
Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Хөвсгөл аймагт болсон аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеийн хамгаалалтад ажиллаад нийслэл рүү буцах замдаа гурван хүнийг галд өртөн амь насаа алдах эрсдэлээс аварсан байна. Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн хошууч И.Чинбатаар ахлуулсан алба хаагчид энэ сарын 23-ны шөнийн 02.00 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөр дайрч өнгөрөх үед айлын байшин шатаж байсантай таарч галыг унтрааж, галын аюулаас гурван хүний амь насыг аварсан байна.
Тус сумын I багийн засаг дарга ажилтай, 36 настай эрэгтэй С.Мөнх-Эрдэний байшингийн галлагааны өрөөний яндангийн орчмоос гал гарч байшин шатаж гэрийн эзэн С.Мөнх-Эрдэнэ, эхнэр 36 настай эмэгтэй М.Мөнхтуяа, 8 сартай охин М.Энхмаа нарын хамт гал гарах үед мэдэхгүй унтаж байхад нь цагдаа нар байшингийн цонхыг хагалан орж гурван иргэнийг аварсан аж.. Мөн өлгийтэй охиныг дулаан машинд байлган асран хамгаалж, байшин дотор угаартан унасан нохойг нь ч эсэн мэнд гарган авч чаджээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН