-Прокурорын байгууллагууд олны анхаарал татсан томоохон хэргүүдийг хэрэгсэхгүй болгох нь ихэсч байна гэгдэх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Мөрдөн байцаалтын явцад хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй байримтаар тогтоогдсон атал прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгодог гэвэл өрөөсгөл ойлголт. Тодорхой нэр заасан хэрэгт асуудал байсан эсэхийг харин ярьж болох юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокурор, шүүгч бүгд л өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Эдгээр хүмүүст өөр хэнтэй ч хуваалцах аргагүй дотоод итгэл гэж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтыг прокурор судлахдаа хэрэг мөн байна гэвэл шүүхэд шилжүүлнэ. Хэрэв нотлох баримт хангалтгүй байна гэвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэгсэхгүй болгох нь прокурорын эрх юм. Энэ бол үнэлэмжийн асуудал. Гагцхүү прокурор хэргийг хянах явцдаа хууль бус үйлдэл гаргасан бол дараа дараагийн шатны прокуроруудаар хянадаг.
-Хэргийг хууль бусаар, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзвэл хаана хандах вэ?
-Дүүргийн прокурорын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл эхлээд дүүргийн хяналтын прокурорт хандана. Дараа нь нийслэлийн прокурорт өргөдлөө гаргана. Үүний дараа Дээд шатны прокурорт гурван удаа гомдол гаргах эрхтэй байдаг юм. Ер нь прокурорын гаргасан шийдвэрт сэтгэл ханамжгүй байгаа тохиолдолд таван удаа гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байдаг. Аливаа хэргийг шийдвэрлэхэд хохирогч, нэхэмжлэгч талуудын аль нэг нь заавал сэтгэл дундуур үлддэг л дээ.
-Нийслэлийн прокурорын газар нийт хэдэн прокурортой вэ? Прокурорууд хир ачаалалтай ажилладаг вэ?
-Нийслэлийн прокурорын газар бол онцлог нэгж. Учир нь Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар зэрэг байгууллагын мөрдөн байцаасан хэргийг манайх дангаараа хянадаг. Эдгээр байгууллагууд нь онц, хүнд, ноцтой, цаг хугацаа их шаарддаг, хавтаст хэрэг олонтой хэргүүдийг мөрдөн байцаадаг. Нийслэлийн прокурорын байгууллагад хэрэг хянадаг нийт 13 прокурор л ажиллаж байна. 13-хан прокурор дөрвөн том байгууллагын мөрдөж байгаа хэргийг хянана гэхэд хүндрэлтэй л дээ.
-Улсын дээд шүүхийн шүүгч жилд дунджаар 120 хэрэг шийдвэрлэдэг гэсэн. Гэтэл бусад орнуудад нэг шүүгч нь жилдээ арав хүрэхгүй тооны хэргийг чанартай, баттай шийдвэрлэдэг гэсэн. Танай байгуулагын прокурорууд жилд хэдэн хэрэг хянадаг вэ?
-Энэ бол яахын аргагүй анхаарах асуудал. Бид хэрэг хянаад зогсохгүй, хянасан бүх хэргийнхээ шүүх хуралд оролцдог. Нэг прокурор жилд хорин хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн бол төдий хэмжээний хуралд сууна гэсэн үг. 100 хавтаст хэрэг бүхий материалтай хэрэг ч цөөнгүй байдаг.
-Хохирогч хүн сэтгэл санааны хохирлоо төлүүлэх хууль батлах тухай сураг дуулдах болсон. Энэ үнэн үү?
-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын хууль батлагдсан. Энэхүү хуулинд зааснаар хүн худалдаалах гэмт хэрэгт хохирогч болсон этгээд учирсан эдийн бус хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй болсон байгаа. Одоо манай улсад эдийн бус хохирлоо төлүүлэх ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Одоо энэхүү эрхийг нь тодорхой хууль тогтоомжоор олгож байгаа юм. Энэ эрхийг нээж өгснөөр тухайн хүнд учирсан алдар нэр, сэтгэл санааны хохирлыг шүүхээр гаргуулах эрхзүйн орчин бүрдэх гэж байна. Энэ мэтээр цаашид иргэдийн эдийн болоод эдийн бус хохирлыг бүрэн сэргээх нөхцөл тун удахгүй бүрдэнэ гэж бодож байна.
Мөн хохирогч гэрчийн эрхийг хамгаалах тухай хууль яаравчлан гаргах хэрэгтэй байна. Тодорхой томоохон хэргүүдэд хохирогч болон гэрчийг худалдаж авах, ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх зэргээр хэргийн бодит байдлыг өөрчилдөг, хэрэг нь хөнгөрдөг, зүйлчлэл нь багасдаг, улмаар хэрэгсэхгүй болох зэрэг хууль бус явдал байсаар байгаа юм. Иймээс хохирогч болон гэрчийг хамгаалах нь юун түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудал мөн. Ялангуяа томоохон хэргүүдийн хувьд.
-Гадаадын иргэд манай улсад гэмт хэрэгтэй холбогдох нь цөөнгүй байгаа. Энэ тохиолдолд хэргийг шалгах, шийдэхэд ямар нэгэн хүндрэл гардаг уу?
-Манай улсад олон улсаас ажил эрхлэх, суралцах, амьдрах зорилгоор ирсэн иргэд гэмт хэргийн золиос болох нь бий. Гадаадын иргэн манай улсад хохирогч, золиос болсон эсвэл гэмт хэрэгт холбогдсон эсэхээс үл хамааран манай улсын хуулийн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Харин тодорхой хэргүүд мөрдөн байцаалтад явагдаж байгаа.
-АНУ-ын иргэнийг буудсан гэх Ч.Баттуулыг хэргийг ямар учраас хоёр жил шахам шалгаж байгаа вэ?
-Ч.Баттуул нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явагдаж байгаа. Саяхан прокурор хянаад нэмж тодруулах зүйл байна гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан. Хохирогчийн хувийн байдал бусад чухал асуудлыг тогтооход АНУ-аас хүсэлт илгээх, хариу ирүүлэх зэргээс шалтгаалж хэргийн мөрдөн байцаалт удааширсан байх талтай. Гэхдээ удахгүй энэ хэрэг шүүхэд шилжих байх.
– АНУ-ын холбогдох байгууллагуудаас Ч.Баттуулын хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдсон гэж үнэн үү?
-Гадны байгууллагаас мөрдөн байцаах ажиллагаа ялангуяа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ямар ч эрхгүй. Монгол Улсын хууль хяналтын байгууллагыг хүндэтгээд бидний үйл ажиллагаанд санал хүсэлтээ ирүүлж болно. Харин дарамт шахалт үзүүлэх ямар ч бололцоогүй.
-Ч.Баттуулыг сэтгэцийн өвчтэй нь тогтоогдсон гэж эх сурвалжууд хэлж байгаа. Энэ үнэн үү?
-Цаазаар авах ялтай онц хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтнүүдийг сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийлгэж шалгуулдаг. Ч.Баттуулыг ч мөн шалгасан. Сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах боломжтой гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсан.
-УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн үү?
-УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байсан ч шинээр хохирогчид гомдол гаргасан учир хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан. УИХ-ын гишүүн Д.Дондог нь 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг авчээ. Энэ мөнгөө тэрээр тухайн жил болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн туслах Г.Сайнбаяр өдгөө Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Энэ хэрэгт мөн А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүн холбогдон шалгагдаж байгаа.
-Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийг сэжигтнээр татна гэж танайхаас мэдээлж байсан. Сэжигтнээр татан шалгаж байгаа юу?
-Цэвэр агаар төслийн хүрээнд нийслэлийн ядуу өрхөд утаагүй зуух олгох явцад Баянзүрх дүүргийн хороодод иргэдийн иргэний үнэмлэхийг ашиглан худал баримт үйлдэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэг УМБГ-т шалгагдаж байгаа. Хоёр ч хорооны Засаг дарга, хоёр компанийн захирал, “Хас” банкны холбогдох хүмүүсийг шалгаж байгаа нь үнэн. Харин Б.Батзоригийн тухайд сэжигтнээр татагдсан эсэхийг тодорхой мэдэхгүй байна. УИХ-ын нөхөн сонгууль болсонтой холбогдуулан сэжигтнээр татах асуудал хараахан шийдэгдээгүй байгаа гэж бодож байна.
-Өвчтөний түүх хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийн хэрэг юу болсон бэ?
-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийн хэргийг Улсын мөрдөн байцаах газарт мөрдөж байгаа. Энэ хэргийг сар гаруйн өмнө прокурор хянаад тодруулах зүйл байгаа тул мөрдөн байцаалтад буцаасан. Нэлээд олон өвчний түүх судлах, олон хүнийг гэрчээр байлцуулах, хохирогчдийг бүрэн тогтоох ёстой гээд ажиллагаа шаардсан хэрэг. УМБГ болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс хамтарсан ажлын хэсэг гаргаад шалгасан. УМБГ-т мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа. Удахгүй шүүхэд шилжүүлнэ.
-Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн хэргийг шүүхэд шилжүүлэх болсон уу?
-Г.Нямдаваагийн хэргийг АТГ-т шалгаж байгаа. “Баруун Монгол интернэшнл” гэдэг компанид 350 сая төгрөг олгосон гэх хэргээр шалгагдаж байгаа.
-Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт сэжигтнээр татагдсан Г.Бадамрагчаагийн хэргийг танайд хянаж байгаа гэсэн. Шүүхэд хэзээ шилжүүлэх вэ?
-Дахин нягталж, нэмж тодруулах зүйл байсан тул Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаалтад буцаагаад байгаа.