УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж аваа зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, н.Лхагва, Т.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 08.00 цагт болох байсан ч яллагдагч нарын өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу ирэх сарын 4 хүртэл хойшлууллаа. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж байна. Шүүх хурлын шүүгчээр О.Жанчивнямбуу оролцсон юм. Увс аймгийн тариалан сумын бургастай багийн малчидын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч болох Т.Гансүх Н.Жамсран, н.Лхагва нар Б.Хишигбаатар өмгөөлөгчөөс гадна О.Батжаргал гэж өмгөөлөгчийг өчигдөр гэрээ хийж авсан учраас хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж чадаагүй гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Тэдний хүсэлтийг шүүгч хүлээж авсан бөгөөд дахин ямар нэгэн шалтгаанаар хойшлуулахгүй гэсэн баталгаа болгож гарын үсгийг нь зуруулж авсан байна. Өмнө нь хэрэгт холбогдсон этгээдүүд нэг өмгөөлөгчтэй байсан нь сонирхлын зөрчил үүссэн учраас н.Лхагва нь тусдаа өмгөөлөгч авсан аж. Түүнчлэн хувийн нууцтай холбоотой асуудал шүүх хурлын үеэр гарах учраас дараагийн шүүх хурлыг хаалттай явуулах саналыг тэрээр гаргасан ч шүүх хэрэгссэнгүй.
Дашрамд дурдахад, Увс аймгийн оюутнуудад мөнгө тараасан гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны рефрент байсан Ш.Чинбатын нарын мөнгө тараасан хэрэг мөн хоёр дахь удаагаа хойшлоод байгаа юм.
Л.ТӨГС