Германд гал гарч 14 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Германд гал гарч 14 хүн амь үрэгджээ

Германы Титизее-Нойштадт хотын Хар Ой дүүргийн Каритас байгууллагын гурван давхар барилгад гал гарсны улмаас 14 хүн амь үрэгдэж, найман хүн түлэгдэж, шархатжээ. Титизее-Нойштадт хотын цагдаагийн газрын мэдээлснээр энэхүү аймшигт гал хий алдагдсанаас болж гарсан байна. Цагдаа нар амь үрэгдсэн хүмүүсийн хэн болохыг тогтоож, ар гэрийнхэнд нь мэдээлжээ. Энэхүү осол гарах үед 50 орчим хүн Зул сарын баярын худалдаанд зориулан чимэглэл хийж байсан байна. Гал барилгын нэг өрөөнөөс эхлэн дүрэлзсэн бөгөөд барилгыг бүхэлд нь хамрахаас өмнө гал сөнөөгчид галыг унтрааж чаджээ. Галыг унтраахын тулд 100 гаруй гал сөнөөгч ажиллаж, барилгын дээвэр дээрээс нисдэг тэргээр гал унтраах хөөс, ус асгасан байна.
Титизее-Нойштадт хотын дарга галын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн Германы Канцлер Ангела Меркель “Twitter”-тээ Титизее-Нойштадт хотод аймшигт гал гарч, олон хүн амь үрэгдсэнд маш их цочирдсон тухайгаа бичиж, эмгэнэл илэрхийлсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж