АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сонгогдоод удаагүй байна. Тэрбээр өөрийн мөрийн хө-төлбөртөө “Баячуудын татварыг өндөр болгож, жирийн иргэдэд ажлын байр нэмнэ” гэсэн амлалт өгсөн. Түүний энэхүү бодлогыг АНУ-ын төдийгүй дэлхийн зарим баячууд эсэргүүцэж, “Анти Обама” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Нэг талаасаа баячуудын татварын хэмжээг нэ-мэгдүүлснээр жирийн иргэдэд хөнгөлөлт үзүүлж байна гэсэн үг.
Гэхдээ нөгөө талаасаа баян болсон, өөрийн бизнесээр хөрөнгөжсөн иргэд Обамагийн бодлоготой харшлах нь ойлгомжтой. Б.Обамагийн тайлбарлаад байгаа зүйл бол ажилгүйдэл. Тиймээс ч тэрбээр “Нэг бол ажлын байрыг гаргаж өг, нэг бол өндөр татвар төл” гэсэн байр суурийг шууд бус утгаар тулгаж байгаа. Хэрвээ баячууд татварын тухай шинэ хуулийг хүлээн зөвшөөрч, өндөр татвар төлөх юм бол олж буй ашгаасаа татварын зөрүүг гарган авах тал дээр анхаарах болно гэдгийг ч тэд үгүйсгээгүй.
Барак Обама Конгресст 447 тэрбум ам.долларын өртөгтэй Татварын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Төслийн гол зорилго нь зогсонги байдалд ороод байгаа АНУ-ын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэчлэн сайжруулах, технологийн шинэчлэлт хийх, ажилгүйдлийг бууруулах зэрэг олон эерэг талыг бий болгох аж. Мөн татварын шинэчлэлийг багтаасан гэдгээрээ онцлогтой. Ажиглагчдын үзэж буйгаар Ерөнхийлөгчийн өнөөгийн байдал ажилгүйдлийг хэр бууруулах, ажилгүйдлийн даатгалын зардал болох 49 тэрбум ам.долларыг хэрхэн шийдвэрлэх, дунд сургуулийн шинэчлэлд 30 тэрбум ам.долларыг гаргах, 50 тэрбумын тээврийн сүлжээний дэд бүтцийг бүтээн байгуулах зэрэг хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээс чиглэж байсан. Түүний хийх ёстой хамгийн чухал зүйл бол татварын бодлогоор дамжуулан АНУ-ын эдийн засгийг сэргээх явдал юм.
Тус улсын анхны өнгөт арьстан Ерөнхийлөгч 2009 онд АНУ-ын эдийн засгийг сэргээх зорилгоор нийт 800 тэрбум ам.долларын хөрөнгийг зарцуулж байсан удаатай. Түүний татварын тухайн шинэ хуульд барилгын ажилчид, багш нарын цалинд илүү татвар ногдуулах талаар тусгасан. Мөн шинээр ажилтан авч байгаа ямар ч компанийг татвараас хөнгөлөх, тэр тусмаа зургаан сараас илүү хугацаанд ажил хайсан нэгнийг ажилд авсан тохиолдолд 4000 ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх боломжийг олгох тухай заасан гэдгийг сонгуулийн өмнө ард иргэдэд тайлбарласан билээ.
"Өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлснээр татвар төлөгчдийн хоорондох ялгааг арилгана гэдэгт ихэнхи эдийн засагчид санал нэгтэй байна"
Тиймээс иргэд түүний санаачилгыг таатай байдлаар хүлээн авч байгаа гэдгийг судлаачид баталсан. Харин цэргын албанаас дөнгөж халагдсан дайчдийг ажилд авах юм бол татварын хөнгөлөлт бүр ч илүү байхаар нэмэлт өөрчлөлт оруулах аж. Дээрх хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Америкийн жирийн нэг айлын татварын хөнгөлөлт 1500 ам.доллараар буурч байгаа юм. Энэ нь сарын цалинтай харьцуулсан судалгаа гэдгийг “USA Today” цохон тэмдэглэсэн.
“Washington Post” сонинд гарсан Ерөнхийлөгчийн илтгэлд “Ажилгүйдэл өнгөрсөн оны мөн үеийнхээс эрс нэмэгдсээр байгаа нь татвар өндөр байгаагаас болж бага цалин иргэдийн амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа. Тиймээс татварын хүүг бууруулах нь хамгийн оновчтой арга. Өмнө нь татварын орлогыг 300 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч 470 тэрбум ам.доллар болтлоо өссөн. Тиймээс татвараас олох орлогыг 600 тэрбум хүртэл нэмэгдүүлэх бүрэн боломж бололцоо бий гэдгийг эдийн засагчид дүгнэж байна. Татварын тухай хатуу бодлого ойрын хоёр жилд үйлчилнэ. Хэрэв улсын эдийн засаг сайжрах юм бол эргүүлээд хэвийн байдалд орох болно гэдгийг хэлмээр байна” хэмээн дурьджээ.
Мөн өөр нэг асуудал Обамагийн өмнө тулгараад байгаа. Цагаан ордноос корпорациудын өр эзэмших чадварыг дэмжих зорилгоор өгч байсан татаасыг бууруулж, татварын шинэ хуулийг боловсруулан нэмэлт 600 тэрбум ам.долларын орлого олох боломжийг хайж байгаа гэдгийг зарласан. Гэхдээ энэ нь эргээд л баячуудаас татах татварын хэмжээг нэг орон тоон дотор нэмж магадгүй гэдгийг ч анхааруулсан. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней “Татаас бууруулах болон татварыг нэмэгдүүлэх шийдвэрийн талаар Ардчилсан намын удирдлагуудад тайлбар өгсөөр байгаа. Бүгд найрамдах намд ч тайлбар өгсөн. Нефть болон байгалийн хийн компаниудад олгож байгаа татаасыг бууруулж, хувийн өмчийн татвар, санхүүгийн институтийн орлогын татварыг нэмэгдүүлэх. Мөн хамгийн өндөр ашигтай бүтээгдэхүүнд оноосон хязгаар-лалтыг бага багаар багасгах, корпорацийн элэгдэл тооцох дүрмийг шинэчилж, олон үйлдвэрийн газарт баримталж байгаа түүхий эдийн нөөцөд үзүүлсэн татварын хөнгөлөлтийг хүчингүй болгох зэрэг эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх нь цорын ганц арга зам” хэмээн мэдэгдсэн.
Өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлснээр татвар төлөгчдийн хоорондох ялгааг арилгана гэдэгт ихэнхи эдийн засагчид санал нэгтэй байна. АНУ-ын тэрбумтнууд дундаж орлоготой иргэдтэй харьцуулахад маш бага татвар төлдөг гэдэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс татварын тухай шинэ хууль батлагдвал жилд нэг сая ам.доллараас дээш орлоготой америкчууд өндөр татвар төлөх ёстой болох юм. Харин бүгд найрамдахчууд “Татвар нэмэх ямар ч хуулийг дэмжихгүй” гэдгээ эртнээс мэдэгдсээр байгаа. Үүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Бүгд найрамдах намынхан татварын бодлогыг зөв гэдгийг мэдсээр байгаа. Гэхдээ сөрөг хүчин гэдэг утгаараа Обамагийн бодлогыг эсэргүүцэж буй нь илт. АНУ-д эдийн засаг аажмаар өсч буй боловч ажилгүйдлийн төвшин өндөр хэвээр байгаа нь татварын бодлого буруу гэдгийг баталж байна” хэмээн Цагаан ордны хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Б.Обамагийн “Робин Гүүд” ажиллагааг дэлхийн зарим эрх баригчид “зөв” гэдэгтэй санал нийлсээр байгаа. Олж буй ашиг орлогоос хамаарч татварын хэмжээг адил тэнцүү байлгах нь “шударга ёсонд нийцнэ” гэдгийг ч онцолсон. Өндөр орлоготой иргэдийн 250 мянган ам.долларын орлогоос эхлээд татвар ногдуулах тухай хуулийг нэн даруй батлах хэрэгтэй байгаа гэдгийг Обама дахин сонгогдсоныхоо дараа мэдэгдэж байсан. Тэрбээр “Би баячуудын хараал, амны бай болж буйгаа мэднэ. Гэхдээ энэ нь нийт ард түмний төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Ядуурал, ажилгүйдэл, өр зээл бүхэн манай улсыг дампууруулах хэмжээнд хүргэх аюултайг хэн бүхэн ойлгох хэрэгтэй. Миний хийж буй ажил, батлуулах гэж буй хуулийн төслийг Есүс ч дэмжих байсан. Библид гардаг шиг Луухын 12:48 эш татаж илүү авсан хүн илүү өгөх хэрэгтэй гэсэн байдаг. Энэ бол шударга ёс” хэмээсэн юм.
Гуравдугаар сард ажилгүйдэл 8,6 хувьтай байсан бол дөрөвдүгээр сард 150 мянган ажлын байраар нэмэгдсэн нь сүүлийн долоон сарын туршид хамгийн өндөр үзүүлэлт болсон. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Барак Обама өмнөх сонгуульд ч “Эдийн засгийг өсгөж, ажил-гүйдлийг багасгана” хэмээн амлаж байсан ч төдийлөн дорвитой үр дүнд хүрээгүй гэдгийг дахин сануулсан. Товчхондоо, АНУ-ын Сенат Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан “Баффетын хууль”-ийн талаар хэлэлцсэн боловч эхний удаа буцаасан. Тэрбумтан У.Баффет санааг нь гаргаж, Б.Обама хууль болгон хэлэлцүүлэхээр өргөн барьсан энэхүү хуулийн төсөл хэрэв батлагдвал баячууд орлогынхоо 30 гаруй хувийг татварт төлдөг болох юм. Хэрэв тэдний орлогын 30 хувийг улс авч чадвал жилд таван тэрбум, 10 жилд 47 тэрбум ам.доллар босгох боломжтой аж. Хуулийн төслийг батлуулахын тулд Бүгд найрамдах намынхны дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Конгресст дийлэнх суудлыг бүгд найрамдахчууд эзэлдэг. Харин Сенатад Ардчилсан намынхан олонхи.
Уоррен Баффет “Төр засгийнхан тэрбумтнуудад хангалттай найрсаг хандсан. Түүнийх нь ашиг тусыг ч бид хангалттай хүртлээ. Миний хувьд одоо татварын тал дээр бага зэрэг хатуурхахад эмзэглэх зүйлгүй. Өнгөрсөн жилд гэхэд би татварт ердөө л 6.9 сая ам.долларыг төлсөндөө их ичсэн. Харин ашгийн хувьд хэдэн зуу дахин их гэдгийг надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх” хэмээжээ.
Улс төрийн тойм"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин