Н.Баяраа улсын дээд амжилт шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Н.Баяраа улсын дээд амжилт шинэчиллээ

Монголын буудлага спортын холбооны 48 дэх удаагийн шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 23-27-нд Хөдөлмөрийн баатар Ж.Жамъянгийн нэрэмжит Техник спортын төвд боллоо. Энэ оны сүүлийн тэмцээнд 12 байгууллагын 110 тамирчин олимпийн 10 дасгал онч сорив. Цомын тэмцээнд ОУХМ Н.Баяраа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа нарын шилдгүүд оролцсон бөгөөд тэмцээний эрэгтэйчүүдийн хэвтээ 60 сумны дасгалд “Маршал” клубын тамирчин ОУХМ Х.Бямбабаатар 597 онож ОУХМ Ж.Ганхуягийн тогтоосон улсын рекордыг давтсан бол Хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн ОУХМ Н.Баяраа 600 онохоос 597 онож улсын рекорд амжилтыг давтан шигшээ буудлагад 104.6 амжилтыг үзүүлж, нийлбэрээр 701.6 онооны үзүүлэлтээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн байна.

Мөн тэмцээний үеэр ТСТ-ийн тамирчин С.Үүрийнтуяа,
Ц.Насанжаргал (дасгалжуулагч С.Энхжаргал), Архангай аймгийн тамирчин
Э.Булгамаа (дасгалжуулагч H.Баднаагарав) нар ХВ-4 дасгалд, “Аварга”
клубийн тамирчин Г.Тэгш- Үйлс, Г.Буянбаатар (дасгалжуулагч Л.Ундралбат)
нар ХГ-4, ХГ-6 дасгалд
шинээр спортын мастерын болзлыг хангасан бол дэд мастерийн болзлыг гурав, I зэргийг дөрвөн тамирчин биелүүлсэн байна. Тэмцээний хаалтын үеэр Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Улаанбаатар хотын болон хөдөө  орон нутгийн буудлагын клубуудад буу гардуулж өглөө.

Багийн дүнгээр Л.Ундралбат дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 133 оноогоор тэргүүлсэн бол Ц.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай “Маршал” клуб 96 оноо, О.Энхсайхан дасгалжуулагчтай “Хүч” спорт хороо 73 оноогоор удаалжээ. Хөдөө орон нутгаас оролцсон Хэнтий болон Булган аймгууд VII, VIII байрыг эзэлсэн байна.

Дашрамд дуулгахад, энэ сарын 17-20-ны хооронд Япон улсад болсон Азийн мастеруудын тоглолтын (35-аас дээш нас) тэмцээнээс манай улсын тамирчид есөн алт, долоон мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээн ирэх жил Улаанбаатар хотноо болох юм.

Мөн ирэх сард хийн бууны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нанчиньхои хотод болох бөгөөд манай шилдэг тамирчид оролцох юм байна.


Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж