“Монголын ЭЗ-т Хятадын оролцоо чухал”

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

“Монголын ЭЗ-т Хятадын оролцоо чухал”

Ван Шао Лун: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД 
ХЯТАДЫН ОРОЛЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шао Лунтай уулзаж, ярилцлаа.  Энэ удаад бид хоёр орны эдийн засгийн харилцаа болон төмөр зам, Тавантолгойн орд газрын ашиглалт зэрэг сонирхол татаж буй сэдвүүдээр ярилцлаа.

-Монголоос БНХАУ-д экспортолж буй нүүрс өнгөрсөн жилээс бараг тал хувиар буурлаа. Монгол Улсын хувьд гол түншлэгч маань өмнөд хөрш учраас БНХАУ-ын эдийн засгийн байдал монголчуудад ч бас ихээхэн нөлөө үзүүлдэг. Нүүрсний зах зээл хэзээ сэргэж, Монголын нүүрс нийлүүлэгчдэд хэзээ боломж гарна гэж та бодож байна?  

-Сүүлийн хэдэн сард Хятадын нүүрсний зах зээл огцом уналтад орсон. Хятадын нүүрсний зах зээл бол хамгийн чөлөөтэй, цэвэр зах зээлийн зарчмаар явдаг маш том зах зээл. Хятадын дотоодын зах зээл болон дэлхийн нүүрсний зах зээл хоорондоо гүнзгий харилцан хамааралтай байдаг. Хятадын Засгийн газар чөлөөт зах зээлийг шинэчлэх, бие даалгах алхам олон жилийн турш хийж ирсэн нь бидний хувьд их чухал. Дэлхийн нүүрсний худалдааг Азийн орнууд, тэр дундаа Хятад Энэтхэгийн эрэлт тодорхойлж байна. Хятадын зах зээл бол бас л том зах зээлүүдийн үр дагавар, эх үүсвэр, тусгал. Хятадын эдийн засаг бага зэрэг удааширсан нь төрөөс эдийн засгийн өсөлтийг хазаарлаж, хэвийн хэмжээг барих арга хэмжээ авсантай холбоотой. Либералчлал Хятадад хүчтэй өрнөж байна. Хятад улс өнгөрсөн шигээ экспорт, гадны хөрөнгө оруулалтаас хамааралтай эдийн засаг биш дотоодын хэрэглээнд суурилсан эдийн засаг бүрдүүлэх чиглэлд явж байна. Эдгээр хүчин зүйлс нүүрс бусад түүхий эдийн эрэлтэд нөлөөлдөг.

Монголын хувьд Хятад руу гаргах нүүрсний хэмжээнд нөлөөлж байна. Мөчлөгийн гэхээсээ илүү бүтцийн асуудал энд бий гэж би бодож байна. Ази номхон далайн орнуудын эрэлт нийлүүлэлтийг харах юм бол хоёр өөр зүйл харагдана. Нэг талаас Австрали, Индонезид уул уурхайд хөрөнгө оруулалт хийж байна. Мөн Америк занарын хий, газрын тосны шинэ уурхайнууд нээж, эрчим хүчний болон металлургийн нүүрсний нийлүүлэлт эрэлтээс хол давсан байгаа. Хятадын боомтуудад ирдэг нүүрснүүд гайхмаар хямд. Ойролцоогоор 60 гаруй ам.доллар. Яагаад гэвэл өрсөлдөөн улам ширүүсч байгаа учраас нүүрсийг олборлох өртөг улам хямд болсны дээр далайн тээврийн өртөг ч гэсэн нэг тонныг нь 20 хүрэхгүй ам.доллараар түгээж чадаж байна. Мэдээж үүн дээр тариф, татвар нэмэгдэх ч гэсэн 60-аас дээш гарахгүй байж чаддаг учраас нүүрсийг нь өрсөлдөх чадвар сайтай болгодог.  Монголын нийлүүлэгчдэд энэ юу гэсэн үг вэ гэвэл үнэнийг хэлэхэд Монголын нүүрсний үнэ Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай байж чадахгүйг харуулж байна. Урт хугацааны эрэлт Хятадын зах зээлд оршиж байна. Хятадын үйлдвэржилт, хотжилтын бүтээн байгуулалт талдаа ч ороогүй, хийж бүтээх олон зүйл байна. Тиймээс Хятад эрчим хүчний нүүрс, кокс, зэсийн консентраци гээд бүх төрлийн түүхий эдийн эрэлт мэдээж их бий. Монголчууд нүүрсээ өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй, Хятадын зах зээлд нүүрсээ зарах гэсэн асар олон нийлүүлэгч орнууд байна шүү дээ.

-Хятадын хамгийн их нүүрс хэрэглэдэг мужуудтай сайн харилцаа тогтоож чадвал хямралыг үл харгалзан нүүрсээ тогтвортой нийлүүлж болох уу?

-Монголын нүүрс нийлүүлэгчид эцсийн хэрэглэгчдэд өөрсдөө хүрнэ үү, эсвэл зуучлуулж хүрэх гэдгийг ярихаас өмнө дахиад нүүрсний үнэ рүү буцаж орохоос өөр арга байхгүй. Хятадын худалдан авагчид, хөрөнгө оруулагчидад тогтвортой байдал, таамаглаж болохуйц тодорхой байдал хэрэгтэй. Ихэнхи Хятадын бизнесүүд энд дамын наймаа хийж эсвэл маш богино хугацаанд орлого олоод явах гэж ирээгүй. Бид энд Монголд Засгийн газар хоорондын төвшинд болон бизнесийн салбарт урт хугацааны түншүүд болох гэж байна. Ер нь Хятадтай бизнес хийж, сайн харилцаа тогтооё гэвэл бидний хооронд итгэл байх ёстой.

-Одоогоор манай нүүрс нийлүүлэгчид “Винсвей” гэдэг тээвэр ложистикийн компанид бүх нүүрсээ зарж байна? 

-Винсвэй, нүүрсний худалдаа, ложистикийн компани Монголын зах зээл дээр ажилдаг, үүн шиг компани Хятадад дахиад 50 гаруй бий. Нүүрс бол харьцангуй төрөлжсөн зах зээлтэй түүхий эд. Монголын нүүрс нийлүүлэгчид эцсийн хэрэглэгчдэд хүрэх бүрэн боломжтой.  Гэхдээ Австрали, Монголын нүүрсний салбар асар том ялгаатай. Монгол Хятадад хамгийн ойр ч гэлээ нүүрсний худалдаа голдуу Чинхуандао зэрэг томоохон боомтуудад болдог. Австрали нүүрс ч гэсэн бас л хямд. Итгэнэ үү байна уу таны асуудал, Монголын нүүрсийг битгий ав гэж худалдаачдад хэн ч хэлдэггүй, ямар ч ийм бодлого байхгүй.  Бид бизнес эрхлэгчидийг хамтарч ажиллахыг нь дэмжихэд үргэлж бэлэн. Гэхдээ Монголчууд харилцаагаа бодит болгохын тулд хэрэгжүүлэх бодлогоо тодорхой болгох хэрэгтэй.

-Хятадын төрийн өмчит “Чалко” Монголд үйл ажиллагаа явуулдаг  “Саутгоби Ресурс” компанийн хувьцааг худалдах авах саналаасаа татгалзсан. “Чалко” эцсийн мөчид яагаад “Саутгоби”-гоос татгалзсан гэж бодож байна?

-“Саутгоби Сэндс” компанийг хуулийн байгуулагаас шалгаж байгаа гэж би ойлгож байна. Энэ мөрдөн шалгалт “Саутгоби Ресурс”-ийн хувьцааг худалдаж авах гэсэн “Чалко”-гийн наймаанд бас нөлөөлсөн гэж би бодож байна. “Чалко” “Саутгоби”-гийн хувьцааг худалдан авах тухай санал гарахад гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль гарсан нь гадаадын хөрөнгө оруулагчид ялангуяа Хятадын компаниудад зориулсан гэж ойлгогдохоор байсан. Үүгээр “Чалко” яагаад саналаасаа татгалзсаныг тайлбарлаж болно гэж бодож байна.  Бид харилцан ашигтай байх гэдэг нийтлэг ашиг сонирхлын төлөө хамтрагч, хөршүүд-найзууд гэж бие биеэ хардаг. Хятад дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа, хамгийн том эдийн засагтай орон болоход ойрхон байна. Хамгийн их газар нутгаар хиллэдэг хөрш Монголын хувьд Хятад бол хамгийн том түүхий эдийн зах зээл. Хятадын хурдтай хөгжлөөс ашиг хүртэх гэж хичээж байгаа хангалттай олон орон бий. Монголчууд өвөрмөц ашигтай байрлал, байгалийн баялагтаа тулгуурлан Хятадын хөгжлөөс хүртэх сайхан боломж, олон давуу тал байна. Миний бодлоор Монголд юу хэрэгтэй гэвэл хоёулаа сэтгэл хангалуун ашигтай хамтран ажиллах үндсийг бүрдүүлсэн зөв бодлого, хууль эрхзүйн орчин хэрэгтэй. 

-Монголчуудад Хятад улсыг олон жилийн найрсаг харилцаатай хөрш гэхээс гадна болгоомжлох хандлагатай нь нууц биш. Та үүнийг хэрхэн үздэг вэ?

-Хятад Монголын харилцааны түүхийг харах юм бол нөхөрлөл, хамтын ажиллагаа ихэнхи хэсгийг нь эзэлнэ. Ямар ч улсуудын хамтын ажиллагаанд итгэлцлийг асуудлыг чухалчилж үзэх онц шаардлагатай. Манай төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинггуо өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлахдаа итгэлцлийн асуудлыг нэн түрүүнд авч үзэх хэрэгтэй гэдгийг онцолсон, яагаад гэвэл зарим Монголчуудын үл итгэх үзлийг бид сайн мэдэж байгаа учраас. Энэ айдас, үл итгэл, түгшүүрийг үндэслэлүй гэж хэлэх би хэлэхгүй. Гэхдээ одоо бидэнд ийм хандлага, айдас, болгоомжлол огт шаардлагагүй. Яагаад гэвэл бид Монголын тусгаар тогтнол, бие даасан байдал, газар нутгын бүрэн бүтэн байдлыг хүндэлдэг гэдгээ олон удаа илэрхийлсэн. Хэрвээ Монголчууд өөрсөддөө үл итгэх боломж олгосоор байх юм бол тэр нь бидний нийтлэг сонирхлын эсрэг зүйл болно. Мөн Монголчууд хөгжиж дэвших цаг хугацаа алдана.

-“Чалко”, “Саутсгоби Сэндс” хэлэлцээ ид явагдаж байх үед Монголын хууль тогтоох байгууллагаас Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль баталсан нь хятад хүний хувьд танд ямар санагдсан бэ?

-Нэг талаас Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулалтыг сайжруулахыг хүссэн гэдгийг би сайн ойлгож байна. Нөгөө талаас хуулийн зорилго нь урам хугарам санагдсан. Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлахад тэр дундаа бидний хөрөнгө оруулалтын хязгаарлахад чиглэсэн байсан. Энэ бол ялгаварлан гадуурхалт. Мөн Монголыг олон улсын тавцанд тогтворгүй болгож харагдуулж байна. Иймэрхүү зүйлс хоёр улсын харилцаанд ашиггүй.

-Оюутолгойн Хятадаас эрчим хүч авах гэрээ  Оюутолгойгоос Хятад руу зэсийн баяжмал нийлүүлэх гэрээнээс болж жил хагас хойшилсныг та юу гэж бодож байна вэ?

-Эрчим хүч нийлүүлэх гэрээг Засгийн газар хоорондын төвшинд авч үзсэн. Бид энэ төсөл Монголд маш чухал гэдгийг мэдэж байгаа учраас туслахыг хүссэн. Оюутолгой бол Монголын хамгийн том уул уурхайн болон үйлдвэрлэлийн төсөл, Монголын эдийн засагт асар чухал үүрэгтэй гэдгийг бид мэднэ. Бид энэ асуудал дээр чадах бүхнээ хийнэ гэдгээ ч бас мэдэгдсэн. Үүнийг Хятадын ерөнхий сайд болон бусад удирдагчид бүгд давтан хэлж байсан. Энэ гэрээг нарийн төвөгтэй арилжаа эдийн засгийн асуудалтай хамт авч үзэх ёстой болсон учраас төсөөлснөөс удсан. Гэхдээ хоёр талаас хүчин чармайлт гаргасныг эцэст саяхан гэрээндээ эцэслэн гарын үсэг зурж, шийдэгдсэнд бид баяртай байна.

-Та Оюутолгойн цахилгааны гэрээг Хятадад зэсийн баяжмал нийлүүлэх гэрээтэй уялдуулах гэж удсан гэсэн?

-“Оюутолгой” ХХК Хятадын зэс цутгах, хайлуулах үйлдвэрүүдтэй гэрээ хийсэн гэж би сонссон, Жишээ нь Баяннуур аймаг, Өвөрмонголын болон бусад Хятадын үйлвэрүүдтэй зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ хийсэн. Дэлхийн зах зээлийн үнээр зэсээ нийлүүлэх хэлэлцээ хийсэн гэдэгт би итгэлтэй байна.

-Монголын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Хятад ямар байдлаар оролцох сонирхолтой байгаа бол?

-Саяхан Монголын Засгийн газар шинэ төмөр замын тухай шийдвэр гаргасан болохоор ач холбогдлыг нь судлаж байна. Төмөр замаар холбогдох нь манай хоёр улсын нэн тэргүүний зорилт. Төмөр замаар ганц гарцаар холбогдсон нь бидний худалдааны өсөлтийг хазаарлагч хамгийн том саад болж байна. Бид Хятадын бизнесүүдийг Монголын шинэ төмөр замын бүтээн байгуулалт болон үйл ажилагаанд оролцоход нь гарцаагүй дэмжинэ. Гэхдээ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх Монголын Засгийн газрын бодлогоос шалтгаална.

-Хятадын төрийн өмчит “Шенхуа” компанийг одоо ч гэсэн Тавантолгойн баруун Цанхид хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа гэж та бодож байна уу?

-Хятадын Засгийн газар “Шенхуа”-г Тавантолгойн баруун хэсгийг хөгжүүлэхэд оролцоосой гэж хүссэн. Хамтын ажиллагааны загварын хувьд хамгийн нэгдүгээрт бас хамгийн чухал нь энэ бол эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой төсөл. Хоёрдугаарт оролцогч талуудын саналаа, тавьж буй боломж, давуу талаас шалтгаална. Өөр, өөр консорциумууд өөр өөр боломж санал болгож чадах бөгөөд тус тусын давуу талтай байна. Эцэст нь ямар ч хувилбар дээр тогтсон тэр нь төслийн тогтвортой байдал болон Монголын эдийн засагт ашигтай байх нь л чухал. Бид Монголоос урт хугацааны харилцаа, түншлэл гэдэг амин чухал юм зүйлийг хүсч байна.   

-Та Хятадын Монгол дахь хөрөнгө оруулалтын талаар сүүлийн үеийн ямар мэдээтэй байна?

-Энэ жилийн тоог би хараахан хараагүй байна. Хятадын оролцоо Монголын эдийн засийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж би үздэг. Хятадын бизнесүүд Монголд богино хугацаанд биш урт хугацаанд тогтвортой ажиллахаар ирсэн гэдгийг би дахин онцлох ёстой гэж үзэж байна.

-Бидний хүсэлтийг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж