Бага хурлын ажиллагаанд манай улсаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Гадаад хэргийн яамны төлөөлөгчид оролцож байна. Мөн арванхоёрдугаар сарын 4-нд эхлэх Бага хурлын өндөр төвшний хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан нар оролцож уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар манай улсаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар үг хэлнэ. Түүнчлэн манай улсын төлөөлөгчид конвенц, протоколыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээний талаарх хэд хэдэн хэлэлцүүлгийг олон улсын зарим байгууллагатай хамтран зохион байгуулах аж.
Уур амьсгалын асуудлаарх бага хурал эхэллээ
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Катар улсын Доха хотноо эхэллээ. Тус бага хурлын үйл ажиллагаанд дэлхийн 190 гаруй орны 17 мянга орчим төлөөлөгч, хэвлэл мэдээлийн ажилтан, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна. Бага хурлын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын 18, Киотогийн протоколд оролцогч талуудын 8 дугаар чуулган, Конвенц, протоколын байгууллагууд болон яриа хэлэлцээний ажлын хэсгүүдийн хуралдаан болж байна. Мөн Бага хурлын төгсгөлд болох өндөр төвшний хуралдаанд 100 гаруй орны Төр засгийн тэргүүн, сайд нар оролцох бөгөөд Монгол Улсаас БОНХ-ийн сайд С.Оюун уригдаад байгаа юм. Өмнөх хуралдааны дарга Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Нкоана Машабанэ бага хурлын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ноднин Дурбан хотноо хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, улс орнууд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүдийг тохиролцож батлах нь энэ удаагийн хурлын гол зорилт болохыг онцолж, хурлын даргын албыг Катар улсын Захиргааны хяналт, ил тод байдлын газрын дарга шейх А.Х.Аль-Аттаях-д шилжүүлсэн юм. Өнгөрсөн жилийн Дурбаны бага хурлаас хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар бүх улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон Киотогийн протоколыг орлохуйц шинэ баримт бичиг боловсруулах үүрэг хүлээж байгуулагдсан яриа хэлэлцээний ажлын хэсгийн хэлэлцүүлэг мөн энэ үеэр явагдаж байна. Уг ажлын хэсэг шинэ баримт бичгийн эхийг 2015 он гэхэд боловсруулж дуусган батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Б.СҮХ