“Эрдэнэс” ажиллагаа буюу 1072 ширхэг хувьцааны үлгэр

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс” ажиллагаа буюу 1072 ширхэг хувьцааны үлгэр

2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газар олон жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хам хум батлуулахын тулд “Эрдэнэс MGL” ХК-ийг 2006 оны 11 дүгээр сард Засгийн газрын 266 тоот тогтоолыг үндэслэж 2007 оны хоёрдугаар сард Төрийн өмчийн хорооны 52 тоот тогтоолоор энэхүү компанийг байгуулж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиар АН тэргүүтэй шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 өдрийн ойг “нижгэр” тэмдэглэсэн байна. Энэ хугацаанд олон ч дарга, цэрэг “сайн дураараа” ажлаа өгч тэр тооны лааз өшиглөгчид төрийн хайр хишгийг хүртэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Энэбиш ажлаа өгсөн явдал ч зүгээр нэг тохиолдол биш гэж олон хүн хардаж байна. Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ойр дотно явдаг хүний хувьд энэхүү ирээдүйгүй местэн дээрээ удаан суухыг хүссэнгүй бололтой. Тиймээс тэр Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрийг онилжээ.

Ерөнхий захирал Ч.Ганзоригийн сонгуульт хугацаа дуусч байгаатай холбогдуулж түүний оронд суух гэсэн АН болон МАХН, МҮАН-ын олон фракцийн хооронд тулаан болсон ч сайн дураараа ажлаа өгсөн Б.Энэбиштэн захирлын суудалд тухлахыг санаархаж нэр дэвшсэн нь үнэн билээ. Сайн найзын татаасаар саалийн үнээн дээр гарч мордоно гэж мөрөөдөж байсан түүний хүсэл мөрөөдөл талаар болж, хуучин МАХН-ын гишүүн Ч.Ганзориг захирал юутай ч ойрын хоёр жилдээ суудал нь ганхахааргүй болсон нь нэгийг бодогдуулна. Шинэчлэлийн Засгийн газрынхан өөрт ногдох бялууг зөв хуваасан гэж үзвэл хоёр жилийн дараа энэхүү суудалд өнгөрсөн зөвлөлийн хурлын захиралд нэр дэвших сунгаанд оролцогчдын хэн нэгэн шинэ захирал болох нь тодорхой юм.

Энэхүү үйл лайг “Эрдэнэс” ажиллагаа буюу 1072 ширхэг хувьцааны үлгэр хэмээн нэрлэсэн нь цаанаа учиртай. Монголын байгалийн баялгийг ард олонд хүртээл багатайгаар гадныхантай хуйвалдаж, дээгүүрээ мөнгө идэх гэсэн санаатай хүмүүс Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэр нь сонсогдож, тэр ч бүү хэл телевизийн мэтгэлцээнд орж, хөгөө чирцгээлээ. “Эрдэнэс Тавантолгой” бол “Эрдэнэс MGL”-ийн охин компани билээ. Тиймээс сонгуульд өвдөг шороодсон УИХ-ын гишүүн асан Я.Батсуурьт амыг нь хаах гэсэн мэт тэрхүү хатуу суудлыг өгөв. Төрийн өмчийн “Эрдэнэс MGL” компанийн ТУЗ-ийн хурал уржигдар болж гүйцэтгэх захирал Я.Долгоржавыг ажлаас нь чөлөөлжээ. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Я.Долгоржав бол МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын даргын улс төрийн зөвлөх хүртэл карьераа хийсэн нэгэн байсан нь ийнхүү тус компанийг нэг хэсэгтээ л удирдахад нөлөөлсөн гэдэг. Ямар ч байсан Я.Долгоржав Б.Энэбиш шиг энэхүү суудлаасаа сайн дураар буусангүй.

Түүний оронд ТЭСО корпорацийн захирал О.Сайнбуянг томилжээ. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ч мөн өөрийн нутаг нэгт нөхрийг энэхүү суудалд чухам яагаад тохоон томилсныг тайлбарлах шаардлагагүй биз. Хувийн компанийн захирал хувьсгалын ажилд оролцож, төр түмнийг босгож байсан түүх хангалттай бий. Гэхдээ л “Мөрөөдөл мөхөөлдөснөөс эхэлдэг” гэсэн үг байдгийг санахад илүүдэхгүй. Түүний байгуулсан 500 хүнийг ажлын байраар хангаж буй корпорацийн талаар зарим нэг мэдээллийг хүргье. 2003 онд үйлдвэр, худалдааны чиглэлээр байгуулагдсан “ТЭСО” ХХК анх хүүхдэд зориулж “Бамбар” нэртэй зайрмагны үйлдвэр байгуулж байжээ. Дараа жил нь Сонгинохайрхан дүүрэгт өөрийн гэсэн үйлдвэрийг барьж байгуулан “Хаан чипс”-ний үйлдвэрээ байгуулсан байна. Чингээд зогсолгүй Италийн Марк зайрмагны үйлдвэрийн шугамыг суурилуулснаар “Бамбар” зайрмаг нэрээ өөрчилж “Ice Mark” нэртэй томхон үйлдвэр болж өргөжив.

2009 онд О.Сайнбуян захирал сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр Милко охин компанийг байгуулж Вит Ойл үйлдвэр нь стандарт маслыг үйлдвэрлэж гаргав. Гадаад, дотоодын худалдааны бизнесийг түлхүү эрхэлж, “Домог интернэшнл” ХХК-ийг байгуулан ажиллаж байна. Тэр ч бүү хэл, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын топ 100-д ч багтаж дөнгөн корпораци болтлоо өргөжсөн энэхүү компани чамлахааргүй ажлын үзүүлэлтээр шалгарч байжээ. Хоол хүнсний чиглэлээр дагнан ажиллаж байсан тус компанийн захирал О.Сайнбуян 2011 онд уул уурхайн бизнест хүчээ үзэхээр шийджээ. Бусдын нэгэн адил барилга байшин, үйлдвэрлэл эрхэлж явсан энэ эрхэм “Тэсо Майнинг” ХХК-ийг байгуулжээ. Гэтэл “Эрдэнэс MGL”-ийн гүйцэтгэх захирал нь стратегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглах үед төрийн оролцоог ашиглаж төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээг гардан зохион байгуулах учиртай юм.

Үүнээс гадна дөнгөж жилийн өмнө Тэсо Майнинг нэртэй уул уурхайн олборлолтын компани байгуулж, Говь-Алтайн Цээл суманд төмрийн хүдрийн олборлолтын ажиллагаа эрхэлж байсан ийм л нэгэн хүн өнөөдөр төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг “Эрдэнэс MGL”-ийг удирдахаар болжээ. Харин иргэн бүрт оногдох домогт 1072 ширхэг хувьцааны хувьд гэвэл ойрын ирээдүйд гадаадын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх боломж байхгүй байгаа нь дэлхийн эдийн засгийн хямралаас ч үүдэлтэй юм. Тиймээс энэ асуудал нэг хэсэг хууль, тогтоомж төдийхнөөр хязгаарлагдаж, хэдэн настай хөгшчүүд, хүүхдүүд, оюутнууд хүний хөгжлийн мөнгөө авснаар 2008 оны сонгуультай хэл амтай золгож байсан. Нийгмийн эмзэг бүлгийг нэн түрүүнд харж үзэх нэрийдлээр /Цаагуураа сонгуулийн санал авах зорилгоо/ олон зуун сая ам.долларын зээлийг Чалко тэргүүтэй гадаадын компаниудын эрхэнд орсноос наагуур барьцаалагдсан явдал бидний ирээдүй хэр байгааг тодхон харуулах мэт.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж