Японыг өрөө багасгахыг ОУВС шаардлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Японыг өрөө багасгахыг ОУВС шаардлаа

Засгийн газруудын зарцуулалтыг дэлхий даяараа илүү хянаж, анхаарч үздэг болоод байгаа тул санхүүгийн зөв зохицуулалтыг цаг алдалгүй хийх хэрэгтэй байна гэж ОУВС-ын захирал Жон Липски /John Lipsky/ Японд айлчилсныхаа дараа мэдэгдлээ. Түүнчлэн асар их өрөө ирэх жилээс багасгаж эхлэхийг ОУВС Японоос шаардсан бөгөөд өрөө багасгахын тулд Японы засгийн газрыг өргөн хэрэглээний татвараа бууруулахыг зөвлөсөн байна. Японы засгийн газрын өр одоо ДНБ-нийхээ 230 хувьтай тэнцэж байгаа бөгөөд өндөр хөгжилтэй орнууд дундаас хамгийн их засгийн газрын өртэй улс гэж тооцогдож байна. Олон улсын санхүүгийн хямрал болсны дараа Японы засгийн газрын өр улам бүр нэмэгдэж, овоорч байгаад эдийн засагчид улам бүр санаа зовж байна.

Японы эдийн засаг сэргэж эхэлж байгаа тул өрөө багасгах арга хэмжээ авч эхлэх боломжтой гэж ОУВС үзсэн бололтой. Татварын арга хэмжээ авахынхаа хажуугаар Япон өргөн хэрэглээг урамшуулах арга хэмжээг нэгэн зэрэг авах хэрэгтэй. Олон улсын санхүүгийн системийн хямралаас зайлсхийхийн тулд Япон бусад хөгжингүй орнуудын засгийн газрын нэгэн адилаар өөрийн санхүүгийн системдээ маш их мөнгө шахаж оруулах замаар санхүүгийн хямралыг давсан. Энэ бодлого нь зах зээлийг тогтворжуулж, эргэж өсөхөд сайнаар нөлөөлсөн гэж ОУВС үзэж байгаа юм.

Ийнхүү өнгөрсөн хоёр жилд эдийн засгийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэн хямралыг харьцангүй гайгүй давсан хэдий ч Японы засгийн газар татвараа нэмэх бодлого явуулж чадахгүй байгаа бөгөөд Японы эдийн засаг сүүлийн 20 жил тогтонги байдалд орж, төдийлөн дорвитой тэлээгүй. Японы эдийн засаг энэ жил хоёр хувиар өснө гэж ОУВС тооцоолж байна. Асуудлын өөр нэг гогцоо нь Японы хэрэглэгчид хэрэглээгээ багасгасантай холбоотой. Японы төв банк үнийн хэвийн бус уналт буюу дифляцтай тэмцэхийг өөрийн гол зорилго болгосон бөгөөд энэ оны сүүлээр Японд инфляц дахин гарч эхлэх болно гэж ОУВС үзэж байна. Ингэснээр Японы засгийн газар хэрэглээний татвараар дамжуулан орлогоо нэмэгдүүлэх бололцоотой болно гэсэн арга замыг ОУВС Японд зөвлөж байна. Эдийн засгийн хувьд хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа шинэ бодлогоо Японы засгийн газар ирэх сард зарлах гэж байгаа талаар “BBC” агентлаг мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж