАМГАЙ БАЙДЛЫГ ЗОГСООВ

ШӨХТГ-аас шийдвэрлэсэн бас нэг ажил нь сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой асуудал юм. “Номин”, “Миний дэлгүүр” зэрэг дэлгүүрүүд өөрсдийн сүлжээгээр дамжуулан борлуулж буй бараа бүтээгдэхүүний тодорхой хувийг үйлдвэрлэгчдээс авдаг. Дээр нь өөрсдөө үнэ нэмж зарж байгаа. Энэ нь хэрэглэгчдэд дарамт болж байгаа учраас ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн сүлжээ дэлгүүрүүдэд ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс тэнцүү хэмжээний хувь авдаг зарчмыг мөрдүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, “Витафит” ундаанаас 10 хувь, Кокакола ундаанаас гурван хувь биш адилхан ундаа үйлдвэрлэж байгаа учраас тэнцүү хэмжээний хувь авдаг болж байгаа аж. Түүнчлэн сүлжээ дэлгүүрүүд бүтээгдэхүүн үнийг нэмж зарахыг хоригложээ.

“СОЁМБО” ТЭРГҮҮТЭЙ ПАТЕНТЫГ ТӨР ӨӨРИЙН МЭДЭЛД АВНА

“Чингис хаан”, “Соёмбо” гэдэг патентыг төр өөрийн мэдэлд авах хуулийн төслийг ШӨХТГ-аас боловсруулсан байна. Уг хуулийг УИХ-ын гишүүн Г.Уянга, Г.Баярсайхан нар УИХ-д өргөн барьж байгаа бөгөөд батлагдвал архи, тамхи гэх мэт бүтээгдэхүүнд энэ патентыг хэрэглэх боломжгүй болох гэнэ. Төрөөс уг патентыг өөрийн мэдэлд авснаар онгоцны буудал гэх мэт онцгой ач холбогдолтой газруудад эзэмшүүлэх зөвшөөрөл өгөх бөгөөд одоо ашиглаж байгаа үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ нэрийг солих эсвэл ийм төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зогсооход хүрч байна. Мөн манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд, ББСБ, вальют арилжааны захуудад задгай долларыг бага ханшаар худалдан авдаг. Жишээлбэл, доллар 1400 төгрөгийн ханштай байхад задгай долларыг 1000 төгрөгөөр худалдан авч байна. Нэг ч бай, 1000 ч бай доллар л бол доллар. Хэд ч байсан ханш нь нэг л байх ёстой. Иймээс мөн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үүнийг өөрчилж байна.

Н.САНЖААСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж