“Оньсого” тайлагдсан өдөр

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

“Оньсого” тайлагдсан өдөр

Энэ өдөр улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт үйл явдал өрнүүн, хүн бүрийн хувьд “завгүй” өдөр байлаа. Ингээд News.mn сайтын өнөөдрийн үйл явдлыг хураангуйлан тоймлож байна.

Орон нутгийн сонгуульд хэн ялсан бэ?

Орон нутгийн сонгуулийн эцсийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ эцэслэн мэдээлэлгүй өнөөдрийг хүрсэн тул хүн бүрт л аль тойрогт хэн ялсан нь оньсого хэвээр байсан. Сонгуулийн дүнг эцэслэн гараагүй байх өдрүүдэд МАН, АН-ууд зэрэг намууд өөрсдийн ажиглагчаараа дамжуулан авсан мэдээллээр өөрсдийн талд ялалт ирсэн талаар мэдээлж байсан. Энэ нь ч иргэдийг төөрөгдөлд хүргээд байсан юм. Харин өнөөдөр СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийж,  албан ёсны дүнг танилцууллаа. Тойргын хороодоос СЕХ-нд ирүүлсэн мэдээллээр АН олонхийн суудал авч, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой боллоо. СЕХ-оос өгсөн мэдээллээр орон нутагт Ардчилсан нам хамгийн олон суудал буюу 379, МАН-334, МАХН дангаараа 16, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дөрөв, ИЗНН-МАХН-ын эвсэл хоёр, ИЗНН дангаараар нэг, зургаан бие даагч ялсан гэсэн мэдээлэл байна.  Харин нийслэлийн зургаан дүүрэгт дахин санал хураах бөгөөд гурван дүүрэгт ирц хүрсэн байна. Ирц хүрсэн гурван дүүрэгт АН-29, МАН-36, МАХН-аас хоёр нэр дэвшигч тус тус ялалт байгуулсан байна. .

Дахин сонгууль хэзээ болох вэ?

Орон нутгийн сонгуульд нийт дүнгээр АН-408 суудал, МАН- 370, МАХН-18 суудал тус тус авсан байна. Үүн дээр нийслэлийн зургаан дүүрэгт дахин санал хурааж, дүнг нэгтгэн гаргах юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу ирц хүрээгүй дүүргийн хороодод арваннэгдүгээр сарын 30 буюу баасан гаригт дахин санал хураалт явуулах гэж байна.  Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, санал авах өдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны баасан гаригт 08.00-14.00 хооронд санал өгөх иргэдийг ажлаас чөлөөлөхөөр шийдсэн юм.

Цагдаагийн удирдлагуудын гомдлыг хэрэгссэнгүй

Иргэд, нэр дэвшигчид улс төрийн процесст анхарлаа хандуулж байх үед Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Хуралдаанаар Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас өгсөн “Нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” талаарх үүргийг авсан атлаа албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас дөрвөн иргэн нас барж, гурван хүний биед хүнд, хоёр хүний биед хүндэвтэр,  нэг хүний биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт буруутай болох нь гуравдахь шатны шүүхээр дахин батлагдлаа.

Өнөөдрийн онцлох хүн-О.Магнай

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр иргэдийн толгой өвтгөөд байсан цөөнгүй асуудлыг шийдвэрлэснээ тайлагнав. Эдгээр шийдвэрээс анхаарал татсан шийдвэр нь зохиомолоор шатахууны хомсдол үүсгэсэн гэх “НИК” компанийг 4.9 тэрбум төгрөгөөр торгосон явдал байлаа. Мөн нефть импортлогч компаниудад торгууль ногдуулсан гэхээр өмнөх 17 тэрбумын торгуулийг сэргээх эсэх асуудал сөхөгдсөн юм. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Ирэх даваа гаригт болох ШӨХТГ-ын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хуралдаанаар энэ асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэх болно. Ямартай ч  17 тэрбумын торгуулийг сэргээх шийдвэр гарна гэдэгт найдаж байгаа” гэсэн юм.

Мөн иргэдэд “Нарантуул”, “Хархорин” захуудад ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн 50 төгрөг төлөлгүй чөлөөтэй нэвтрэх эрх нээгдэж байгаа аж.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж