Бас нэг арлын маргаан

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Бас нэг арлын маргаан

Өнөөх л газрын маргаан. Гэхдээ Улаанбаатарт байгаа хэсэгхэн газрыг төр, иргэн хоёр мэдэлдээ авах гэж булаацалддаг манайх шиг газрын маргаанаас хамаагүй ондоо, чухал асуудал бол энэ. Их гүрнүүдийн хилийн зай завсар, газрын маргаантай тогтцоосоо болж маргаан дагуулж буй газар нутгууд олон бий. Ихэнх нь Азийн орнуудад.

Одоогийн байдлаар дэлхий дахины анхаарлыг татаж байгаа газар бол Өмнөд Хятадын тэнгист байрлах жижиг арлын маргаан. Өнгөрсөн хоногуудад байдал хурцдаж Вьетнам улсын тэнгисийн цэргүүд байлдааны бэлэн байдалд эргүүл хийж байна. Шаардлагатай тохиолдолд гал нээх команд аван ийнхүү “хамгаалж” байгаа нь энэ. Баттай бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цэргүүд болоод энгийн иргэдийн дунд буудалцаан үүсч байгаа гэж дэлхийн мэдээллийн агентлагуудад мэдээлж байгаа юм.

Өмнөд Хятадын тэнгист байрлах дөрвөн хэсэг газар нутаг Хятадын хилийн зааг дээр оршдог. Вьетнам, Хятад, Филипин, Малайз, Бруней, Тайланд зэрэг зургаан улсын дунд оршдог энэ бүлэг арал эртнээс эдгээр улсуудын харилцааны эмзэг асуудал байсаар ирсэн гэхэд болно. 2011 онд Вьетнам улсын “Петро Вьетнам” уул уурхайн компани энэ арлын хэсэгт газрын тосын олборлолт хийж, тэнгисийн гүнд ч өрөмдлөг хийсэн нь Хятадын дургүйцлийг хүргэсэн байна. Энэ ч утгаараа тэдний татсан кабель, өрөмдлөгийн машин зэргийг Хятад улс эвдэлсэн юм. Хэдхэн сарын өмнө Филипин улс ч гэсэн Вьетнамын татсан кабель, тусгай кабель зэргийг нь авч хаясан билээ. Мөн энэ улс худалдааны зориулалттай хэд, хэдэн хөлөг онгоцыг энэ арал руу илгээж байгаа юм.

Маргаан дэгдээд байсан наймдугаар сарын сүүлээр Нью Саут Велсийн их сургуулийн профессор Алан Дюпонт “Энэ бол Диаоюү арлаас ч аюултай байж болох маргаан. Жилийн өмнө уул уурхайн компани хайгуул хийснээс болж дэгдсэн энэ асуудал түр зур намжмал байсан. Одоо ид хүчээ аваад байна. Хятад аль хэдийнэ анхааралдаа авсан” хэмээн ярьж байсан билээ.

Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас болж Бруней, Малайз улсад эсэргүүцлийн хэд, хэдэн хөдөлгөөн өрнөсөн ч мэдээлэл тун хомс байгааг хэлэхэд илүүдэхгүй. Харин Тайвань асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаж байгаа учраас албан ёсны хариу өгөөгүй л байна.

Хятадын тэнгисийн цэргүүд аль хэдийнэ бэлэн байдал зарлачихсан байгаа. “Хятад энэ асуудалд маш ихээр анхаарал хандуулж байгаа. Бүр эртний судар бичгүүдэд ч энэ арлын тухай дурьдсан байдаг. Газар нутгийн байрлал зэргээс нь харвал бусад улсууд ч гэсэн зүгээр суухгүй. Ялангуяа Вьетнам, Филипин зэрэг улсууд энэ асуудлыг зүгээр орхихгүй нь тодорхой. Гэхдээ цэргийн хүч, зэвсэглэлийн байдлаараа Хятадыг гүйцэх улс энэ таван улс дотор байхгүй. Энэ л маш ээдрээтэй байдлыг үүсгээд байна” гэж Зүүн өмнөд Азийн гишүүн 10 орны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Пицуван ярьжээ.

Өмнөд Хятадын тэнгист оршдог энэ маргаантай арал нь газрын тосны арвин их нөөцтэйд тооцогддог аж. 2011 оны судалгаагаар 213 сая баррел газрын тосны нөөц бий гэсэн дүн гарчээ. Энэ нь Саудын Араб улсын газрын тосны нөөцтэй эн тэнцэхүйц үзүүлэлт юм. Мөн арлын эргэн тойрны 200 милийн радиуст загасны арвин их нөөцтэйг ч олж тогтоосон байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар байгалийн хийн нөөц ч багагүй хэмжээтэй байгааг олж тогтоожээ.

Хятадын энэ байдлыг Вьетнам, Филипин зүгээр хараад суусангүй. Тэнгисийн цэргүүдээ мөн байрлуулсан, шаардлагатай тохиолдолд гал нээх үүрэгтэйгээр. Гэхдээ шийдвэрийг тухайн тэнгисийн цэргийн салааны дарга нь гаргах зөвшөөрөл олгожээ. Бруней, Малайз ч шаарлагатай бол цэргийн болоод галын тусламж үзүүлж болох талаар дээрх хоёр улстай харилцан тохиролцсон байна. Тайланд энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Үүнд Хятад улс дургүйцэж байгаагаа ч илэрхийлээд байгаа. Вьетнамчууд жуулчлал болон бизнесийн шугамаар ирсэн хятад иргэдийн бараа болоод биеийн байцаалтыг нь шалгаж байгаа бөгөөд зөрчил илэрвэл хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Мөн долоо хоногоос дээш хугацааны виз олгож байгаа аж.

Дэлхийн улс төрийн ажиглагчид удирдлага дөнгөж шилжээд байгаа энэ мөчид БНХАУ чухам ямар хэмжээ авахыг чих тавин хүлээж байгаа гэхэд болно. Ямар ч байсан эхний ээлжинд тэнгисийн цэргээ байршуулсан. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ойрын хугацаанд эргүүлэн татахгүй. Гэхдээ шинэ удирдагчийн мөрийн хөтөлбөрт “эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, Хятад улсын эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэнэ” гэж тусгасан нь цаагуураа маргаантай арлын асуудлыг шийднэ гэдгийг ч хэлсэн байж болох талтай.

Хэдийгээр газар нутгийн маргаанд ямар ч хамааралгүй ч Кампож улс Бруней, Малайз зэрэг улсын байр суурийг дэмжиж, Хятадын цэрэг байршуулсан үйлдлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд байгаа аж.

Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийн холбооны удирдлага ирэх онд солигдоно. Энэ үетэй газар нутгийн маргаан давхацсан нь байдлыг хурцатгана гэдгийг ажиглагчид хэлж байна. Үүнд АНУ ч мөн анхаарлаа хандуулж, асуудлыг аль болох энхийн аргаар шийдвэрлэхийг уриалж байгаа. Гэхдээ байдал хурцдаад зэвсэгт мөргөлдөөнд хүрвэл АНУ зүгээр суухгүй нь тодорхой. Харин эдийн засаг нь улам бүр хүчээ авч, эрчимтэй хөгжиж байгаа Хятадын талд орох уу, бусад улсыг сонгох уу гэдэг нь маш том асуултыг дагуулж байгааг мартах учиргүй. АСЕАН-ын орнууд ч үүнийг анхааралдаа авах хэрэгтэй гэдгийг мэдэгдээд байгаа ч НҮБ одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. АСЕАН-ын  орнууд маргаантай байгаа улсуудыг байцуулсан нууцын зэрэглэлд багтах зохиох байсан ч энэ саналыг Хятад улс хүлээж авалгүйгээр, түр хугацаагаар хойшлуулаад байгаа юм.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж