Энэ удаад хубис гэж чухам ямар хөгжмийн зэмсэг болох түүний үүх түүхийг хүргэе. Манай тооллоос өмнөх 1-р зууны эхээр монгол түрэг үндэстэнүүд эртний ятга болон ятгалигаас санаа авч, хубисыг бүтээсэн байна. Хубисыг мөн ховис, ховч, хөвч хэмээн нэрлэдэг байжээ. Чавхдаст товшвор хөгжмийн зэмсэгт багтдаг хубис нь уртaaшаа хоёр тохой, долоон ямх хэмжээтэй. Хубисыг хөгжимдөх арга нь бусад төрлийн товшуур хөгжмийг хөгжимдөхтэй адилхан аж. Уянгат модоор бие буюу эшийг нь хийж, алимны модоор царыг нь урлан нүүрийг могойн арьсаар хагас бүрдэг байжээ.
Хубис нь угтаа Монгол хэлний авиа сэлгэх хуулийн дагуу хувьссан монгол хэлний хуур хэмээх үг бөгөөд хууртай сурвалж нэг, монгол түрэг аймгуудаас улмаар Төв Ази дахинд дэлгэрчээ. Хубис гэсэн хөгжмийн зэмсгийн нэр нь 13-р зуунаас 14-р зууны хятадын түүхэн бичиг болох “Юань улсын түүх, ёслолын хөгжмийн тухай тэмдэглэл” гэсэн номонд төрийн хөгжмийн зэмсэг болгож, өргөн их найр наадам дээр хөгжимдөж байв хэмээн бичиж үлдээсэн байжээ. Юань улс мөхсөний дараа хубис хөгжмийг Монгол үндэстэн хэрэглэхээ больсон байна. Хубисын аялгуу тов тодорхой, уянгалаг сайхан учраас гоцлол хөгжим, найрал хөгжим хөгжимдөх буюу дуу бүжгэнд хавсарган хөгжимдөхөд маш зохицсон байдаг аж. Тэгвэл энэ удаад уг мартагдсан хубис хөгжмийг "Bro’s records"-ын бүтээл "Ертөнц" цомогт сэргээн хөгжимдөж байна. Эдүгээ хубис хөгжмийг монгол ардын хөгжмийн зэмсэг гэдгийг мэдэх хүн ч ховорджээ. Иймээс хубис хөгжмийг сэргээн хөгжимдсөн хэмээн уран бүтээлчид нь ярьсан юм. Харин та тэрхүү хөгжмийг хэрхэн эгшиглэхийг дэргэдээс нть мэдрэхийг хүсвэл ирэх баасан гаригт “Blue Sky Tower”-ын “Sky Lounge”-ыг зориорой.