ЗГ-ын 1,5 тэрбумын бондыг арилжжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

ЗГ-ын 1,5 тэрбумын бондыг арилжжээ

Монголын Засгийн газраас гаргасан 1,5 тэрбум ам.долларын бонд олон улсын зах зээлд өчигдөр амжилттай арилжигдсан тухай “Wall Street Journal” мэдээлсэн байна. Засгийн газрын бондын арилжааг  “Ашмор Инвестмент” гэх хөрөнгө оруулалтын зөвлөх компани хариуцаж буй юм. Энэхүү арилжааг хөрөнгийн зах зээлийн ахлах судлаач Жан Де  “Дэлхийн үнэт цаасны зах зээлд хөл тавьж буй том алхам” хэмээн тодотгожээ.

Өчигдрийн арилжаагаар 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай 4.125 хувийн өгөөжтэй бонд болон нэг тэрбумын 10 жилийн хугацаатай 5.125 хувийн өгөөжтэй бондыг арилжсан байна.

Арилжааны өмнөхөн Монголын Засгийн газрын бондыг Хонконг болон Сингапурын зах зээл дээр арилжина гэх мэдээлэл гарсан ч “Wall Street Journal” чухам аль зах зээл дээр арилжсаныг дурдаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголын албаныхан хөрөнгө оруулагчидтай уулзаж, бондын худалдааг тохиролцсон бололтой, “Institutional investors” буюу зах зээлийг тодорхойлогч байгууллагын хөрөнгө оруулагчдад хоёр хэсэг бондынхоо 80 хувийг зарсан байна.

Бондын өгөөж Монголын хувьд харьцангуй өндөр, мөн хэдийгээр хүлээлт их байсан ч дэлхийн зах зээлд сүүлийн үед ховор үзэгдэл болсон өндөр гэдгийг “WSJ” онцолжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Хөгжлийн банкнаас 580 сая ам.долларын бонд худалдсан билээ. Хөрөнгө оруулагчдын хувьд худалдан авах сонирхол их байсан бөгөөд 580 саяын бондыг арилжихад түүнээс 10 дахин их захиалга ирж байжээ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж