“Лондон-2012”-ын маскотыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ын маскотыг танилцууллаа

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын зохион байгуулах хорооноос лхагва гаригт буюу өчигдөр олимп болон паралимпийн наадмын албан ёсны маскотыг танилцууллаа. Харин энэ удаагийн олимпийн наадмын маскотоор нэг нүдтэй, метал биетэй хоёр өхөөрдөм хэрнээ өвөрмөц “биет”-ийг сонгосон байна. Энэхүү хоёр загвар нь этгээд, чамин, дугуйрсан хэлбэртэй бөгөөд Лондонгийн олимпийн цэнгэлдэхийг барьж байгуулахад ашигласан зэвэрдэггүй ган метал гадаргуутай ажээ. Зохион байгуулагчдын хэлж буйгаар тэд өмнөх олимпийн наадмын уламжлал болсон домогт амьтан, түүхэн дүр, бэлгэдлийн чанартай амьтдыг маскотоор сонгодог бичигдээгүй хууль дүрмийг эвдэхийг хүссэн гэнэ. 

Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Коен хэлснээр маскотын загварыг зохион бүтээхдээ хүүхэд, багачуудын санаа бодолд тулгуурласан бөгөөд бүх насны 40 гаруй бүлэг хүүхдүүд олимп, паралимпийн маскотыг бүтээх ажилд идэвхтэй оролцсон аж. Тэрбээр “Бид маш олон хүүхэд, багачуудтай уулзаж, ярилцсан. Харин тэдэнд ямар нэг хүн, амьтан, үслэг амьтан сонин биш, харин ямар нэг сонирхолтой, сайхан түүх үгүйлэгдэж байгааг тэд ярьж байсан” гэжээ.

“Лондон-2012”-ын хоёр маскот нь хоёул нэг нүдтэй /камерын дуран байх юм/ бөгөөд нүүрний хэсэгт өөр ямар нэг зүйл, өөрөөр хэлбэл, хамар ам байхгүй. Харин духны хэсэгт Лондон хотын алдартай хар таксин дээр байдаг гэрлийг илтгэсэн улбар шар гэрэл байрласан байна. Энэ нь зохион байгуулагч хотын өнгө төрхийг далд утгаар илэрхийлсэн цорын ганц хэсэг нь ажээ. Харин тэдний нэр их учиртай, олимп болон паралимпийн наадмын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Британийн хотын нэрийг бэлгэдэн өгсөн нь Wenlock болон Mandeville юм.

Улбар өнгийн судал бүхий мөнгөлөг өнгөтэй Wenlock-ийн нэрний утгыг задалвал, орчин цагийн олимпийг зохион байгуулах санаа төрсөн Английн Шропшаэйр мужийн Мач Уэнлок хотын нэр бөгөөд тэртээ 1890 онд ОУОХ-ны үүсгэн байгуулагч Пьер де Кубертин тус хотод зочлох үеэрээ хотын уралдаан, тэмцээнийг харж, улмаар орчин цагийн олимпийн наадмын хөдөлгөөн, үзэл санааг бий болгожээ.

Харин цэнхэр болон мөнгөлөг өнгө хосолсон Mandeville нь Английн өмнө зүгт орших Стоук Мандеуилл хотын нэр ажгуу. Харин тус хотод 1940-өөд оны үед паралимпийн хөдөлгөөн үүссэн байна.

Wenlock-ийн гарт олимпийн наадмын таван цагаригийг илэрхийлэх таван өнгийг бугуйвч байх бол Mandeville-ийн толгойны арын хэсэгт паралимпийн наадмын бэлгэдэл болсон хавирган сар мэт гурван дүрсийг тодотгож өгчээ.

Албан ёсны маскотыг Грант Хантер гэгч зохион бүтээсэн ба түүний хэлснээр Wenlock, Mandeville нар спортын аль ч төрлийг илэрхийлж чадах гэнэ. Тэрбээр маскотыг зохион бүтээх ажилд хоёр жил гаруй хугацаа зарцуулсан байна.

Зохион байгуулах хорооноос өчигдөр Лондон хотноо маскотыг танилцуулсан бөгөөд хүүхдүүдэд зориулж, Mandeville, Wenlock нарын утга санаа, түүхийг илэрхийлэх богино хэмжээний кино үзүүлжээ. Уг түүхийг хүүхдийн зохиолч Майкл Морпурго зохиосон байна.

Чихмэл, түлхүүрийн оосор, аяга зэрэг маскоттой холбоотой дурсгалт эд зүйлсийг олимпийн наадам эхлэхээс хэдэн сарын өмнө буюу 2012 оны гуравдугаар сараас эхлэн худалдаалж эхлэх талаар зохион байгуулагчид нь мэдэгджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж