![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/28391604acf02220/4fbc24234c950763original.jpg)
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол, Европын залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба болон Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар Авлигын эсрэг олон улсын академийг 2010 оны есдүгээр сард албан ёсоор байгуулжээ.
Одоогийн байдлаар нийт 53 улс тус академид олон улсын байгууллагын статус олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, тэдгээрээс 29 улс нэгдэн ороод байгаа юм байна. Авлигын эсрэг олон улсын академи авлигын эсрэг боловсрол, сургалт, судалгаа, харилцаа хамтын ажиллагааг олон улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд хөгжүүлэх үндсэн зорилготой аж. 2010 оноос эхлэн авлигын эсрэг богино хугацааны сургалт, семинарыг зохион байгуулсан бол 2011 оноос эрдмийн зэрэг олгох хөтөлбөр болон бусад үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлжээ.
Гадаад харилцааны сайд Л.Болдын тайлбарласнаар Монгол Улс энэхүү олон улсын статус олгох тухай хэлэлцээрт нэгдэж, цаашид үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоноор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, давтан сургалтад хамруулах, техникийн туслалцаа авах, мэдээлэл солилцох бололцоо нээгдэх аж.
Харин энэ хэлэлцээрт нэгдсэн орсноор дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарах эсэхийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тодруулахад ажлын хэсгийнхэн “Хууль эрх зүйн орчинг өөрчлөх шаардлага гарахгүй. Гол нь Авлигатай тэмцэх газрын мэргэжилтнүүд тус академид суралцах, мэргэжил дээшлүүлэх боломж нээгдэнэ” гэсэн юм. Тиймээс хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй хэмээн үзэж дэмжив. Мөн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр ахлуулан байгууллаа.