Хятадын Коммунист намын албан ёсны “People"s Daily” сонин дээр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг “The Onion” сайтын 2012 оны хамгийн секси залуу гэсэн гарчиг бүхий 55 хуудас зураг хэвлэгджээ. Энэхүү “The Onion” сайт нь хүмүүсийг элэглэн, дооглосон мэдээ гаргадгаараа алдартай Америк сайт юм байна. Хятадын “People"s Daily” сонинд нийтлэгдсэн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дээрх зургуудад түүний морь унаж, хүүхдүүдтэй гар барин мэндчилж, инээмсэглэн ард иргэдтэйгээ мэндчилж байгаа гээд янз бүрийн папарацци зургууд багтжээ. Тус сонин эдгээр зургуудыг тайлбарлахдаа Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Уныг гэнэн хонгор дүр бүхий дугуй царайтай, хүчтэй, эрүүл чийрэг биетэй царайлаг, эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болсон өхөөрдөм залуу гэж бичсэн байна. Мөн түүний хувцаслалт, үсний засалтын талаар ч дурьдаж, хамгийн өхөөрдөм инээмсэглэлтэй гэж бичжээ. Энэ талаар Америкийн “The Onion” сайтын эрхлэгч Уилл Трейси “Манай нийтлэл Хятадын сонин дээр гарсанд бид гайхашрахгүй байна. Иймэрхүү зүйл урьд нь болж л байсан.” гэж мэдэгдсэн байна. “The Onion” сайтад “Ким Чен Ун 2012 оны хамгийн секси залуу” гэсэн гарчиг бүхий нийтлэл энэ сарын эхээр нийтлэгдсэн бол “People"s Daily” сонин үүнийг нь өчигдрийн дугаартаа дахин хэвлэгджээ. Үүнээс өмнө тус сайт Сирийн Ерөнхийлөгч агсан Башар аль-Ассадыг өмнөх оны хамгийн секси залуугаар тодруулж байсан байна.
Б.АНХТУЯА