Генерал Ч.Амарболд нарыг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Генерал Ч.Амарболд нарыг өнөөдөр шүүнэ

Тэднийг ялаа эдэлж байгаад ар гэрийнхэн нь эмзэглэж байгаа билээ

Долоодугаар сарын 01-ний гэх тодотголтой үймээний хэрэгт буруутгагдсан ЦЕГ-ын дэд дарга асан хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт нарын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд болно.  Тэдэнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял сонсгосон билээ. Оноосон ялыг биеэр эдэлж байгаа генерал, хурандаа нарын эцсийн найдвар нь Дээд шүүх болоод байгаа. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар ч энэ удаагийн шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана гэдэгт итгэлтэй байгаа аж.

Генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг нар ажиллаж байгаа юм. Ингээд энэ хэргийн талаар болон шүүх хурлын талаар холбогдох хүмүүсээс нь тодруулж асуув.

Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпилтэй утсаар холбогдоход “Цагдаагийн хоёр дарга хориход ялаа эдэлж, нэг нь эмнэлэгт хэвтэж байгаа. Шүүх хурлын тов гарвал Дээд шүүхээс бидэнд мэдэгдэх ёстой. Тэгээд ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй. Бидний өмнөөс худлаа мэдээлэл зохиож яриад байдаг юм” гэж хэлээд утсаа таслав.

Ш.Батсүх хурандаагийн эхнэр Алтанцэцэгтэй утсаар холбогдоход “Өмгөөлөгч Оюунцэцэг нь бидэнтэй уулзахгүй байгаа. Шүүх хурлын тов хэзээ гарахыг ч мэдэхгүй. Бидэнд ямар ч мэдээлэл алга” гэв.

Ш.Нарангэрэл: Эмнэлэгт хэвтүүлье гэхээр өөрөө хэвтэхгүй гээд байна

Генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэлтэй утсаар холбогдож дараахь мэдээллийг авлаа.

-Хурандаа нарыг шүүх Дээд шүүхийн хурлын тов гарсан эсэхийг та мэдсэн үү?

-Мэдээгүй байна. Сураг чимээ сонсогдохгүй, өмгөөлөгчид нь ч биднийг тоож уулзах биш. Амарболд дээр хааяа очиж уулздаг гэсэн.

-Хориход ялаа эдэлж байгаа юу, эсвэл эмнэлэгтэ хэвтэж байна уу?

-Хорих 441 дүгээр анги буюу хуучин Ганц худагт ялаа эдлээд бараг сар болж байна. Ш.Батсүхийн хувьд ч адилхан Амгалан дахь хориход ял эдэлж байгаа. Харин О.Зоригт нь зүрх муу гэсэн оноштойгоор Улсын нэгдсэн III эмнэлэгт хэвтэж байгаа байх. 

-Та хамгийн сүүлд хэзээ уулзав?

-Өчигдөр уулзсан. Цай, хоолыг нь зөөж байгаа. Умгар жижиг өрөөнд ганцаараа байгаа. Удахгүй өрөөг нь сольж, чөлөөтэй сэлүүхэн өрөөнд оруулах юм гэсэн. Бид ч тийм өрөөнд оруулахыг хүсч, хөөцөлдсөн юм.

-Биеийн байдал нь хэр байгаа вэ?

-Жорлонгоос ч дор умгар жижиг өрөөнд ямар олигтой байх вэ дээ. Биеийн байдал нь ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байлгүй. Сахарын өвчин нь хүндрээд, одоо хөл нь яршаад аймаар болсон шүү дээ.  Уг нь ийм өвчтэй хүн байнга хөдөлгөөнтэй байх шаардлагатай гэж эмч хэлсэн ч гараад алхах ямар ч эрх, орчин байхгүй өрөөндөө нам сууж байна.  Эмнэлэгт хэвтүүлье гэхээр өөрөө хэвтэхгүй “Гүрийж байгаад Дээд шүүхийн хурал өнгөрөөе. Удахгүй шүүх хурал болох гэж байхад би эмнэлэгт хэвтэж яах юм бэ?” гээд байгаа. Тэгээд ч хэвтүүлэх нь бөөн ажил болох юм билээ. Эхлээд Зайсангийн дамжин өнгөрүүлэхээр дамжин хэвтэж байгаад Хорихын эмнэлэгт хэвтүүлдэг гэсэн.
 
-Генерал тантай уулзахаараа юу ярих юм бэ?

-Дээд шүүхийн шийдвэрт найдаж байна. “Одоо арай ч яллахгүй байх. Хилс хэргээр хүнд ял оноож болохгүй гэдгийг мэдэж байгаа байлгүй. Санаа зоволтгүй. Миний хэзээ хийсэн үйлийн үр юм бол оо” гээд байгаа.  Их тэвчээртэй хүн юм аа. Төрийн төлөө бүхий л муу муухай юманд зүтгэж, хоёр намын золиос болж, эрүүл мэндээрээ хохирч үлдэж байгаад харамсч байна.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж