Интернэт дэх зохиогчийн эрх

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Интернэт дэх зохиогчийн эрх

Улаанбаатар
зочид буудлын урд зогсдог биеэ үнэлэгчид бараг харагдахаа больсон юм
байх. Гэхдээ энэ нь биеээ үнэлэгчид багасч буй хэрэг биш. Зүгээр л зах
зээл нь өөр газарт шилжиж байгаа аж. Гадаа даарч өөрийг нь хэн тоож авах
бол гэж чичирч зогсохоос илүү дурын интернэт кафед суугаад худалдан
авагчдаа олох боломжтой болсон. Тэдний энэ шинэ орон зайд хөөх цагдаа,
дарамтлах хяналтынхны хөл гар хүрээгүй. Телевизийн чатуудаар ил цагаан
биеээ үнэлэх зар явж буйд хуулийнхан арга хэмжээ авсны эцэст тэр орон
зай үгүй болсон. Харин шахагдсан тэд буйраа сэлгэсэн нь зар
сурталчилгааны болоод, сэтгэгдэл бичих хэсэг нь нүүр хуудсандаа
байрладаг сайтууд болжээ. Интернэт нь нэг талаар боломжийг өгөхийн
зэрэгцээ хууль бус үйлдлийн үүр болох боломжтой нь ч энэ аж.

Өнгөрсөн
онд Арабын орнуудад гарсан бослого хөдөлгөөнүүд ч интернэтийн орчинд
анх өрнөсөн. Өөрөөр хэлбэл, “интернэт бол 21-р зууны олон нийтийн индэр,
дэлхий даяар хуран цугладаг хотын төв талбай” болсон бөгөөд угтаа энэ
талбайд ч тодорхой хууль дүрэм үйлчилдэг. Ийм нэгэн эрх чөлөөтэй мэт
орчинд хамгийн ихээр зөрчигдөж буй эрхүүдийн талаар судалгаа хийхэд
оюуны өмчийн эсрэг, тэр дундаа зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл нэгдүгээрт
оржээ. Өөрийг чинь хүсээгүй байхад “бүтээлийг чинь хүчээр биеийг нь
үнэлүүлж байгаа явдал” цахим орон зайн номер нэг асуудал болжээ гэсэн
үг.

Анх интернэт Монголд орж ирж байх үед интернэтийн орчинд
хууль эрх зүйн ямар зохицуулалт үйлчлэхийг ойлгох нь бүү хэл интернэтийн
талаар ч ойлголт байсангүй. Энэ талаар Д.Энхбат өөрийн тэмдэглэлдээ
нэгэн дурсамжаа бичжээ. Тэрээр “Биднийг интернэтийн үйлчилгээгээ дөнгөж
эхэлж байх үед Монголын нэгэн том сонинд “Италийн мафи Монголд орж
ирлээ” гэсэн гарчигтай өгүүлэл гарлаа. Сонинд Италийн мафи болон
Коза-Ностра хэмээх аймшигтай байгууллагын тухай, ардчилсан, нээлттэй
Монгол Улсад энэ мафи орж ирснээр ямар аймшиг нийгэмд авчирч болох тухай
бичсэн байлаа. Тэгээд өгүүллийнхээ гарчгийг томоо гэгчийн наймаалж
ороосон байдлаар зурсан байсан нь сонины нүүрийг бүр сүртэй болгосон
байв. Уг өгүүлэлд Д.Энхбат гэдэг нэг нөхөр бол Италийн мафийн нууц
төлөөлөгч, түүний ард Коза-Нострагийнхан байгаа бөгөөд Датаком гэх
компаниа байгуулан Монголд энэ аюулыг сэм авчирч байна, тиймд бүгд
болгоомжлох хэрэгтэй тухай бичсэн байлаа. Тэр үед телевизээр “Наймаалж”
хэмээх олон ангит цуврал кино гарч хүмүүс комиссар Катани ба Италийн
мафийн тухай бүгдээрээ л мэддэг, ярьдаг болчихсон байсан цаг. Энэ кино
нь ирж буй капиталист нийгмийн тухай бидний ойлголтыг бүрдүүлсэн
мэдээлийн анхны томоохон эх сурвалжийн нэг байсан юм. Тэр бол Монголын
хамгийн том сонины нэг байсан учир өгүүллийг олж уншсан зарим хүмүүс над
руу утасдаж, юу болоод байгаа, сониныхон яагаад ингэж бичээд байгаа
тухай асууж байлаа. Намайг сайн таньдаг нэг нь гайхан асууж, таньдаггүй
нь их л болгоомжилж байгаа нь харагдаж байв. Би ч их гайхаж, сонины
газар руу утасдлаа. Тэгээд уг өгүүллийг бичсэн сэтгүүлчийг хөөцөлдөн
байж олоод учрыг нь байцаан лавлахад ингэж бичсэн нь үнэхээр инээдтэй
учир шалтгаантай болохыг олж мэдсэн юм. Сэтгүүлч маань Датаком
компанийхан байрны дээвэр дээрээ сансрын холбооны том антен суулгаад
байгааг олж харжээ. Тэгээд юун антен болох, ямар зориулалттайг тэр
хавийн хүмүүсээс болон манай зарим нэг ажилтнаас лавлан асуужээ. Манай
ажилтан залуу түүнд Интернэт гэх дэлхийн хамгийн том сүлжээ байдаг
тухай, вэб буюу WWW гэж юу болох, англи хэл дээр энэ үг нь “дэлхийг
хэрсэн тор”, бас аалзны тор гэсэн утгатай тухай ч ярьжээ. Харамсалтай
нь, сэтгүүлч маань “Наймаалж” киног хэт их үзээд түүнд бүр орчихсон явж
байсан учир бүх зүйлийг өөрийнхөөрөө хүлээн авсан байна. Тэгээд намайг
утасдаж чухам яагаад ингэж бичсэн тухай асуухад Интернэт гэж дэлхийг
хэрсэн маш том аалзны тор мэт зүйл байдаг юм байна, тэр нь лав мафи байж
таараа гэж ойлгосноо нуулгүй хэлсэн юм. Тэр сэтгүүлчийн талаар би
гомдол гаргаагүй. Гаргах ч арга байсангүй. Харин түүнд Интернэтийн тухай
хэлж өгч билээ. Энэ бол үнэхээр л дөнгөж нээлттэй болж байсан Монголын
маань дүр зураг. Бид бүгдээрээ л тэр цаг үеийг туулж өнгөрөөсөн” хэмээн
дурсчээ.

Үнэхээр интернэтийн үйлчилгээг оруулж ирснийхээ төлөө
шүүхэд дуудагдан байцаагдаж байсан энэ үеэс хойш 17 жил өнгөрчээ.
Интернэтийн хөгжил ч нэлээд урагшилж. Харин энэ хурдыг хууль эрх зүйн
зохицуулалтын хурд гүйцэж байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Бид
бусдын халааснаас хулгай хийж буй нэгнийг жигшин зэвүүцдэг атлаа хэн
нэгний оюуны өмчийг хулгайлж, үнэгүйдүүлж байгааг огтхон ч анзаардаггүй.
Монголд ч гэмт хэрэг үйлдэгддэг шалтгааныг харах, хянах өнцөг нь гудамж
талбайгаас цааш хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Интернэтэд зохиогчийн
эрхийг хамгаалах талаар хуулийн орчин боломжийн төвшинд байгаа ч
хэрэгжих тал дээр хангалтгүй хэвээр.

Жишээ нь, цахим мэдээллийн
сайтууд гарч ирэхтэй зэрэгцэн нэгэн хууль бус үйлдэл гаарсан нь оюуны
хулгай байв. Гуч дөчин сэтгүүлч цалинжуулаад ажиллаж буй сайтуудын
хажууд ганц хоёрхон ажилчинтай сайтууд ч адил оршсоор байна. Гол нь энд
ажиллаж буй нөхөд сэтгүүлч биш, зүгээр л “copy paste” команд хийх
үүрэгтэй амьд робот. Ямар ч хөдөлмөр, зардал гаргахгүйгээр бусдын бодол
оюун, хүч хөлсөө гарган байж олсон бичлэгийг ганцхан хормын дотор
хулгайлж өөрийн сайтан дээрээ байршуулчихдаг. Үүнийг нь хуулиар хулгай
гээд заачихсан. Мэдээж өнөө сайт бусдаас авсан мэдээлэл дээрээ
тулгуурлан байж өөр нэгнээс реклам сурталчилгааны хөлс авахаа мартахгүй.
Гэтэл сүүлдээ мэдээ хуулахаас даваад тухайн сайтын загвар дизайн, бүтэц
зохион байгуулалт гээд бүхэлд нь хуулбарлагчид ч бий болчихож. Гэтэл
хуулинд загвар дизайныг ч мөн оюуны өмчөөр хамгаалах зохицуулалт байдаг
аж.

Эрхээ зөрчүүлэгч нь өөрөө л хойноос нь хөөцөлдөхгүй бол
оюуны өмчийн байгууллага ч хууль хяналтынхан араас нь явахгүй нь
тодорхой. Гэхдээ хамгийн чухал зүйлийг мартаж болохгүй шүү, хулгайч нар
аа. Та өнөөдөр баригдаагүй байж болно. Маргааш ч баригдахгүй байж болно.
Таны оюуны өмч, зохиогчийн эрхэнд халдсан үйлдэлд чинь өнөөдөр гомдол
гаргаагүй байж болох ч хэдэн сар, жилийн дараа шүүхэд гомдол гарахад л
та хэрэгт унах боломжтой. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрхээ зөрчүүлсэн
талаараа гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй аж.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж