
Патреусын бэлгийн амьдрал АНУ-ын тагнуулын салбарт хүнд гарз хохирол учруулаагүй ч тэрээр хүн учраас, зохисгүй үйлдэл гаргасан учраас хэргээ хүлээж албан тушаалаа өгөв. Гэхдээ АНУ гэсэн ганцхан ашиг сонирхол дээр нэгдэж байгаа учраас тэр олон зүйл ярилгүй суудлаасаа огцорсон юм. Гэхдээ түүнийг ажлаа хүлээлгэж өгсний дараа нууц амрагийнх нь гэрийнх нь компьютерээс улсын нууцтай холбоотой бичиг баримт илэрсэн нь харин америкчуудын хувьд жинхэнэ “скандал” болж байгаа юм.
Гэвч америкчуудын хэн ч, “хэлмэгдсэн” тагнуулын дарга ч энэ бүхнийг пэлгэж тавьсан сэтгүүлчийг ч, хэвлэл мэдээллийн байгууллагыг огтхон ч буруутгахгүй байгаа. Тэрээр шүүхээр заргалдаагүй, үнэтэй өмгөөлөгч хөлсөлж аваагүй. Зүгээр л суудлаа өгсөн.
Харин Монголд хүүхэнтэй орооцолдсон битгий хэл, улсын бүхэл бүтэн хөрөнгийг луйвардсан хүнд томоохон хариуцлага тооцдог бил үү? Үгүй ядахдаа өөрөө суудлаа өгдөг бил үү? Хэрвээ ямар нэгэн секс-скандалаас болж ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүйд хэн нэг нь хүрч гэмээнэ замбараагүй хэвлэлийн золиос болон хэлмэгдлээ гэж эсрэгээрээ ардын баатар, ард түмний хайрыг татагч ч болж магадгүй юм.
Манайд одоогоос арав гаруй жилийн өмнө тухайн үеийн нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Ши.Батбаяр “мөлхөө сайд” гэдэг хочтой болж хэвлэлийн “баатар” болж байлаа. Шалтгаан нь АНУ-ын жишээтэй адил. Тэрээр залуухан сэтгүүлч бүсгүй рүү мөлхөж байгаад баахан сэтгүүлчдэд баригдаж ийнхүү хэвлэлийн “баатар” болсон. Тухайн үед үүнийхээ төлөө суудлаа өгөөгүй. Харин ч сэтгүүлч бүсгүй хэлмэгдэж байсныг нь санах юм. Харин АНУ-д хүүхэн эргүүлсэн тагнуулын даргыг хэн ч өмөөрсөнгүй. Бүр хамтран зүтгэгчид нь хүртэл өмөөрсөнгүй. Үүрэгт ажлаа хэр зэрэг гүйцэтгэж, гадаадын цэргийн ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан нь хэнд ч хамаагүй болж хувирсан юм.
Хэдийгээр ийм хэрэг үйлдэж, энэ нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь нэр хүнд унагаасан хэрэг болох ч үүнийг засах нэгэн үйлдэл бий. Ажлаа сайн дураараа өгч, хэвлэлийн хурал зарлан уучлалт гуйж, байгаагаа зарлах нь улстөрийн том соёл. Бүх хэргээ өөрөө хүлээнэ гэдэг том зориг. Харин ийм том зориг манай том улстөрчдөд байгаа билүү. У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр суудлаасаа татгалзахад хүртэл улстөрийн соёлгүй гэж ярьж байгаа манай нөхцөлд алдаа гаргасныхаа төлөө халагддаг тогтолцооны тухай яриад ч хэрэггүй. Цаашлаад алдаа гаргасныг нь хэвлэл, мэдээллээр цацахад “манайхан” яаж хандахыг төсөөлөд хэцүү биш. Тэртээ тэргүй жижиг хүн амтай Монгол Улсад нэг сэтгүүлч томоохон улстөрчийн булхайг дэлгэе гэж оролдоод, түүнийгээ хэвлэлд гаргавал юугаар төгсөхийг төсөөлье. Улстөрчид нь адилхан шүүхдэлцэж, гэм буруугүй хэмээн төрөөр далимдуулан дарамтална. Эцэст нь энэ хэрэг замхарч үүнийхээ төлөө улстөрч нь од болж, сэтгүүлч нь хог болдог тогтолцоо үйлчилж буй. Тэгээд ч улстөрчдийн тухай ноцтой мэдээллийг гаргах зоригтой редакци ч Монголд алга.
Гол асуудалдаа оръё. Монголд ардчиллын зарчим үйлчилдэг гэх шинж тэмдэг байна уу? Энэ бол маш том асуулт тээсэн асуулт. Зүгээр л төрийн байгууллагуудыг хэр зэрэг нээлттэй вэ гэдгийг харах гээд оролдъё. Тэнд ажиллаж байгаа түшмэл иргэдэд үйлчлэх л гэж тэнд суугаагаа ойлгодог уу? Зөвхөн тодорхойлолт авах гэж л сэтгүүлч хоёр, гурван долоо хоногийг ардаа хийнэ. Тэгэхээр жирийн иргэд хэр зэрэг уддаг вэ гэдэг тодорхой. Оршин суугаа газрын тодорхойлолт авах гэж долоо хоносон гашуун түүх ч бий. Өөрийнхөө алдаа дутагдлыг байтугай хамтран зүтгэгчдийнхээ алдааг түшмэдүүд “хууль”-иар хамгаалдаг болсоор уджээ. Одоогоос таван жилийн өмнөх эмгэнэлт явдлыг саная. Гал унтраахаар явсан онцгой байдлын 14 ажилтан хорвоог орхисон аймшигтай хэрэг гарав. Орчин үеийн техник технологиор хангаагүй, мэдээллийг нуусан, цаг алдсан зэргээр тухайн үеийн Онцгой байдлын сайд үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Гэтэл ажлаа өгөөд удаагүй байхдаа “Би ер нь яахаараа ажлаа өгдөг билээ. Буцаад ажилдаа орно” гэсэн алдарт “афоризм”-аа хэлснийг олон нийт санаж байгаа байх. Албан тушаалаасаа огцрох шийдвэрийг ч нэлээд удаж байж, бараг бусдын шахалтаар гаргасан гэдэг. Гэтэл дараа нь би буруугүй гэж явсан нь улстөрийн хэр зэрэг соёл вэ? Хэр зэрэг зориг вэ? Одоо манай улстөрчдөд улстөрийн зориг, соёл хэр зэрэг байдаг юм бол?
Яг энэ төрлийн асуудалд өртөөд ажлаа хүлээлгэж байсан хүмүүс олон. ОУВС-ын тэргүүн Доминик Строс Кан, Вотергейтын хэргээс болж ажлаа өгсөн Ричард Никсон, эдийн засгийн болоод дотоодын асуудлаас болж суудлаа өгдөг Японы үе, үеийн Ерөнхий сайдууд. Жагсаалтыг гаргавал маш урт дараалал болж хувирна. Харин салбарыг нь болоод өөрийг нь тойрсон асуудлаас болоод ажлаа өгсөн улстөрчид манай улсад хэр зэрэг олон билээ. Хариуг нь олох гэж маш урт хугацаа зарцуулж ч болох юм. Үүнийг дэлгэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч ч тэр бүр олон биш. Манайд хууль, эрх зүйн болоод мэргэжлийн орчин ч хараахан бүрэлдэж амжаагүй байна.
Эцэст нь ардын уран зохиолч цолтой Б.Лхагвасүрэнгийн хэлснийг сануулъя. “Монголын нэрийг өндөрт гаргасан Д.Дагвадоржийг шүүмжлээд байсан сэтгүүлчдэд би нэг зүйл хэлье. Ичихгүй байна уу, их аваргынхаа нулимсыг үзээд. Ичээч” гэж. Үнэхээр ичмээр л байна даа.