Задруулаагүй задарсан нууц

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Задруулаагүй задарсан нууц

Сонгуулийн дүн таалагдаагүйгээс болж улс төрчид олон түмнийг турхирч үүсгэсэн долдугаар сарын 1-ний гэх үймээнтэй холбоотой хэрэг эцэслэн нэг тийш болоогүй л байна. Үймээний үеэр таван хүн буудуулж, амь насаа алдсан хэрэгт буруутгагдаж буй хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт нартай холбоотой хэргийг өчигдөр Улсын Дээд шүүх хэлэлцэв. Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцож, Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3.6 жил, О.Зоригтод 2.6 жил хорих ял оногдуулсан. Тэдний хувьд эцсийн найдвар болж Улсын Дээд шүүх өчигдөр ялыг хэвээр үлдээсэн шийдвэр гаргав. Тиймээс тэдний ирээдүй тун бүрхэг болж байна.

Уг нь тэд хар залуугаасаа цагдаагийн байгууллагад орж, насаараа ард түмний амар амгалангийн манаанд зүтгэсэн. Гэтэл нэг л өдөр хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүд болчихсон. Ялангуяа хошууч генерал Ч.Амарболдыг хүний аминд хүрэх хүн биш гэдгийг мэддэг хамтран зүтгэгч нөхөд нь үүнд туйлын харуусдаг. Нэгэнт шүүх хурлыг хаалттай хийдэг болохоор таван хүн амиа алдсанд яг хэн буруутай вэ гэдэг нь хөдөлбөргүй тогтоогддоггүй. Яллуулж буйгаараа цагдаагийн гурван дарга юм шиг. Гэвч тэд өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байгаа. Тийм ч учраас давж заалддаг. Долдугаар сарын 1-ний үймээн самуунтай холбоотой энэ хэргийн шүүх хурлыг нээлттэй, хаалттай явуулна гэж энэхүү хэрэг явдалд хамааралтай албан тушаалтнууд нэг хэсэг маргалддаг байснаа одоо сураггүй алга болцгоолоо.

Нээлттэй хийх ёстой гэх нэгэн байхад хэзээ ч болохгүй гэж хориглох хүн ч байсан. Гэвч шүүх шийдвэрээ гаргаад хаалттай хийж байгаа. Үүнийгээ төрийн нууцтай холбоотой гэж тайлбарладаг. Шүүн таслах ажиллагааны үеэр яах аргагүй үймээн самуунтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн хурлын протоколууд, заавар, шийдвэрүүд дэлгэгдэнэ. Тэр дэлгэгдэх нууц нь юу байж таарах вэ. Нийгэмд нэгэнт газар авсан “Иргэдийг буудах тушаалыг цагдаагийн дарга нарт өгсөн. Гэхдээ сургуулийн сумтай буугаар буудаарай гэсэн гэнэ билээ” гэх яриа задлахгүй гээд байгаа нууц нь юм уу гэхээр аль хэдийнэ задарчихсан. Цагдаагийн дарга нар тушаалын дагуу сургуулийн сумтай буу хэрэглэсэн гэдэг. Гэтэл прокурорын байгууллага иргэдийг байлдааны буугаар буудаж хөнөөсөн нь тогтоогдлоо гэж зарласан. Үүнийг дагаад “Тэгвэл иргэдийг байлдааны буугаар хэн буудаж хөнөөв” гэх асуудал босч ирсэн ч, эзэн нь олдоогүй. Энэ мэт ээдрээ, төвөг “Нууц” ихтэй эл хэрэгт буруутахгүйн тулд эрх мэдэлтнүүд ерөнхийдөө зайгаа авч, эдүгээ цагдаагийн дарга нар, тэдний ар гэрийнхэн шар махтайгаа хатаж хоцорлоо.

Цагдаагийн дарга нарын зүг нийгмээс “буруугүй юм бол тушаал өгсөн хүнээ хэлчихээч” гэх шүүмжлэл гардаг. Мэдээж тэр хүмүүс шүүх хурал дээр үүнийг хэлсэн байж таарна. Харин олон нийтэд дэлгэж болохгүй. Хэрвээ хэлчихвэл “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх” үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, “Нууц хадгалж чадаагүй” хэргээр дахин хэдэн жилийн ял нэмүүлнэ. Шүүх ч мөн төрийн нууцыг хамгаалах нэрээр шийдвэртээ энэ тухай тусгахгүй. Эцэст нь тушаал өгсөн эрх мэдэлтэн өөрт нь хамгаалалт болсон төрийн нууцаар “өлгийдүүлэн”, ял зэмгүй үлдэж, харин цагдаагийн дарга нар өөрсдөд нь хатуурхсан төрийн нууцад захирагдан ялтан болон хоцорч байна уу даа гэх харддагаар энэ хэрэг төгсөх тийшээ хандлаа.

Ц.ЭРДЭНЭ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж