“НИК”-ийг 4.9 тэрбумаар торгожээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

“НИК”-ийг 4.9 тэрбумаар торгожээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хуурамчаар буюу хууль бусаар шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК” ХХК-ийг 4.9 тэрбум төгрөгөөр торгосон байна. Учир нь ШӨХТГ-аас шатахууны нөөц хангалттай байгаа тул зөвхөн талонтой иргэдэд үйлчлэх зэргээр хязгаарлалт хийж болохгүй гэж анхааруулсаар байтал тус компани энэ сарын 6,7-нд шатахуун борлуулахдаа хязгаарлалт хийн зөвхөн талоноор хэрэглэгчдэд үйлчилсэн аж. Энэ талаар ШӨХТГ-ийн дарга О.Магнайгаас тодрууллаа.
-“НИК”-ийг хууль зөрчсөн гэдгийг хэрхэн баталсан бэ?

-Манай байгууллагаас энэ шалгалт хийж хууль зөрчсөн гэдгийг баталсан. Газрын тосны газраас “НИК” компанийн шатахуунд хязгаарлалт хийсэн гэх өдрүүдэд буюу энэ сарын 6, 7-нд шатахууны хангалттай нөөцтэй байсан гэдгийг баталсан.

-Торгуулийг хэмжээг яаж тогтоосон бэ?

-Ийм зөрчил гаргасан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд зааснаар 16 хүртэлх тэрбум төгрөгөөр торгох учиртай. Бид харин ч харгалзан үзээд дөрвөн тэрбумаар торгосон.

-Нефть импортлогчид дур мэдэн шатахуун борлуулахаа хязгаарлах, цаашилбал гэнэт үнэ нэмэх гэх зэргээр үе үе хэрэглэгчдийг сандаргадан. Цаашид ер нь энэ асуудалд ямар зохицуулалт хийх ёстой вэ?

-Стратегийн салбарт ажиллаж байгаа байгууллагууд хариуцлагатай байх ёстой. Дураараа асуудлыг шийдэж, мэдэгдэл хийх ёсгүй. Заавал төртэй зөвшилцөх ёстой. Хэрэв хариуцлагагүй мэдэгдэл хийснээр нийгэмд, олон нийтэд гэм хор учирвал Эрүүгийн болон Захиргааны байцаан шийтгэх хуулинд зааснаар шийтгэл оногдуулах болно.

-Хуулинд хариуцлага тооцох талаар хэрхэн тусгасан байдаг юм бэ?

-Эрүүгийн болон Захиргааны байцаан шийтгэх хуулинд энэ асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан. Удахгүй УИХ-д өргөн барьж, батлах байх.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж