50 тоннын кран ашиглаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

50 тоннын кран ашиглаж эхэлжээ

Есөн давхар байшин шиг өндөр 50 тоннын хүчирхэг чингэлгийн кран өнөөдрөөс хэрэглэгчдэд үйлчилж эхэллээ. “УБТЗ”-ын харьяа Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги чингэлгүүдийг кранаар ачиж буулгах үүрэг гүйцэтгэдэг ба өнөөдрөөс эхлэн 50 тоннын аварга кранаар нийтэд үйлчлэхэд бэлэн болоод байгаа аж.

Монголын эдийн засаг өсч, эрэлт нэмэгдэхийн хирээр төмөр замын тээвэрлэлт худалдааны хэмжээ эрс нэмэгдэж байна. Мөн Замын-Үүдээр орж ирэх уул уурхайн хүнд тоног төхөөрөмжүүд тоо огцом нэмэгдсэн энэ үед 50 тоннын хүчин чадалтай чингэлэг ачиж буулгадаг кран зайлшгүй хэрэгтэй байжээ.

50 тоннын кран хоёр тал руугаа чингэлэг зөөвөрлөдөг учраас импорт, худалдааны хурд нэмэгдэж, бараа материалын хомсдолд орохгүй байх, хэрэглэгчид чингэлгээ илүү шуурхай хүлээж авна гэсэн үг юм.

“Энэ аварга, хүчин чадал сайтай кран ашиглалтад ороход манай чингэлэг боловсруулах хүчин чадал 50 хувиар нэмэгдэх, 130 чингэлэг тавих талбай шинээр нэмэгдэж, өдөрт 80-100 чингэлэг хэрэглэгчдэд түргэн шуурхай олгох болно” гэж Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Болор-Оргил онцоллоо.

Шинэ кранаар үйлчилж эхэлсэн ч үнийн хувьд өөрчлөгдөөгүй урьдын тарифаар үйлчлэх юм байна.

Ачиж буулгах ангийнхан 30 тоннын гурав, 10 тоннын дөрвөн кранаар төмөр замаар ачаа тээвэрлэж байгаа иргэдэд үйлчилдэг байжээ. 

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа чингэлэг тээвэрлэлтийг зохион байгуулахад Ачиж буулга тээвэр экспедицийн механикжсан ангид энэ 50 тоннын кран нэн шаардлагатай байсан ба 50 жилийн ойнхоо өмнө ийнхүү 50 тонны крантай болжээ. “УБТЗ” ХНН үүнд 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, УБТЗ-ын инжинерүүд гадны дэмжлэгтэйгээр хамтран, зарим хэсгийг нь бие дааж угсарч босгожээ.

Жилд 2,3 сая тонн ачаа боловсруулдаг Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги нийт импортын чингэлгийн 45 хувийг дангаараа ачиж буулгадаг юм байна.

  
Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж