Залуусын бүжиглэх эрхийг зөрчсөөр байх уу

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Залуусын бүжиглэх эрхийг зөрчсөөр байх уу

Сүүлийн жилүүдэд хүний эрх гэж их ярих боллоо. Арга ч үгүй биз. Манай улс хүний эрхийг янз бүрээр зөрчиж байгаа хойно. Хүүхдийн эрх эхийнхээ хэвлийд байхаасаа л зөрчигдөж байна гэх. Мөн ноцтой зөрчигдөж байгаа эрх бол мэдэх эрх. Хүмүүс хангалттай их мэдээлэл авч байгаа гэх боловч мэдэх шаардлагатай зүйл маш олон байна. Наад захын жишээ гэхэд, хорооны Засаг дарга төсвийн мөнгийг юунд зарцуулсан талаар ч бид мэдэх эрхгүй байгаа юм.  Энэ мэтээр  тоочоод байвал олон эрх зөрчигдөж байна. Гэхдээ бид нэг чухал эрхийг ярихгүй, зөрчигдөж байгаа талаар хэн ч дуугарахгүй байсаар өнөөг хүрчээ. Энэ бол залуусын бү­жиглэх эрх. Бүжиглэх гэд­гийг зугаацах, баар хэсэх, цаашлаад архидан согтуурах гэдэгтэй хольж хутгаж болохгүй. Энэ бол тэс өөр ойлголт. Бараг урлаг гэхэд болно.

Гэтэл өнөөгийн соёлжсон, хөгжсөн, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд бид бүжиглэх эрхээ хасуулчихаад байна. Үндсэндээ ажлын алжаал ядаргаагаа тайлж, шар усаа тараангаа найз нөхөдтэйгээ бүжиглэх эрхгүй болчихоод байгаа юм. Залуусын энэ эрхийг хэдэн хөгшин, хөдөө хурга тугал хариулж өссөн, цоглог аянд бүжиглэхийг мэддэггүй, тэндээс таашаал авахаасаа өнгөрсөн хэдэн гишүүн ганц хууль гаргаад л зөрчөөд хаячихсан. Тэд шөнийн клубүүдийг 12:00 цагаас хойш ажиллах ямар ч шаардлага байхгүй, залуус эртхэн харьж амар гэдэг комунист үзлээ тулгаж, тийм дүрэм журам баталсан гэвэл буруудсан болохгүй.  
Яг үнэн хэрэг дээрээ хөгшид өөрийнхөө хүүхдийг эрт унтуулж, хичээлийг нь давтуулах эрхтэй болохоос Монголын бүх залуусын бүжиглэх, шөнийн клубт орох эрхийг нь зөрчих эрхгүй биз дээ. Тиймээс эдэлж чадахгүй байгаа энэ эрхээ буцааж авмаар байна. Өнөөдөр бүжиглэх эрэлт ихэссэн. Тэр эрэлт дээр тулгуурлаад стандартын шаардлага хангахгүй, шөнийн клуб нэр зүүсэн хоолны газрууд хууль зөрчин шөнө ажилласаар байгаа нь үнэн. Тиймээс стандартад нийцсэн, цэвэр тохилог орчинтой, дураараа бүжиглэх талбайтай шөнийн клубүүдийг шөнө ажиллуулах цаг болчихож. Тэгж  гэмээнэ залуусын бүжиглэх эрх сэргэх учиртай.

Шөнийн клуб гэж…

Шөнийн клуб гэхээр л манайхан буруугаар ойлгож, “шөнө” үгээр нь тодотгол хийдэг зантай. Цагдаа нар нь хүртэл “хадны мангаа” мэтээр тайлбарлаж, хаах, түгжихээ л урьтал болгож байна. Яг үнэндээ шөнийн клуб гэж ямар үйлчилгээ эрхэлдэг байгууллаг юм бэ, ямар стандарттай байх ёстой гэдгийг тэд ойлгодоггүй. Уг нь шөнийн клуб гэдэг залуусын бүжиглэх эрх, эрэлтийг хангадаг газар. Тэнд архидан согтуурах явдал гаараад байгаа юм биш. Тэгээд архи, шар айраг нь тэнгэрт тулсан үнэтэй учир хүмүүс ердөө бүжиглэх зуураа хоолойгоо чийглэх гэж ганц хоёр шар айраг уудаг. Бүр тодорхой жишээ дурьдая. Өнөөдөр дэлгүүрт нэг шил архи дунджаар 10 мянган төгрөг л байна. Гэтэл шөнийн клубт багадаа 80-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Шар айраг гэхэд хамгийн хямддаа 5-6 мянган төгрөг. Тийм байхад хүмүүс согтотлоо уугаад байна гэж байхгүй. Нөгөө талаар шөнийн клубт орсон хүн ойр ойрхон ширээнээсээ холдож, бүжиглэдэг учир зогсоо зайгүй уугаад, согтоод байх нь  ховор. Энэ мэтээр зөвхөн бүжиглэх эрэлтээс үүдэж бий болсон газар. Манайд бол томоохон шөнийн цэнгээний газарт амьд хөгжмийн хамтлагууд, дуучид дуулж, хүмүүст сэтгэлийн цэнгэл өгдөг. Дандаа диско хөгжим нүргэлж, үсээ сэгсрэн бүжиглэдэг гэвэл бас буруу. Намуухан дууны аянд залуус хөнгөн бүжиглэх ч үе байна.

Шөнийн клуб гэдэг ердөө л энэ. Тэгээд ч шөнийн клуб уг нь шөнийн 23:00 цагт онгойж, 03-04 цагт хаах ёстой. Паб, ресторонд сууж хоол идэж, шар айраг шимэнгээ яриа хөөрөөгөө хийгээд амжуулчихсан залуус таашаал авах гэж, бүжиглэх гэж шөнийн клубыг зорьдог. Түүнд тааруулж шөнийн клубүүд шөнө ажиллах ёстой юм. Гол нь стандартын шаардлага хангасан л байх ёстой. Өнөөдөр манайд шөнө ажилладаг шөнийн цэнгээний газар гэж алга. Залуус ямар хоолны газар, паб, буудалд орж, хөгжим тавиад бүжиглэлтэй биш дээ. Гэтэл бүжиглэх эрэлт байгаад байдаг, тийм газар алга. Тэр хэрээрээ хууль зөрчин ажилладаг газрууд байсаар байна.

Шөнийн клубыг хааснаар архины борлуулалт багассан уу

Улаанбаатар хотод  албан ёсоор, стандартын дагуу ажилладаг шөнийн клуб гэж  алга. Учир нь хотын менежер Н.Бат даргын захирамжаар шөнийн клубүүдийг хаачихсан. Ерөнхийдөө арай гайгүй, тохижилт сайтай гэсэн шөнийн клубүүд эрхээ хасуулаад багагүй удлаа. Нэг талаараа хууль дүрмээ дагаж байгаа дарга нарыг буруутгах аргагүй. Гэхдээ шөнийн клубүүд хаагдаад архины борлуулалт багассан уу гэвэл үгүй. Шөнийн клубүүд ажиллаж байх үед өдөртөө хэчнээн литр архи зарагдаж байсан, одоо яаж байгаа талаар нарийвчилсан тоо байхгүй л дээ.
Гэхдээ тодорхой хэмжээнд судалгаа хийж үзэхэд айхтар буураад, архидалт багассан юм байхгүй талаар албаны хүмүүс ярьж л байна. Яагаад гэвэл архи зарж байгаа гол борлуулагч нь хүнсний дэлгүүр, супермаркетууд. Тийм ч учраас архины үйлдвэрүүд шөнийн клубт өгөхөөсөө хүнсний дэлгүүрт аваачиж өгөх сонирхолтой байдаг аж. Тэгээд хүмүүс шөнийн кулбт  газар орж, 80 мянган төгрөгөөр ганц шил архи авч уухыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс шөнийн клубүүдийг архидалтыг гааруулж байгаа гэж хаасан бол шийдвэрээ эргэж харах цаг болж. Мөн яаралтай үйл ажиллагааг нь сэргээмээр байна. Учир нь залуус бүжиглэх эрхээ эдэлж, шар усаа тараахыг хүсч байна шүү дээ. Ядаж хөдөлгөөн эрүүл мэндэд тустай гэдэгсэн.

Зохиогчийн эрх:"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж