Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нар нь албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, галт хэрэгсэл тараасан, цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь нотлогдсон, Г.Ганбаатар нь галт зэвсэгтэй холбоотой үйлдэлд оролцоогүй боловч жагсаал цуглааныг тараах явцад албан үүрэгтээ хайнга хандсан нь нотлогдсон байна гэж үзлээ. Мөн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт ял оногдуулсан хэсгийг хэвээр үлдээсэн байна.
Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогч нар нь хохирлын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болох тухай заалтыг нэмсэн байна.
Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон бол цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан. Тэднийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж ялласан юм.
Давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүх тэдний гомдлыг өнгөрсөн сарын есдүгээр сарын 21-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.